УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Боловсролын Ерөнхий хуулийн төслийн АНГЛИ ХЭЛ үндсэн гадаад хэл байх тухай заалтын талаар хэлэлцсэн юм. Улмаар Англи хэлийг хуульчлах шаардлагагүй, сургалтын хөтөлбөрөөр явуулах нь зүйтэй гэсэн шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлгээс гаргасан байдаг.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Англи хэлтэй холбоотой асуудал ҮАБЗ-тэй огт хамааралгүй. Гишүүд өөрсдийнхөө тайлбарыг өгч байгаа. Бүх улс орон боловсролынхоо хуулинд үндэсний хэлээ л голлож явдаг болохоос энэ манай улсын хоёр дахь хэлж байна гэж зааж өгдөггүй. Олон улсын жишиг, стандарт ийм байдаг. Тэгэхээр сургалтын хөтөлбөртөө гуравдугаар ангиас нь англи хэлийг орж, бусад хэлийг сонголтоор орно гэж заах ёстой. Бид эхний ээлжинд боловсон хүчнээ сайн бэлдэх ёстой" хэмээлээ.
Харин МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Хуулинд заавал нэг хэлийг онцолж дурдаж хэрэггүй. Хөтөлбөртөө тусгах нь зөв байх гэсэн ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан" гэлээ.