Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шүүгч “Далан барьсан тул онцгой хамгаалалтын бүсэд барилга барихад асуудалгүй“ гэж дүгнэж, маргах ёстой заалтаараа маргаагүй тул ШИЙДВЭРЭЭ “Авлигал хороолол“-ын талд гаргажээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
7 минут 15 секунд

Үргэлжилсэн борооны улмаас үерийн нөхцөл байдал хүндэрч иргэд эд хөрөнгөөрөө хохирсоор байна. Ялангуяа голын ай сав газарт оршин суугаа айлууд маш их хохирол амсаж буй юм. Гэхдээ үерийн нөхцөл байдал гэхээсээ илүүтэй төлөвлөлтгүй, хууль бус газар олголтын гор илүүтэй гарч байна гэж дүгнэхэд болохоор байна.

Тэгвэл өнгөрсөн өдрүүдэд олон нийтийг анхаарлын төвд орсон “Авлигал хороолол” гэх тодотголыг авсан “Акуа гарден” хорооллын талаар зарим энэ удаагийн нийтлэлээрээ зарим зүйлийг өгүүлье. Энд эс үйлдэх, хуулийг хэт нэг талд барьж хэрэглэсэн гэх зэрэг олон хачирхалтай үйлдэл шүүхийн зүгээс гарсан болох нь анзаарагдана.

Нэг. Шүүгч шинжээчийн дүгнэлтгүйгээр “Далан барьсан тул асуудалгүй” гэж Авлигал хорооллын талд шийджээ

Дунд голын ай сав газар сүндэрлэсэн “Авлигал хорооллын” хувьд Захиргааны хэргийн шүүх дээр 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргаж нийслэлийг ялсан байдаг. Тус гомдлыг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Оюунбатын Оюунгэрэл даргалж уг маргааны “Акуа гарден”-ы талд шийдсэн юм. Тэрбээр, 2004 оноос хойш Өмнөговь аймгийн шүүгчээр ажиллаж байгаа бөгөөд 2013 оноос хойш Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж буй нэгэн юм.

Шүүгчийн гаргасан шийдвэрийн тодорхойлолт хэсэгт нэгэн сонирхолтой үндэслэл байгаа нь та бүхний анхаарлыг татна. Тодруулбал, “Бодит байдлыг үзвэл маргаан бүхий газрын урд хэсгээр Дунд гол урсдаг, тус газар нь усны хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд зайн хэмжээний тухайд хамаарч байгаа боловч НИТХ-ын 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолоор Сэлбэ гол, Дунд голын 2.8 км үерийн далангийн засвар шинэчлэлийн ажилд зориулан төсөв баталж, улмаар үерийн далан байгуулагдсан байна. Далан байгуулагдсанаар газар ашиглалтын улмаас усны эх, ундарга, нөөц хомсдох, бохирдохоос хамгаалагдсан мөн үер усны гамшгаас хүн ам сэргийлэгдсэн байна” гэж үзжээ.

Өөрөөр хэлбэл, НИТХ мөнгө гаргаад далан барьчихсан учраас усны эх ундарга бохирдохгүй, нөөц хомсдохгүй гэдэг дүгнэлтийг үндэслэж маргааныг “Авлигал хороолол”-ын талд шийдсэн байгаа юм. Гэвч шүүгч уг сонирхолтой дүгнэлтийг гаргахдаа ямар нэгэн шинжээчийн гаргасан үндэслэлийг дурдаагүй байгаа бөгөөд далан барьсан тул асуудалгүй гэжээ. Үер усны гамшгаас хамгаалахын тулд бараг л бүх голын ойролцоо далан барьдаг. Хэрвээ уг дүгнэлтээр бол гол ойр орчимд газар авахад далантай л бол асуудалгүй болж хувирах нь байна. Усны тухай хуульдаа уг нь “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүсийг тогтооно” гэж заасан байдаг. Гэвч энгийн хамгаалалтын байтугай эрүүл ахуйн бүсийг зөрчиж Дунд голынд дунд барьсан “Авлигал хороолол”-ыг шүүгч О.Оюунгэрэл далантай гэдэг өөрийнхөө гаргасан үндэслэлээр барилга үргэлжлүүлэх барих боломжийг олгожээ.

