Өчигдрийн байдлаар үерт өртөж орон гэргүй болсон 16 айл бүртгүүлсэн. Тэгвэл энэ тоо өнөөдөр 22 болж нэмэгджээ. НОК-ын зүгээс тусламж, дэмжлэгийг шаардлагатай хүнд нь хүргэхэд анхаарна гэдгээ мэдэгдлээ.
УБЗАА-ны харьяа байгууллагуудын 802 алба хаагч 135 тээврийн хэрэгсэл, техникээр 954 тонн лаг шавар зөөж, цэвэрлээд байна. Мөн даланг хүчитгэхээр 64 рэйс машинаар 1,252 шоо метр дайргыг ачиж зөөсөн байна. Түүнчлэн үерийн эрсдэлтэй байршилд буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлж ажиллажээ.
Дашрамд сануулахад, Нийслэлийн хэмжээнд үерийн эрсдэлтэй бүсэд буусан 3,000 орчим айл байгаа гэсэн судалгаа гарсан. Эдгээрээс 500 айл зөвшөөрөлгүй буусан байна. Тус айлуудыг нүүлгэн шилжүүлэх 1,000 га орчим газрыг НИТХ-аас өнгөрсөн долоодугаар сард баталсан. Тухайн байршлууд руу нүүх мэдэгдлүүдийг дахин хүргүүлж эхэллээ. НОК-ын хурлаар шийдвэр гаргаж, нүүлгэн шилжүүлэлт хийгээд, чөлөөлсөн газрыг мэдээллийн санд бүртгэн, хамгаалалтын бүсэд оруулж, дахин газар олгохгүй гэдгийг НЗДТГ-аас мэдээлж буй юм.