Тэртээ 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй Монголын шашин соёлын наадмыг сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын өвөрмөц бүтээгдэхүүн болгон хөгжүүлж ирсэн. Тэгвэл "Даншиг наадам-Хүрээ цам 2023" шашин, соёлын наадам Хүй долоон худагт өнөөдөр эхэллээ.
Цар тахлын улмаас сүүлийн жилүүдэд завсарлаад байсан "Даншиг наадам-Хүрээ цам 2022"-ыг өнгөрсөн жил НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулж байсан бол энэ жил мөн зохион байгуулж байна. Даншиг наадам нь Монголын соёл, шашны зан үйл, уламжлалт хэв шинжийг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам бөгөөд аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлж олон улсын жуулчдыг татах өндөр ач холбогдолтой хэмээн НЗДТГ-аас дэмжин хамтран ажилласаар ирсэн юм.