Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн үнэт цаас гаргахыг НИТХ дэмжлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 30 секунд

НИТХ-ын ээлжит бус 12-р хуралдаан болж байна. НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хүндэтгэх шалтгаантай тул өнөөдрийн хуралдааныг НИТХ-ын төлөөлөгч, Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны дарга Б.Сүхбаатар удирдав. Хуралдаанаар Нийслэлийн үнэт цаас гаргаж, арилжаалах тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 13.1-д “Нийслэл хуульд заасан нөхцөл, журмын дагуу үнэт цаас гаргаж болно” гэж заасан. Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар өнгөрсөн тавдугаар сард Ажлын хэсэг байгуулсан юм. Тус Ажлын хэсэг Өрийн удирдлагын тухай хуульд заасны дагуу Сангийн яамтай хамтран ажиллаж, холбогдох байгууллагуудаас санал авч, Засгийн газрын тавдугаар сарын 24-ний хурлаар Нийслэл үнэт цаас гаргах, арилжаалах, мэдээлэх журмыг батлуулсан.

Өрийн удирдлагын тухай хуулийн дагуу үнэт цаасыг арилжаалах замаар татан төвлөрүүлсэн эх үүсвэрийг дараах шаардлага хангасан төсөл, арга хэмжээнүүдийг санхүүжүүлэхэд зарцуулна. Тодруулбал, төсөвт тусгасан байх, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцсэн байх, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгасан байх, мөн тухайн төсөл, арга хэмжээний төрлөөс хамааран зураг төсөв, техник, эдийн засгийн үндэслэлийг хийж баталгаажуулсан байх юм.

Нийслэлийн үнэт цаас гаргаж, арилжаалахыг НИТХ дахь МАН-ын бүлэг, ХҮН намын бүлэг дэмжлээ. Нийслэл анх удаа үнэт цаас гаргах гэж байгаа бөгөөд НИТХ-ын төлөөлөгчид төсвөөс хараат байгаа үед энэ мэт санхүүгийн олон эх үүсвэрийг бий болгох нь чухал гэдгийг онцолж байв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар,

-Улаанбаатар хотод тулгамдаж буй олон асуудлыг шийдэхийн тулд зарчмын томоохон шийдлүүдийг хийж байгаа. УИХ, Засгийн газар ч урьд өмнө нь байгаагүйгээр бодлогын дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Хотоос сонгогдсон УИХ-ын гишүүд хамтран Түр хороо байгуулж, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталснаар үнэт цаас гаргах нөхцөл бүрдсэн. Энэ бол нийслэлийн эдийн засагт том эргэлт болно. Үүнийг зөв ашиглаж, бодлогын алдаа гаргахгүй байхад анхаарах хэрэгтэй. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, түгжрэлийг бууруулах, явган зам, дугуйн зам, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг шийдэхэд нийслэлийн үнэт цаас бодит дэмжлэг үзүүлнэ. Дэлхийн олон хот үнэт цаас гаргадаг. Иймээс тулгамдсан асуудалдаа анхаарч, зөв ашиглавал зохилтой хэмээв.

Мөн нийслэл анх удаа Бодлогын судалгаа, шинжилгээний төвтэй болсон бөгөөд тус төв олон улсын эрдэмтэн, судлаач нартай хамтран ажиллаж, нийслэлийн нийгэм, эдийн засгийн судалгааг өндөр түвшинд хийж байгаа. Иймд судалгаан дээр суурилж, шинжлэх ухаанч байдлаар хотоо хөгжүүлэх хэрэгтэйг онцолж байлаа.

Үнэт цаас гаргах ажил нь процессын хувьд эхлээд үнэт цаас гаргах, арилжаалах, мэдээлэх журмыг батлуулах, үүнийгээ НИТХ-аар хэлэлцүүлэх, үүний дараагаар үнэт цаас гаргах саналыг Сангийн яамаар хянуулан, дүгнэлт гаргуулна. Үргэлжлүүлэн Засгийн газраас зөвшөөрөл авч, дахин НИТХ-аар хэлэлцүүлж, дэмжвэл Өрийн хэрэгслийн бүртгэлийн журмын дагуу үнэт цаасыг Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлж, олон нийтэд санал болгох юм. Өдгөө Засгийн газраар журам батлуулах эхний шатыг давж, НИТХ-аар өнөөдөр хэлэлцүүлээд байгаа юм.

НИТХ-ын төлөөлөгчид санал хэлж, үнэт цаас гаргахыг олонхын саналаар дэмжлээ. Гэхдээ санхүүжилтийг юунд, хэрхэн зарцуулахыг тодорхой болгох, хоорондын уялдааг хангах хэрэгтэйг тодотгож байв.

Л.Энх-Амгалан: Шинэ хөтөлбөр батлагдвал англи хэлийг 3 дугаар ангиас заана. Гэхдээ маргааш чуулганаар эцэслэнэ
Л.Энх-Амгалан: Шинэ хөтөлбөр батлагдвал англи хэлийг 3 дугаар ангиас заана. Гэхдээ маргааш чуулганаар эцэслэнэ
 
Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдэд холбогдох саналыг хууль санаачлагчид хүргүүлэхээр тогтжээ
Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдэд холбогдох саналыг хууль санаачлагчид хүргүүлэхээр тогтжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.