Англи хэлийг хоёрдогч хэл болгон хуульчлах асуудалд олон нийт анхаарлаа хандуулж байх цаг дор хуурамч шатахууны эсрэг гэх тодотголтой өнгөрөгч онд баталсан хуулийн заалтаа УИХ ажлын цаг дуусахтай зэрэгцэн бушуухан гэгч нь оруулж ирээд "Үндсэн хууль зөрчсөн" хэмээн үзэв. ҮХЦ хуурамч шатахуунтай холбоотой ирсэн гомдлыг хүлээн авч, өнгөрөгч долоо хоногт дунд суудлын хуралдаанаасаа УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачлан батлуулсан Онцгой албан татварын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчсөн талаарх дүгнэлт гаргасан. Тэгвэл өнгөрөгч өдрүүдэд ҮХЦ-ийн 2023 оны 4 дүгээр дүгнэлтийг Хууль зүй болон Төсвийн байнгын хороод хэлэлцэж, улмаар УИХ өчигдөр хүлээн авлаа. Ингэснээр өнгөрсөн арван жилийн хугацаанд иргэдийг эрүүл мэнд, эдийн засгаар хохироож ирсэн энэ асуудал буруу замаар орж буй нь энэ бололтой.
ҮХЦ-ийн гаргасан тус дүгнэлтийг УИХ-ын чуулганаар оруулж ирж хэлэлцэх үеэр Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг санаачилж батлуулсан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцсан ярилцлагыг та бүхэнд хүргэе.
-Өнгөрөгч долоо хоногт ҮХЦ Онцгой албан татварын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн дүгнэлт гаргасныг УИХ хүлээгээд авчихлаа. Таны санаачилж батлуулсан хуулийн заалтыг хүчингүй болгочихлоо шүү дээ. Та энэ процесс дээр ямар дүгнэлт хийж байна?
-Энэ хууль 2021 оны долоодугаар сард батлагдсан. Батлагдаж байх үед Уул уурхайн сайд Ёндон УИХ-ын чуулганд орж ирээд хэлж байсан үгийг би та бүхэнд дахин сануулья. Дэлхийн улс орнууд евро 5 шатахуун руу орж байна. Евро 5 шатахууны хүхрийн исэл нь 10 ппм байдаг. Өөрөөр хэлбэл, нэг саяд 10 хэсэг байдаг гэсэн үг. Гэтэл керасин, нафто зэрэг хольцуудын хэмжээ нь 5 мянгаас дээш байгаа юм. Европчууд 10 ппмтэй шатахуун хэрэглэж байхад манайхан 500 дахин их хортой хүхрийн давхар исэлтэй шатахууныг хэрэглэж байгаа. Нүүрснээс илүү хортой гэсэн үг. Үүгээр амьсгалсан хүүхдүүд ханиад томуунаас салахгүй. Өвчний үүр болж дуусна. Та бүхэн санаж байгаа бол хоёр жилийн өмнө замын хажуу талын гэрлийн шонгийн 50 см-ээс доош тас хар байдаг байсан. Харин одоо байхгүй болсон. Учир нь автобусны компаниуд хамгийн хямдхан шатахуун хэрэглэдэг. Хүнд шатахууныг хэрэглэж явдаг учраас хар утаа хийдэг. Тухайн хар утаа нь нэг метрээс дээш дэгдэхгүй. Та бидний үр хүүхдүүд амьсгална гэсэн үг.
Хоёрдугаарт, энэ шатахууныг хэрэглэсэн автомашинуудын хөдөлгүүрүүд жил болоод л эвдэрдэг. Оросын гурван нөхөр монголчуудыг эд хөрөнгөөр нь хохироож, эрүүл мэндийг нь хорлочихоод жилдээ 10 тэрбум ашиг хийгээд сууж байдаг. Үүний л эсрэг би явсан юм.
Энэ асуудал яригдаж эхлэнгүүт хүмүүс намайг дотоодын үйлдвэрлэлийг боомиллоо гэж яриад байна. Гэтэл нийт 2020 он хүртэл орж ирсэн 230 мянган тонн керосин, нафто зэрэг хольцын 80-90 хувийг Чойрт хольдог. Чойрт ямар нэгэн үйлдвэр байхгүй шүү дээ. Та нар очоод сурвалжилсан ч болно. Хэрвээ үйлдвэр байвал би энэ тэмцлээ больчихоё. Торхон дотор 75 хувьд нь дизель түлш хийчихээд 25 хувьд нь керасин, нафто зэрэг хольцоо хийгээд сэнсээр эргүүлж хольдог байхгүй юу. Түүнийгээ Улаанбаатар хотын клонкуудад буулгана. Клонкуудад нь сэнс байхгүй учраас хөнгөн фракц нь дээшээ хүнд нь доошоо тунаснаас автомашин эвдэрдэг, хүүхэд хорддог асуудал үүсч буй юм. Би үүний эсрэг л тэмцэж байгаа.
-Б.Баттөмөр гишүүн Төсвийн байнгын хорооны хуралд сууж, хуурамч шатахууны асуудалд нэлээн "идэвхтэй" байр сууриа илэрхийлж, хуулийг хамгаалж харагдана лээ. Үүнээс шалтгаалаад ер нь энэ хуулийг УИХ-д шатахууны бизнес эрхэлдэг Б.Баттөмөр, Ц.Анандбазар нарын лоббигоор оруулж ирсэн юм уу гэх хардлага бий боллоо?
-Ц.Анандбазар, Б.Баттөмөр нар шатахууны бизнес эрхэлдэг. Энэ хүмүүс миний тэмцлийг харлуулаад байна. Өөрөөр хэлбэл, энэ хүмүүс Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулиар үг хэлж, кноп дарж болохгүй шүү дээ. Гэтэл энэ хүмүүс хажуугаар орж ирээд үг хэлээд байхаар би лоббинд орсон юм шиг харагдаад байгаа юм. Энэ нөхдүүд хуулиа дагах шаардлагатай шүү дээ.
-Та тэгээд шаардлага тавьсан юм уу?
-Тавилгүй яах вэ дээ. Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр шатахууны бизнес эрхэлдэг нөхдүүд үг хэлээ бодож, юм яриарай. Ашиг сонирхлын зөрчилд оров гэж хэлсэн шүү дээ.
-Төсвийн байнгын хороо ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн авсаны дараагаар шатахуун хэрэглэгчдийн холбооноос мэдээлэл хийсэн. Өөрийг тань Ц.Анандбазараас бага тэнгэрийн аманд хаус авсан, шалгуулах шаардлагатай зэрэг мэдээллийг ч хэлсэн?
-МАН ийм зүйл хийхдээ сайн. Дээрээс нь 100 тэрбумын бизнес алдагдаж байгаа учраас бизнесээ буцааж олохын тулд юу ч хийж магадгүй. Би Ц.Анандбазар мэтийн нөхдүүд, МАН-ын дуракуудын ашиг сонирхлын зөрчилд орохгүй.
-Чуулганаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээгээд авчихлаа шүү дээ. Та хуулиа хамгаалж чадсангүй?
-Эрх баригчид дэмжээд гаргачихлаа. Гэхдээ би хуулиа хамгаалсан. Өнөөдөр би ялагдаж байж болно. Гэхдээ хэдхэн жилийн дараа хуурамч шатахууныг хэр хортой зүйл байсан бэ гэдгийг монголын ард түмэн мэдрээд намайг магтах болно. Тэр үед би ЯЛНА.