Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амарбаясгалан: Стратегийн өндөр ач холбогдолтой газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг хурдасгахад Засгийн газар онцгой анхаарч байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
10 минут 7 секунд
Гэрэл зургийг Б.Уугансүх

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр дотооддын хэрэгцээний 80-90 хувийг хангах зорилт бүхий стратегийн онцгой ач холбогдол бүхий бүтээн байгуулалт болох газрын тос боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай газар дээр танилцаж, Засгийн газрын зүгээс шийдвэрлэх зарим зүйлийн талаар үйлдвэрийн удирдлагууд болон БНЭУ-ын бүтээн байгуулалт хариуцаж буй компанийн төлөөллүүдтэй уулзсан юм. Бид энэ үеэр ЗГХЭГ-ын даргаас газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалттай холбоотой санхүүжилт болон ажил удааширч буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцлаа.

Монгол улс дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэр барьж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Өнөөдөр үйлдвэрийн бүтээн байгуулалтын үйл явцтай газар дээр нь танилцаж байна. Бүтээн байгуулалтын үйл явцыг хэрхэн дүгнэж байна вэ?

-БНЭУ-ын Засгийн газрын зээлээр баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцаж байна. Үйлдвэр ашиглалтад оруулах төлөвлөгөөг 2024-2025 онд ашиглалтад оруулахаар баталсан байдаг. Гэвч цар тахал болон Засгийн газар хоорондын яриа хэлэлцээр бага зэрэг удааширсан нөхцөл байдлаас болж жил орчим хугацааг алдаж байна. Харин Энэтхэгийн талын гүйцэтгэгч компаниуд бүтээн байгуулалтын ажлыг урагшлуулахын тулд өөрсдийн хөрөнгө санхүүгээрээ зарим ажлуудыг хийгээд явж ирсэн байна. Эдгээрийг харж, таницлаа. Засгийн газрын зүгээс гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу хэд хэдэн ажлуудыг шийдвэрлэж, ажлыг хурдасгахад нөлөөлөх шаардлага байсан. Засгийн газрын өнгөрсөн хоёр, гурван хуралдаануудаар бид шаардлагатай шийдвэрүүдээ гаргалаа. Үүнтэй холбогдуулан өнөөдөр бид газар дээр нь ирж танилцаж, гүйцэтгэгч компаниудад шийдвэрээ танилцуулж явна.

-Засгийн газраас холбогдох ямар шийдвэрүүдийг одоогоор гаргаад байна вэ?

-Нэгдүгээрт, бүтээн байгуулалттай холбоотой барилгын үйл ажиллагааг НӨАТ-аас чөлөөлөх асуудал яригддаг. Хоёрдугаарт, ТЭЗҮ-д тусгагдсан шаардлагатай зарим бараа бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөх асуудал байна. Гэрээгээр хүлээсэн энэ үүргээ биелүүлж чадахгүй удаашруулж байсныг бид цэгцэлж байна. Гуравдугаарт, ажиллах хүчний виз олголтын чиглэлээр Засгийн газар анхаарч ажиллаж байна. БНЭУ, БНХАУ-ын тодорхой тооны ажиллах хүч гаднаас оруулж ирэх шаардлагатай байгаа юм. Өнөөдрийн байдлаар Энэтхэг, Хятад, Монголын нийт 2 мянга гаруй ажиллах хүч бүтээн байгуулалтад гар бие оролцож байна.

-Ашиглалтад орох хугацаа хойшлоод байгаа чиглэлд ямар арга хэмжээ авч ажиллах вэ. Дотоодын нийт хэрэглээний 70-80 хувийг хангаж чадах газрын тосныхоо үйлдвэрийг богино хугацаанд ашиглалтад оруулах чиглэлд Засгийн газраас хэрхэн анхаарч ажиллах вэ?

