Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дээд шүүхийн бүртгэлд ГУРАВТ бичигддэг Монголын Ногоон намыг ХЭН ТЭРБУМ, ТЭРБУМААР худалдаж авсан бэ

Огноо
Унших
5 минут 13 секунд

ҮХӨ-ийг Ерөнхийлөгч ёсчлохдоо гишүүд болон намуудын дарга нарт хандаж "Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахдаа намын жагсаалтад онцгой анхаарч, жагсаалтаа зардаг байдлыг дараагийн сонгуулиар гаргахгүй байх дээр анхаарч ажиллахыг тусгайлан сануулсан" талаар эх сурвалж мэдээлж буй. Өөрөөр хэлбэл 2012 оны сонгуулийг холимог тогтолцоогоор хийх үед намын жагсаалтын эрэмбэ, дарааллыг зардаг явдал хэрээс хэтэрсэн. Уг үйлдлээс нь болж иргэд холимог тогтолцооноос даруй арван жил цэрвэж, буруушааж ирлээ.

Гэтэл Үндсэн хуулийн өөрчлөлт баталгаажсан даруйгаас намыг нэрийн жагсаалтаа зарах нь байтугай намаа бүхэлд нь зарах асуудал улс төрийн хүрээнд яригдаж эхлэв. Тодруулбал, өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржханд "Сонгуульд байнга ордоггүй. Сахилга бат байхгүй. Тэгсэн хэр нь УДШ-д бүртгэгдсэн жагсаалтаараа дээгүүр байдаг гэдэг агуулгаараа намаа үнэлж зардаг байдлыг бид зогсоох ёстой.Энэ нь ҮХӨ-ийг биежүүлж хэрэгжүүлэхэд саад болохоор байна" гэв.

Ингэхдээ тэрбээр маш ноцтой гэмээр нэгэн зүйлийг хэлсэн нь “УДШ-ийн бүртгэлд ГУРАВДУГААРТ жагсдаг намыг тэрбум, тэрбумаар худалдан авалт хийгдсэн гэдэг мэдээлэл байна. Цаашлаад дөрөв, тав дахь нам гээд явахыг үгүйсгэхгүй хэмээсэн юм. Хэрэв түүний хэлсэн үнэн бол УДШ-д гуравт бичигддэг нам бол Монголын Ногоон нам юм. Хэрвээ тус нам үнэхээр зарагдсан бол хэн авсан бэ. Хэдэн тэрбумаар үнэлэгдсэн бэ гэдэг сонирхол татаж байгаа юм. Хэрэв санаж буй бол одоогоос жил гаруйн өмнө Монголын Ногоон намыг Ерөнхийлөгч асан "Женко" Х.Баттулга авч, МоАХ фракцтайгаа нэгтгэж бие даасан намтай болох нь гэгдэж байлаа.

Ер нь намын жагсаалтын нэг онцлог тал нь сонгогчид саналын хуудас бөглөх бүхээгт ороод ихэвчлэн дээгүүр бичигддэг намуудын нэрсийг ажиглаж, тэдгээр дундаасаа л сонголтоо хийх хандлагатай байдаг. Онолын хувьд жагсаалтад байгаа 36 намаас алийг нь ч сонгох боломжтой ч, яг сонгуулийн үеэр жагсаалтын дээгүүр бичигддэг намууд бусдаасаа илүү санал авах магадлалтай байдаг билээ. 2012 онд хийсэн холимог тогтолцооноос ч гэсэн харахад саналын хуудасны доогуур бичигдсэн жижиг намуудыг сонгогчид төдийлөн дугуйлдаггүй нь харагдсан учраас нэг талаараа жижиг намуудын “хурган бизнес” сонгуулийн үеэр эд цэцэглэдэг гэж хэлж болно. 2012 оны сонгуульд МАХН, МҮАН нэгдэн “Шударга ёс” эвслийг байгуулж сонгуульд оролцсон бөгөөд 252 мянган хүний санал авч намын жагсаалтаар хоёрт бичигдсэн байдаг. Харин ИЗНН 62 мянган сонгогчийн санал авч жагсаалтын гуравдугаарт бичигдэж байв.

Тиймээс ирэх сонгуулийн хамгийн том шүдний өвчин бол намын жагсаалтаа намууд худалдах явдал юм. Ялангуяа Дээд шүүхэд бүртгэгдсэн байдлаараа дээгүүрт бичигддэг жижиг намуудад энэ асуудал багагүй хавтгайрах төлөвтэй байна. Одооноос намын жагсаалт байтугай намаа бүхэлд нь зарж, үрээд эхэлсэн гэнэ. Тиймээс жагсаалтыг сонгуулийн хуулиараа тодорхой зохицуулж өгөх шаардлага тулгараад байгааг энд сануулах нь зүйтэй. Жишээлбэл, байнгын хороо дээр өчигдөр яригдсан шиг өмнөх сонгуульд авсан парламентын суудлын тоо, саналын тооноос хамаарч жагсаалтад бичигддэг эрэмбийг нь тогтоох байх нь зөв хувилбар юм. Гэвч өчигдөр уг санал байнгын хороо дээр дэмжлэг аваагүй бөгөөд МАН-ынхан үеийн үед нэгдүгээрт бичигдэх, АН-ынхан араас нэхэж яваа ХҮН тэргүүтэй намуудад хоёрдугаар байраа алдахыг хүсэхгүй нь мэдээж. Тиймээс байнгын хороо дээр уг саналыг үнэмлэхгүй олонхоороо унагаж харагдана лээ.

Гучин жил тодорхойгүй явж ирсэн "тоглоомын дүрэм"-ийг Үндсэн хуулиараа баталгаажуулсны ач холбогдлыг гаргаж, багадаа 3-4 сонгуулийг энэ системээрээ явуулах нь нэн чухал. Тиймээс холимог тогтолцоонд хамгийн их шүдний өвчин болдог намын жагсаалтыг зардаг, үрдэг асуудлыг анхаарч цэгцлэх нь зүйтэй. Ингэхгүй бол жагсаалтын эрэмбээ байтугай намаа бүхэлд нь зарж үрээд эхэллээ. Ингэвэл Үндсэн хуульд хийсэн тогтолцооны өөрчлөлт жинхэнэ утгаараа замхрах болно.

Т.Доржханд: Дээд шүүхэд ГУРАВТ бүртгэлтэй намыг тэрбум, тэрбум төгрөгөөр худалдан авалт хийгдлээ гэх мэдээлэл байна
Т.Доржханд: Дээд шүүхэд ГУРАВТ бүртгэлтэй намыг тэрбум, тэрбум төгрөгөөр худалдан авалт хийгдлээ гэх мэдээлэл байна
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.