Говь-Алтай аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, аймгаас гарах хөдөлгөөнийг 6 хоног хязгаарласан билээ. Тэгвэл сэжигтэй тохиолдлын хариу гарч, аймгийн Онцгой комисс хуралдаж хөл хориог зөвхөн аймгийн төвд тогтоохоор болжээ. Энэ талаар аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Г.Лхагважаргал "Сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн иргэний тухайд 72 цаг дээрээ булчирхай хэлбэрийн тарваган тахал өвчлөл илэрсэн гэдэг нь батлагдлаа. Аймгийн Засаг дарга үндсэн голомт болох Бугат сум, аймгийн төвд хамаарсан захирамжийг гаргасан байсан. Булчирхай хэлбэрийн тахал, хүндрэлгүй гэх дүгнэлт гарсан учраас зөвхөн аймгийн төвд хөл хориог тогтоох саналыг аймгийн ЭМГ-аас оруулсан. Аймгийн Онцгой комисс хэлэлцээд энэхүү саналыг дэмжсэн. Булчирхайн тахал нь ахуйн хавьтлын замаар халддаг. Хүндрэл үүсээгүй байгаа тохиолдолд зургаан хоног дотроо амьсгалын замаас халдвар бага байдаг" гэлээ.