-Үйлдвэр 2026 оны нэгдүгээр улиралд ашиглалтад орно гэдэг мэдээллийг энд ажиллах явцад албныхан өгч байна. Засгийн газрын зүгээс ашиглалтад яаралтай оруулах чиглэлд анхаарал хандуулж байна. Бид яаралтай EPS 4 зээлийн хэлэлцээрийг өрнүүлж Засгийн газар, УИХ-аар оруулж шийдвэрлүүлнэ. Эдийн засгийн нөхцөл байдал, цар тахал, инфляцтай холбоотойгоор дөрөв дэх үеийн гэрээний мөнгөн дүн тодорхой хэмжээгээр нэмэгдэх нөхцөл байдал үүсч байна. Үүнийг хоёр улсын Засгийн газар харилцан ярилцана.

Гэрэл зургийг Б.Уугансүх

-Хөгжлийн банкны санхүүжилт зогссонтой холбоотойгоор Засгийн газар ирэх оны төсөвт газрын тосны үйлдвэрийн урсгал зардлыг багтаах. Мөн харьяаллын асуудлыг тодорхой болгох зэрэг ажлууд тулгамдаад байсан шүү дээ?

-Уг нь энэ төсөл улсын төсөвт тусгагдаж, хэрэгжих ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл Хөгжлийн банкаас зээл авч нийгмийн байгууламжийг хийх, бүтээн байгуулалтын үйл ажиллагааг явуулах чиглэлд анхаарч ирсэн. Хөгжлийн банкнаас тус үйлдвэрийн барьцаанаас зээлийн дүн өссөнтэй холбоотойгоор зээлийг зогсоосон. Улмаар үйл ажиллагааг нь “Эрдэнэс Монгол” руу шилжүүлэх ажил хийгдсэн. Өнөөдөр “Эрдэнэ Монгол” энэ төслийг үйл ажиллагааны зардлыг, Засгийн газар болон УУХҮЯ хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийг үргэлжлүүлэх үүргийг хүлээж байна. Стратеги, геополитикийн хувьд өндөр ач холбогдолтой төсөл учраас зогсоож болохгүй. Бүтээн байгуулалтыг хурдтай үргэлжлүүлэх чиглэлд Засгийн газар анхаарч ажиллана. Гагцхүү саатаж буй хүчин зүйлсүүдийг цаг алдалгүй шийдвэрлэх улс төрийн шийдлүүдийг гаргах шаардлага бий.

-Төсөвт урсгал зардлыг суулгах шаардлага үүслээ. Нөгөө талдаа ажилчдын байр, нийгмийн байгууламжийн асуудлыг бүрэн дуусгах шаардлага тулгараад байна. Төсвөөс энэ асуудлуудыг шийдвэрлэх боломж бий юу?

-Төсвөөс ажилчдын байрны бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх боломжгүй. Харин Хөгжлийн банк ажилчдын байрыг санхүүжүүлэхээр зээл олгоод, үйл ажиллагаа явж байсан учраас бид бүтээн байгуулалтыг дуусгах ямар арга зам байгаа талаар Хөгжлийн банктай яриа хэлэлцээрт оръё гэсэн бодолтой байгаа. Шаардлагатай тохиолдолд Засгийн газраас барьцаалбар дээр нь баталгаа гаргаж өгөх замаар энэ төслийн орон сууцны асуудал шийдэгдэх боломжтой гэж харж байна. Хөгжлийн банкны нэгэнт олгосон зээлийг “үхүүлж” болохгүй. Бүтээн байгуулалт дуусах ёстой.

-Хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлтийн хугацаа энэ онд эхлэхээр анх гэрээ байгуулагдаж байсан. Зээлийн эргэн төлөлтийн хувьд ямар нөхцөл байдалтай байна вэ?

-2023 оны 3 дугаар сараас эхэлж Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлт хийгдэхээр гэрээ дээрээ заагдсан ч хоёр орны Засгийн газар хоорондын яриа хэлэлцээрийн үр дүнд 2026 оны 2 дугаар улирлаас эхэлж зээлийн эргэн төлөлтийг үе шаттайгаар хийхээр хоёр тал эцэслэн шийдвэрлэсэн байгаа.

-Үйлдвэр ашиглалтад орсноор түүхий эдийн нөөц шаардлагатай болно. Бүрэн хүчин чадлаараа ажиллахад шаардагдах газрын тосны нөөцөө хэрхэн тодорхойлж байгаа вэ?

