"Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ" чуулга уулзалт Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар шийдвэр гаргах түвшинд жендерийг хангах чиглэлд ажиллаж байгаа талаараа дараах байр суурийг илэрхийлсэн юм.
Тэрбээр "Энэ удаагийн Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ маань НҮБ-ын тогтвортой хөгжлийн 5 дугаар зорилт болох жендэрийн тэгш байдлыг хангах асуудал дээр төвлөрч байна.
НҮБ-аас зарласан Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд хамтын ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн шударга ёс, эдийн засгийн хүртээмж гэх мэт олон харилцан уялдаатай өргөн хүрээний асуудлыг авч үздэг. Гэхдээ эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд манай дэлхийн, манай нийгмийн тэн хагасын оролцоог буюу жендэрийн эрх тэгш байдлыг хангахгүйгээр жинхэнэ үр дүнд хүрч чадахгүй.
Ирж яваа цагийн дууг эрчүүд дангаараа дуулж болохгүй. Эмэгтэйчүүдийн дуу хоолой чухал болж байгаа шинэ цаг үе эхэлж байна" гэв.