Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдал, тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: "Өчигдөр ХӨСҮТ-ийн 2, Дархан-Уул аймгийн нэг лабораторид, нийт 55 хүнд коронавирусний шинжилгээ хийлээ. Бүх шинжилгээний хариунд коронавирус илрээгүй.
Эдгээрийг задалж хэлбэл ХӨСҮТ-д тусгаарлагдсан 12 хүний шинжилгээ, тандалтын нэг сорьц, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 42 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Өнөөдөр хоёр иргэн эдгэрч дараагийн шатны тусгаарлалт руу шилжиж байна. 22 настай оюутан 49 хоног эмчлэгдэн эдгэрлээ. Нөгөө нь 32 настай ачаа тээврийн жолооч 16 хоног эмчлэгдэн эдгэрлээ.
Ингээд МУ-д нийт батлагдсан тохиолдол 220 байна. Үүнээс 185 хүнийг эмчлэн эдгээлээ. Одоо эмчилгээнд 35 хүн байна. Биеийн байдлын хувьд 33 хүн хөнгөн, 2 хүн хүндэвтэр байна.
Долдугаар сарын 4-ны өдөр Токио-УБ чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн 262 хүний сорьцыг цуглуулах ажлыг өнөөдөр эхлүүлж байна" гэв.