Монгол Улсаас ОХУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ө.Энхтүвшинтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-Юун түрүүнд хүсэлт хүлээн авч ярилцаж буй танд баярлалаа. Орос-Украины дайны нөхцөл байдал жил дамжин үргэлжилж байна. Удаан хугацааны туршид үргэлжилж буй хүндрэлтэй нөхцөл байдал Оросын ард түмэнд төдийгүй, нийгэм, эдийн засгийн байдалд хэрхэн бодит нөлөөллийг учруулж байгаа талаар та мэдээлэл өгнө үү?
- Өнгөрсөн 2022 оны хоёрдугаар сарын 24-нөөс эхэлсэн үйл явдал л даа. Оросууд үүнийг цэргийн тусгай ажиллагаа гэж нэрлээд байгаа юм. Гадна талдаа барууны орнууд харин энэ бол дайн гэж хэлж байна. Энэ хооронд нэлээд том ялгаа байдаг юм шиг. Одоогийн байдлаар энэ ажиллагаа бүтэн нэг жил 4 сар гаруй хугацаанд үргэлжилж байна.
Москва хотын орчимд амьдарч байгаа болон ойролцоох газруудад амьдарч байгаа хүмүүст дайны хор уршиг айхтар мэдрэгдэж байгаа зүйл байхгүй. Харин Украинтай тун ойр хиллэдэг зарим хотуудын хувьд байдал хүнд байгаа. Тодруулбал, Белгород гэдэг жижиг хот бий. Хилийн зурвасаас 40 орчим км зайтай. Тэнд Украины талаас байнга дээгүүр нь дрон нисгэж харваж байна. Тус хотод Монгол Улсын 4 оюутан суралцаж байна. Тэдэнтэйгээ би очиж уулзсан. Сургуулийн захиргаанаас нь онлайнаар хичээллэж болно. Үгүй бол нутаг руугаа буцаж болно гэсэн саналыг оюутнуудад тавьсан юм билээ.
Монгол оюутнуудын хувьд байр сууриа илэрхийлэхдээ “бид ковидын үед 2.5 жил онлайн хичээл үзсэн. Одоо цэргийн тусгай ажиллагаанаас болж дахиж онлайнаар хичээллэвэл юу ч сурсан зүйлгүй эх орон руугаа буцах болох учраас танхимаар хичээллэх хүсэлтээ гаргасан” гэж байна лээ. Аргагүй л юм билээ. Анагаахын чиглэлээр суралцаж байгаа оюутнуудад л гэхэд практик хичээл маш чухал. Энэ утгаараа манай оюутнууд өөрсдийнхөө хүсэлтээр хэвийн суралцаж байна.
-ОХУ-ын талаас цэргийн тусгай ажиллагаагаа зогсоох талаар ер нь яригдсан зүйл бий юу. Тухайлбал, Европын холбооны 30 гаруй улс эдийн засаг болоод бусад хоригт оруулаад байгаа шүү дээ?
- Саяхан Санкт-Петербург хотод болсон эдийн засгийн форум дээр Ерөнхийлөгч В.Путин нөхцөл байдал ямар байгаа вэ гэдгээ маш тодорхой хэлж байна лээ. Ингэхдээ тэрбээр “бид хамгийн хүнд үеэ ардаа үлдээлээ” гэж хэлсэн. Орос орны түүхэнд байгаагүй чухал зүйлүүдийг тэмдэглэсэн. Нэгдүгээрт ажилгүйдэл хамгийн бага түвшинд байгааг дурдсан. Инфляц хамгийн бага түвшинд байгааг цохон тэмдэглэсэн. Мөн экспорт сүүлийн 10 жилд хүрээгүй дээд түвшинд хүрч 600 тэрбум ам.долларт хүрснийг онцолсон.
Тиймээс өнөөдрийн хүндрэл бэрхшээл нөгөө талаасаа Орос оронд маш том боломжийг дагуулж байна. Цэргийн тусгай ажиллагаа явагдсанаас хойш дотоодын нөөцөө сайн дайчилдаг боллоо. Оросын ард түмэн хийж чадах бүх зүйлээ өөрсдөө хийдэг боллоо. Иймд бидэнд одоо айх зүйл үгүй гэж хэлсэн нь маш сонин үйл явдал гэж хэлмээр байна.
-Та сая хэллээ. ОХУ-ын эдийн засаг цэргийн ажиллагааны хүнд үед эсрэгээрээ өсөлттэй гарч, инфляц хамгийн бага түвшинд хүрсэн талаар дурдлаа. Гэтэл манай улс төдийгүй бусад ажиглагч орнууд эсрэгээрээ их хохирол амсаж байгаа байх гэж харж ойлгож байгаа. Эдийн засаг, нийгмийн тогтвортой байдлыг хангаж ажиллахдаа дотоодын үйлдвэрлэгчдээ хэрхэн дэмжиж байна вэ?
- Ерөнхийлөгч В.Путины нэг онцолж хэлсэн зүйл нь дотоодын үйлдвэрлэгчид, ААН-үүдтэй төр нягт хамтран ажиллана. Тэгж ажилласны үр дүн ч өнөөдөр харагдаж байна. Цаашдаа ч ийм арга замаар зөвхөн урагш алхана хэлсэн. Энэ нь ч үнэхээр харагдаж байгаа. Тэр баялаг бүтээгчдийг ямар нэгэн байдлаар шахдаг, дарамталдаг, шалгадаг тэр тогтолцоог цаашдаа байхгүй болгоно гэдгээ тодотгосон байдаг. Ерөнхийлөгч В.Путин хэлсэн үгсийн гол санаа нь цэргийн тусгай ажиллагаагаар тавьсан зорилттоо заавал хүрнэ. Хүнд үеэ давсан л гэж хэлж буй юм.
