Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтаас Монголчуудын авах “ОНОО“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 45 секунд

НҮБ-ын дарга Антонио Гутерреш өнгөрсөн жил манай улсад айлчлахдаа "Монгол Улсыг энх тайвны бэлэг тэмдэг" хэмээн онцлоод дөрөв хоног саатсан явдал нь Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогыг тууштай явуулж ирснийг олон улсад сайшаан дэмжиж байдгийн тод илрэл хэмээн харж болохоор байв. Харин бид үүнээс хойш жил хүрэхгүй хугацаанд БНХАУ, ОХУ болон гуравдагч хөрш гэгддэг улс орнуудын түүхэн айлчлалуудыг хийж чадлаа. Түүнчлэн өнгөрөгч долоо хоногт Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулагдсан Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт нь дипломат болон консулын харилцаа хөгжүүлэх, бүс нутгийн болон дэлхийн чанартай тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн үйл хэрэгт хувь нэмэр оруулахыг чармайна гэх гадаад бодлогын үзэл баримтлалаа баталж, нэг алхам урагшилсан үйл явдал болов.

Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтад дэлхийн улс төр, гадаад харилцаатай холбоотой асуудалд "жинтэй" байр суурь илэрхийлдэг улс орнуудын гадаад харилцааны дуу хоолой болсон бүсгүйчүүд цугласан юм. НҮБ-ын гишүүн 193 орны 40 орчим нь эмэгтэй Гадаад хэргийн сайдтай аж. Харин тус уулзалтад Гадаад харилцааны 38 сайдыг урьсан байна.

Биечлэн ирж оролцож чадаагүй ч олон олон орны Гадаад хэргийн сайд нар цахимаар илгээлт ирүүлсний дунд Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Чой Сон Хи ч мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд тэрбээр олон улсын энх тайван, хөгжлийн төлөө хичээн зүтгэж буй эмэгтэй удирдагч нартай сэтгэл зүрхээрээ хамт байгаагаа илэрхийлж буйгаа дурдсан нь олон хүний сэтгэлийг хөдөлгөв.

Түүний хэлсэнчлэн их гүрнүүдийн зөрчил нэмэгдэж, зэвсэгт мөргөлдөөн гарсан ээдрээтэй цаг үед эмэгтэй лидерүүдийн энх тайванд уриалсан эл уулзалт хүн төрөлхтний амар амгалан байдалд оруулж буй хувь нэмэр хийгээд манай улсын маш том "сурталчилгаа" болж өгнө гэдгийг олж харсан нь авууштай. Б.Батцэцэг сайд энэ тал дээрээ "онц" үнэлгээ авах эрхтэй. Нөгөө талдаа цагаа олсон энэ уулзалтаар нэг сайд биш Монголчуудын авах оноо нэмэгдэж буй хэрэг билээ.

Олон улсын хэмжээний энэ төрлийн уулзалтыг зохион байгуулна гэдэг чамгүй хариуцлага шаардахаар зүйл. Хамгийн наад зах нь оролцогчдын сэтгэл ханамж маш том үнэлгээг тухайн улсад үлдээнэ. Бид тэдний үнэлгээг нь шууд тааж мэдэх боломжгүй ч эмэгтэй сайд нарын зүгээс уулзалт эхлэхээс ч өмнө олон санал санаачилга гаргаж, тэр хэрээр уулзалтын уур амьсгал ч халуун дулаан байгаа нь ажиглагдсан юм.

Ийнхүү гадаад харилцааг өргөтгөн хөгжүүлж, түүний үр өгөөжийг улам нэмэгдүүлэх шаардлага тулгарч буй энэ цаг үед хэр "нуруутай" эмэгтэй вэ гэдгээ Б.Батцэцэг сайд тус уулзалтыг зохион байгуулж, ард нь гарч чадсанаараа батлан харуулчихав бололтой.

Хөвсгөл нуурын гүнд 55 жил болсон тракторыг татан гаргалаа
Хөвсгөл нуурын гүнд 55 жил болсон тракторыг татан гаргалаа
 
ОБЕГ: Автомашины хөдөлгүүрт хөлөө даруулсан 50 настай эрэгтэйг эмнэлэгт хүргэсэн
ОБЕГ: Автомашины хөдөлгүүрт хөлөө даруулсан 50 настай эрэгтэйг эмнэлэгт хүргэсэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.