-Газрын тосны үйлдвэр ашиглалтад орсноор жилдээ 1.5 сая тонн газрын тос боловсруулах боломжтой. Өөрөөр хэлбэл, жилдэээ 1 сая тонн орчим шатахуун, дизель түлш үйлдэрлэнэ гэсэн үг. Монгол Улсын шатахууны хэрэглээ нэг жилд 1.2-1.4 тэрбум ам.доллар байдаг. Үйлдвэр ашиглалтад орсноор нийт хэрэглээнийхээ 80-90 хувийг хангах боломжтой гэсэн тооцоо гарсан. Тиймээс жилдээ 4-5 их наяд төгрөгөө бид гадагшаа импортод гаргахгүй гэсэн үг. Сүүлийн жилүүдийн дүн мэдээгээр “ПетроЧайна Дайчин тамсаг” компани жилд дунджаар 600 орчим мянган тонн газрын тос олборлож байгаа. Үйлдвэр ашиглалтад орсноор жилд багадаа 1.5 сая тонн газрын тосыг үйлдвэрлэлд оруулах шаардлага үүснэ. Тиймээс Засгийн газар хайгуул, нөөц чиглэлдээ анхаарах хэрэгтэй болоод байна.

-“Петро Чайна Дайчин Тамсаг” компанитай 1992 онд анх хийгдэж байсан бүтээгдэхүүн хуваах гэрээг шинэчлэх ажил хэр ахицтай байна вэ. Ерөнхий сайд БНХАУ-д хийх айчлалын хүрээнд энэ асуудал бас яригдах байх?

-1992 онд анх тус компанитай хийж байсан бүтэээгдэхүүн хуваах гэрээг байгуулж байсан байдаг. Монгол Улсын Засгийн газраас Шадар сайдаар ахлуулсан бага тус компанийн гол хөрөнгө оруулагч Хятадын томоохон групптэй яриа хэлэлцээр хийсэн. Өнгөрсөн гуравдугаар сард Хятадын талаас бүтээгдэхүүн хуваах гэрээг шинэчлэх хэлэлцээрт оръё гэсэн хариу ирүүлээд байна. Ерөнхий сайдын энэ удаагийн айчлалын хүрээнд уг асуудал яригдана. Гэхдээ бүтээгдэхүүн хуваах гэрээг шинэчлэх, хэлцэл хийх асуудал нэг, хоёр жилд шийдэгдэх хэмжээний яриа хэлэлцээр биш гэдгийг онцлох нь зүйтэй байх.

-Хотхоны барилгын ажлын нэг хэсгийг Батлан хамгаалах яам хийж гүйцэтгэх байсан ч өнөөдрийг хүртэл ажил нь хийгдээгүй байдалтай байна. Айлын талаас ажил, хөрөнгө оруулалт нь үргэлжлээд байдаг. Гэтэл манай тал хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байгааг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Ийм том хэмжээний мега төслийг хэрэгжүүлж байсан туршлагагүй учраас яамдууд, ажил хариуцсан төрийн байгууллагуудын уялдаа холбоо тааруу зүйл байна. Хөгжлийн банкнаас өндөр хүүтэй зээлээр энэ ажлыг эхлүүлснээс эхлээд яриад байвал олон зүйл бий. Гэхдээ стратегийн ач холбогдолтой энэ төслийг зогсолтгүй үргэлжлүүлж дуусгах нэн түрүүний шаардлага. Бид юун түрүүнд нийгмийн байгууламжийн төслийг дуусгахын тулд Хөгжлийн банктай Засгийн газар хэлэлцээр хийж, хөрөнгө оруулалтыг нь шийдвэрлэнэ. Нөгөө талаасаа Энэтхэгийн Засгийн газрын хөрөнгө оруулалт тасралтгүй үргэлжилж байхад Монголын талын хөрөнгө оруулалт саатах нь учир дутагдалтай.

Д.Амарбаясгалан: Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газар анхаарч ажиллаж байна
Д.Амарбаясгалан: Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газар анхаарч ажиллаж байна
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.