Хоёр. Төрийн байгууллагууд маргааны үндэслэлээ дутуу гаргажээ

Шүүгчийн зүгээс асуудалтай байж болохуйц шийдвэр гаргаснаас гадна нийслэл, төрийн байгууллагууд маргааны үндэслэлээ дутуу гаргасан байдал анзаарагдаж байна. Тодруулбал, 2008 онд авсан зөвшөөрлөө 2013 онд өөрчилж барилга болгосон асуудал дээр маргаагүй. Мөн тус барилга нь Онцгой хамгаалалтын бүсэд баригдахгүй байх ёстой гэдэг дээр маргаан үүсгээгүй байна. Уг нь Байгал орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон Барилга хот байгуулалтын сайдын хамтарч баталсан 2015 оны журмаар “Улс ардын аж ахуйд онц ач холбогдолтой мега төслийн байгууламж барих, үерийн хамгаалалт, тохируулгын далан боомт, үерийн ус хуримтлуулах нөөцлүүр зэрэг усны барилга байгууламж болон зам, гүүр, усан зогсоол, ус цахилгаан, дулаан дамжуулах шугам сүлжээ зэрэг дэд бүтцийн байгууламж бүхий газарт онцгой хамгаалалтын бүс тогтоохгүй” гэж заасан байдаг.

Өөрөөр хэлбэл, уг заалтын дагуу голын ай сав газрын онцгой хамгаалалтын дээр заасан онцгой бүтээн байгуулалтууд л явна. Түүнээс биш хороолол, хотхон барих ямар ч боломжгүй юм. Гэтэл уг заалтаар маргаагүй бөгөөд эс үйлдэл гаргажээ. Шүүгч энэ тухай “...Энэ заалт нь маргаан бүхий газарт үйлчлэхээр байсан байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно” гэж дурджээ.

Ингээд “Авлигал хороолол” буюу “Эм энд Жи констракшн” ХХК-ийн талд шүүхийн шийдвэр гарсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, шүүгчийн өөрийнх нь гаргасан далан барьсан тул асуудалгүй гэдэг дүгнэлт, яг маргах ёстой асуудлуудынхаа хүрээнд дутуу маргасан хоёр асуудал аж ахуйн нэгжид давуу байдал олгож, шүүх дээр ялахад хүргэсэн гэж хэлж болохоор байна.

Гурав. Газар өгөхөөс эхлээд барилга барих хүртэл бүх зөвшөөрлийг олгосон хотын дарга нар, албан тушаалтнуудыг АТГ-аас шалгаж эхэлжээ

Нэгэн асуудал өнгөрсөн тул одоо эрх зүйн хувьд ямар нэгэн шийдэл олж дахин тус компанитай асуудлаа эхлүүлэх гарц шийдэл хэрэгтэй. Шүүхийн сахилгын хороонд гомдол гаргахаас эхлээд асуудлыг ярих нь зөв. Харин Ерөнхий сайдын өчигдөр өгсөн үүрэг чиглэлийн дагуу өнөөдрөөс эхлээд “Авлигал хороолол” гэгдэх хорооллын газрын зөвшөөрлийг олгосон бүх албан тушаалтнуудыг АТГ-аас шалгах ажлыг эхлүүлж байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ. Газрын зөвшөөрөл анх 2008 онд олгосноос эхлээд 2013 онд зөвшөөрлийг нь өөрчилсөн, газар олгох зөвшөөрөл олгосон, барилга барих бүх зөвшөөрлийг олгосон албан тушаалтнууд үүнд хамаарах юм байна. Өнөөдрөөс тухайн үеийн Улаанбаатар хотын засаг дарга нар болон шат шатны албан тушаалтнууд АТГ-аас шалгаж эхэлжээ.

УБЦТС: 5 дүүргийн 18690 хэрэглэгчийг цахилгаан хүчдэлээс тасалсан. Ус татарч, аюулгүй байдал хангагдсан байршлуудыг хүчдэлд залгахаар ажиллаж байна
УБЦТС: 5 дүүргийн 18690 хэрэглэгчийг цахилгаан хүчдэлээс тасалсан. Ус татарч, аюулгүй байдал хангагдсан байршлуудыг хүчдэлд залгахаар ажиллаж байна
 
ХЭҮК хоригдол нас барсан 413 дугаар ангид шалгалт хийжээ
ХЭҮК хоригдол нас барсан 413 дугаар ангид шалгалт хийжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.