
Энэ жил Үндэсний их баяр наадамд барилдаж, амжилт гаргасан бөхчүүдээс допингийн шинжилгээ авсан. Үндэсний их баяр наадмын Допингийн шинжилгээний хариу өнгөрсөн жилээс эхлэн 48-72 цагийн дараа ирдэг болсон. Энэ жилийн хариу ирэх хугацаа болсон ч ирэхгүй удаж байна гэх мэдээлэл цацагдаж, шүүмжлэл дагуулж эхэлсэн. Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу эхнээсээ ирсэн байна.
Наадмын өмнө Үндэсний Бөхийн салбар хорооны дарга Н.Мягмар мэдээлэл өгөхдөө, "Энэ жил үндэсний бөхийн барилдаанд хуулиараа 512 бөх барилдана. Шөвгөрсөн 32 бөх, сурын 16 тамирчин допингийн шинжилгээнд хамрагдана. Өмнө жил хамтарч ажилласан Германы допингийн эсрэг лобараторид авна. Допингийн шинжилгээний хариуг богино хугацаанд гаргах тал дээр хариуцан ажиллаж байна" хэмээн мэдэгдэж байсан юм.