Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨНДӨХ СЭДЭВ: Аялал зугаалгын үед хараа хяналтаа сулруулж, хайртай үрсээ гол усанд осолдох эрсдэл рүү бүү түлхээрэй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 24 секунд

Хэдэн өдөр дараалан нэвширтэл бороо орох нь гэж санааширхаас илүүтэй наадмын өдрүүд хаяанд ирсэнд хэн хүнгүй догдолцгооно. Амралтын олон өдөр таарч байгааг ч хэлэх үү. Манайхан ч аяны майхан, тор дүүрэн хүнс, хөөрхөн бяцхан үрсээ аваад аялал, зугаалганд гарч эхлэх нь ээ. Магадгүй өмнө аялаж яваа хэдийн маань "виз" ч дуусаж, баяр наадмаа үзэхээр их хотын зүг хүлгийн жолоогоо залж байж болох. Гэхдээ аялал зугаалгынхаа хамгийн гол бэлтгэл болох хариуцлагатай байдлаа мартаагүй биз дээ. Харамсалтай хэдий ч хариуцлагагүй байдлаа хаана ч юм гээж орхиод аялж зугаална гэх нэрийн дор архидан согтуурч, хайртай үрсдээ тавих хараа хяналтаа сулруулснаас тэднийгээ гол усанд унаж осолдох нөхцөл байдал руу "түлхсэн" олон жишээ бий. Нэг л жишээ. 2018 онд голын эрэг дээр хөзөр тоглож байхад нь хүүхэд нь мөлхөж байгаад усанд эндсэн тохиолдол гарч байв. Тэрхэн зуурт хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулаагүй бол ийм харамсам дүр зураг бий болохгүй байх байсан болов уу.

Цагдаагийн байгууллагад энэ оны эхний зургаан сарын байдлаар улсын хэмжээнд усны ослоор 12 хүүхэд амь насаа алдсан гэх харамсалтай тоон мэдээлэл байна. Энэ мэт урин дулааны улиралд усны ослоор амиа алдаж буй хүүхдүүдийн тоо эрс нэмэгддэг. Тэр тусмаа баяр наадмын өдрүүдэд аялал зугаалга нэмэгддэгтэй холбоотойгоор усны ослын дуудлага нэмэгддэг тул албаныхан ч бэлэн байдалд ажилладаг билээ. Ингэхдээ УЦУОШГ-аас өгч буй мэдээллээр ойрын өдрүүдэд хоттой ойр гол усны түвшин үргэлжилсэн борооны улмаас 10-20 см-ээр нэмэгдэх төлөвтэй байгааг сануулсан байна. Энэ нөхцөлд эрсдэл улам л нэмэгдэнэ гэдгийг анхаарах нь зөв.

Гол усанд осолдох эрсдэл аялал зугаалгад гарч буй хэн бүхний хажууханд бий гэдгийг цаг ямагт санах нь зөв. Ялангуяа ууж идэж наргих дуртай, утас шагайж хяналтаа алддаг нөхдүүдэд бүр ч хамааралтай. Хайртай бяцхан үрс, ойр дотны хэн бүхэнд таны хараа хяналт хамгийн чухал. Тэдний төлөө аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцож, баталгаатай зам гүүрээр гарч, амарч тухлахдаа анхаарал хяналтаа бүү сулруулаарай.

Тэгвэл хөдөө орон нутагт зорчих, гол мөрний эрэг дагуу, ой модонд гэр бүл, найз нөхдөөрөө амарч зугаалж байгаа болон зугаалахаар төлөвлөж байгаа та бүгдэд дараах сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэж байна.

-Гол мөрөн, тогтоол усны эрэг дагуу газар бага насны болон насанд хүрээгүй хүнийг харгалзахгүй хүнгүй орхихгүй байх.

-Гол усны түвшин нэмэгдсэн үед зориулалтын гарц гарам, тэмдэглэгээтэй газраар зорчих

-Ууланд алхах, ойд зугаалахдаа зэрлэг ан амьтан, замын бартаа саад болон өндрөөс унах аюулаас урьдчилан сэргийлж, насанд хүрээгүй хүнийг байнгын хараа хяналтад авч явах

-Гэрийн нөхцөлд хүүхдэд аюулгүй орчныг бүрдүүлж, цонх, тагтанд зориулалтын, сайн чанарын хамгаалалтын тор, хаалт хийж, бага насны хүүхэд өндөрлөг хэсэг рүү дамжихгүй байх нөхцөлийг бүрдүүлэх

-Орон сууц, гэр хороололд хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдалд СӨХ болон холбогдох байгууллагууд анхаарал хандуулах, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх

-Хүүхдэд учирч болох эрсдэлт нөхцөл байдлын талаар энгийн ойлгомжтой үгээр тайлбарлан, аюулгүй байдлыг хангахад хүн бүр анхаарал хандуулж хянаж байхыг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

ХӨНДӨХ СЭДЭВ: Айрагдаж түрүүлэх зорилгоосоо урьтаад аюулгүй байдлыг нэгдүгээрт эрэмбэлье
ХӨНДӨХ СЭДЭВ: Айрагдаж түрүүлэх зорилгоосоо урьтаад аюулгүй байдлыг нэгдүгээрт эрэмбэлье
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.