-Импортын зарим төрлийн бараа бүтээгдэхүүн Оросын зах зээлээс гарчихсан байна. Тухайлбал, Zara, Coca Cola, McDonald’s гэх мэт брэнд бүтээгдэхүүнүүд байхаа больсон ч дотооддоо заримыг нь үйлдвэрлэж худалдаанд гаргасан харагдаж байна. Жишээ нь Кока Колаг “Добрый кола” гэдэг нэрээр, McDonald’s-ыг мөн өөр нэрээр гаргаж байна. Дэлхийн брэнд ZARA-гийн хувьд энэ том зах зээлийг алдахгүйн тулд нэрээ өөрчилж “MOOR” болгож эргэн худалдаанд гаргаж байгаа зэрэг олон зүйлс ажиглагдлаа. Үүнээс гадна орлуулах боломжгүй бараа бүтээгдэхүүний хомсдол хэр бий вэ?
- Бараа таваарын хомсдол бидэнд одоогоор мэдрэгдэж байгаа зүйл байхгүй байна. Гэхдээ импортын бараанаас АНУ, өрнөдийн орнууд, БНСУ, Япон улсаас орж ирдэг байсан бараа бүтээгдэхүүн байхгүй болсон учраас тэр хэрээр хомсдол мэдээж үүссэн. Зарим нь өндөр үнэтэй байна. Гэхдээ дамнуулан оруулж ирж байгаа бараа бүтээгдэхүүнүүд бий. Ялангуяа Москва хотод амьдарч байгаа бидний хувьд хомсдол айхтар мэдрэгдсэн зүйл байхгүй гэж хэлж болно.
-Нийгмийн хамгаалал, халамж, тэтгэмжийн бодлогыг хэрхэн баримталж ажиллаж байна вэ?
-Цалин тэтгэвэр, тэтгэмжийг хэд хэдэн удаа нэмээд байна. Одоо долоодугаар сарын нэгнээс дахин нэмэхээр болсон. Мөн ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс нэмэхээр төлөвлөж байгаа. Стратеги төлөвлөгөөндөө 2030 он гэхэд 2 дахин нэмэгдүүлнэ гэж тусгасан байгаа.
-УИХ-ын дарга Г.Занданшатарын ОХУ-д хийж буй айлчлал цаг хугацааны хувьд ямар байдлаар давхцаж таарч байна гэж та харж байна вэ?
-УИХ-ын даргын айлчлал цаг үеэ олсон гэж дүгнэх байна. Уг нь ноднин жил ирэх байсан. Ирж амжаагүй хойшлуулсан байсан. Энэ жил яг энэ цаг үед ирж байна. Үүний дараа наймдугаар сар гэхэд сая байгуулагдсан парламент хоорондын хамтын ажиллагааны комиссынхоо анхдугаар хуралдааныг хийхээр болж байна. Мөн наймдугаар сарын сүүлчээр Засгийн газар хоорондын комиссын 25 дугаар хуралдаан Монголд болно. Эдгээр хуралдаануудын өмнө дээд түвшний айлчлал болж байгаа нь онцлог юм. Энэ утгаар харвал цаг үеэ олсон айлчлал гэж үзэх нь зүйтэй.
-Айлчлалын хүрээнд худалдааны чөлөөт бүсийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр ОХУ-ын тал дэмжихээ илэрхийллээ. Худалдааны чөлөөт бүсийг дагаад эдийн засгийн эргэлт эрчимтэй сайжирна гэж үзэж буй. Манай улсаас ОХУ руу гарах экспортын хэмжээ ч нэмэгдэх давуу талтай гэж харж байна?
-Мэдээж худалдааны харилцаа сайжрах юм. Монгол, Оросын худалдааны тэнцэл харьцангуй явж ирсэн л дээ. ОХУ-аас Монгол руу хийж буй экспорт 97 хувь буюу 2 тэрбум орчим ам.долларын орлого олдог. Монголоос ОХУ руу хийж буй экспорт гуравхан хувь буюу 100 сая ам.доллар байдаг. Худалдааны үлэмж тэнцвэргүй байдал бий болсноос алдагдал манайд дэндүү өндөр байгаа. Үүнийг яаж багасгаж болох талаар асуудлыг л айлчлалын хүрээнд ярьсан нь маш чухал үйл явдал боллоо.
-ОХУ, Украин хоорондын цэргийн тусгай ажиллагааны /нэг талаас дайны/ нөхцөл байдлыг ялангуяа манай улс хэт эмзгээр хүлээж аваад байх шиг. Бүр тодотгож хэлбэл хэт улстөржүүлсэн жагсаал цуглаан хэд хэдэн удаа боллоо. Одоо ч нийтэлдэг, жиргэдэг хэсэг хүмүүс бий болчихсон байна. Энэ байдал ОХУ-ын талд яаж харагддаг вэ? Ямар нэгэн нөлөө үзүүлдэг үү?
-ОХУ-д цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш эхэндээ жагсаал цуглаан болж байсан. Энэ жилийн хувьд харьцангуй тайван байна. Монголд болж буй зүйлийн талаарх нарийн мэдээллийг би аваагүй байна. Гэхдээ нэг л үнэн бий. Орос улсад яаж ч хандсан Монгол-Орос хоёр мөнхийн хөрш гэдгийг л санах хэрэгтэй.Тийм учраас хөршүүдтэйгээ сайн харилцаатай байж л Монгол Улс оршин тогтоно.
Ярилцсанд баярлалаа