Үндэсний бөхийн журамтай холбоотой салбар комиссын мэдээллийг хүргэж байна. Энэ үеэр ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзориг "Идэвхээр барилдааныг үнэлэх дүрэм бий. Бөхчүүд жин нэмж барилдаан гаргахгүйгээр барьцанд хүрэхийг хүлээж суухгүй, итгэл зүтгэлтэй барилддаг болсон өөрчлөлт гарсан. Гэвч цөөн тооны бөхчүүдийн лоббигоор энэ дүрмийг өөрчлөх ёстой гэдэг санал тавьсан. Бид МҮБХ-ноос дүрмийн зөвлөлийн шийдвэрээ аваад ир гэсэн боловч байгаагүй. Тус зөвлөлд 8 хүн байдаг гэж сонссон. Бөхчүүдээрээ хэлэлцүүлсэн юм уу гэх асуултад хариулж чадаагүй. Тиймээс энэ дүрмийн өөрчлөлтийг энэ жилдээ авч чадахгүй гэдэг зүйлийг ярьсан. Салбар хороо 15 хүний бүрэлдэхүүнтэй хуралдсан. Нэр бүхий, цөөн тооны бөхчүүдэд зориулж дүрмийг жил бүр өөрчлөөд байж болохгүй. Шүүмжилж болно. Дагаж мөрдөх ёстой. Гэтэл улсын дээгүүр цолтой бөхчүүд өөрсдөдөө тааруулж дүрмийг өөрчлөх гэж Дүрмийн зөвлөлд нь өөрсдөө орж хуралдсан байгаа юм. Ашиг сонирхлын зөрчил гэсэн үг шүү дээ. Ийм ёс зүй байж болох уу. Тиймээс энэ удаа дүрмийг огцом өөрчилж болохгүй гэдэг зүйлийг хэлсэн. Өнгөрсөн жилийн дүрмээрээ явна. Нэг л өөрчлөлт оруулахаар Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Өнгөрсөн жил үндсэн барилдаан 30 минут, 10 минутын идэвхийг харж байсан бол энэ жил үндсэн барилдаан 40 минут, 40 минутын барилдааны идэвхийг харья гэж байгаа юм" гэлээ.
“Улсын дээгүүр цолтой бөхчүүд өөрсдөдөө тааруулж дүрмийг өөрчлөх гэж оролдож байна. Ийм ёс зүй байж болох уу“
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.