Тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн цэргийн ууган байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсэн байгуулагдсан цаг хугацаа, түүхэн замналтай уялдуулан Монгол Улсын Засгийн газрын 2022 оны зургаадугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдрийг жил бүрийн долоодугаар сарын 22-ны өдөр” тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн.
Монгол Улсад Ардын хувьсгал ялсны дараа Ардын Намын төв хороо, түр Засгийн газрын 1921 оны долоодугаар сарын 10-ны өдрийн хамтарсан хурлаар Засгийн газрын яамдыг шинээр байгуулахад Шүүх яамны харьяаны ерөнхий хэлтсийн бүтцэд “Гяндан хороо”-г байгуулснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үндэс суурь тавигдсан түүхтэй. Үүсэл хөгжлийн эхний жилүүдэд хувьсгалт Засгийн хууль, журмыг зөрчсөн гэм буруутай этгээдэд оноосон хорих ялыг эдлүүлдэг байсан бол улс орны хөгжлийн явц, Үндсэн хуулийн үзэл баримтлал, эрх зүйн шинэтгэлийн хүрээнд зохион байгуулалт, үйл ажиллагааны хүрээ өөрчлөгдөж, ял эдлүүлэх, шүүхийн бусад төрлийн шийдвэрийн биелэлтийг хангах ажиллагааг мэргэжлийн түвшинд хөгжүүлэхийн зэрэгцээ эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрээ оруулдаг төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага болтлоо өргөжин бэхжжээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын хичээл зүтгэл, эх орныхоо хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одон болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан юм.