НИТХ дахь ХҮН-ын бүлэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр НИТХ дахь ХҮН намын бүлгийн дарга Д.Гантулга "Нийслэл 500 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргана. Үүнээсээ 177.5 тэрбум төгрөгөөр БНХАУ-аас хагас коксжих нүүрсийг асаагуурын хамт худалдан авч, 150 тэрбум төгрөгөөр Сэлбэ сэргэлт төслийн нэгдүгээр ээлжийн бүтээн байгуулалтыг хийх төсвийг оруулж ирсэн байна. Үер ус, агаарын бохирдол, түгжрэлийн асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэт цаас гаргах нь зүйтэй гэж үзсэн. Үнэт цаасыг өмнө гаргаж байсан. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны долоодугаар сарын 23-ний өдрийн хуралдааны тэмдэглэлд нийслэлийн үнэт цаас гаргах тухай тогтоол гаргасан. Нийслэл 500 хүртэл тэрбум төгрөгөөр үнэт цаас гаргаад өр тавь гэжээ. Үнэт цаас гэдэг чинь сайхан нэртэй боловч өр зээл шүү дээ. Энэ зээлийнхээ 500 тэрбум төгрөгөөс шахмал коксжих нүүрс худалдан аваад өвлийн ид утаатай үе болох 1 болон 2 дугаар саруудад айл өрхүүдэд тараа гэжээ. Өөрөөр хэлбэл бид бүхэн энэ өвөл БНХАУ-аас нүүрс авч, иргэдэд асаагууртай нь тарааснаараа 177,5 тэрбум төгрөгийг шатаах гэж байна.
Зорилго нь агаарын бохирдлыг бууруулах гэж байна. Энэ бол шийдэл биш. Энэ бол сонгуулийн өмнө иргэдийн бухимдлыг бууруулах арга хэмжээ болох гэж байна. Энэ худалдан авалтын төсвийг батлах боломжгүй. Өөрсдөө ирж мэдээллээ өг. Эрчим хүчний яамнаас ирж мэдээлэл хийсэн боловч маш дутмаг байсан. Хэрэв үүнийг дэмжиж баталвал НИТХ өөрөө хууль зөрчсөн үйлдэл болно" гэв.