Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдал, тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл : Дэлхийн 216 улсад коронавирусний халдвар бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар 12 сая 141 мянган хүн өвчилж, 550 мянган хүн нас барсан байна. Одоогоор 5 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байна. Сүүлийн 24 цагт 200 мянган хүн шинээр өвчилж 5 мянга гаруй хүн нас барсан.
Мөн сүүлийн 24 цагт АНУ-д 50 мянган тохиолдол, Бразилд 44 мянган тохиолдол, Энэтхэгт 25 мянган тохиолдол шинээр бүртгэгдэж өвчлөл өндөр эхний гурван улс болж байна.
Харин ОХУ-д сүүлийн 24 цагт 6562 хүн шинээр халдвар авч 173 эндсэн байна. Монгол Улстай хил залгаа Буриадад 44 тохиолдол, Читид 39 тохиолдол тус тус шинээр бүртгэгдсэн байна.
Өчигдөр БНСУ-аас тусгай үүргийн онгоцоор 261 иргэн ирсэн. Эдгээр иргэдээс гурван хүнийг цэргийн төв эмнэлэгт, бусад хүмүүсийг буудлуудад байршуулсан.
Манай улсын хувьд өчигдөр 288 хүн ажиглалтаас гарч гэрийн тусгаарлалт руу шилжиж, 289 хүн шинээр ажиглалтанд орсон. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 2996 иргэн ажиглалт, тусгаарлалтанд байна.Үүнээс 1-5 насны 191 хүүхэд, жирэмсэн 102, архаг хууч өвчтэй 366 хүн байна.
Цэргийн төв эмнэлэгт 91 хүн эмчлэгдэж байна. 6 хүний биеийн байдал хүнд эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Эдгээр хүмүүст 14 их эмч, 42 асрагч, сувилагч нар эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.
24 цагийн 119 дугаарын утсанд 128 дуудлага ирсэн байна. Эдгээр дуудлага эмнэлзүйн шинж тэмдэг зөвлөмж мэдээлэл авсан.