Саяхан л хүнд суртал, хүндрэл чирэгдэл гэх үг төрийн албадад хаяглагддаг байв. Ганц бичиг дээр гарын үсэг зуруулахын хэргээр даргын үүд хэдэнтээ сахиж суудаг гэх гомдлын мөр тасардаггүй байдал манай улс цахим шилжилт хийх цаг болсныг сануулсан. Иймдээ ч Монгол Улсын Засгийн газраас цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим үндэстэн болох зорилт дэвшүүлэн тэр дундаа Төрийн цахим үйлчилгээг иргэдэд хүргэх, иргэдийг мэдээлэл, зөвлөгөөгөөр хангах ажлыг хурдан шуурхай зохион байгуулах чиг үүрэг бүхий Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар шинээр байгуулагдаад ажиллаж байгаа билээ. Ингэхдээ тус газраас төрийн цахим үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд хурдан шуурхай хүргэх ажлыг зохион байгуулахаар Төрийн үйлчилгээний “Хурдан” цэгийг нийслэл, орон нутаг, хилийн боомт, хилийн чанад дахь дипломат төлөөлөгчийн газарт шат дараатайгаар нээж эхлээд байна. Үүний нэг болж өнөөдөр Чингэлтэй дүүрэгт байршуулж буй "Хурдан" цэгийн нээлт боллоо. Товчхондоо бид цахим үндэстэн болоход алхам алхмаар ойртсоор.
-Иргэд 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг “ХУРДАН” цэгээр авах боломжтой-
“ХУРДАН” цэгээр дамжуулж ямар үйлчилгээг авах боломжтой вэ гэх асуулт эндээс урган гарна. Үүнд, операторын горимоор иргэд 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг (Иргэний үнэмлэх, оршин суугаа газрын, гэрлэсний бүртгэлийн, гадаад паспортын, төрсний бүртгэлийн лавлагаа гэх мэт) авах болон гадаад паспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх солих, нөхөн олгох, тээврийн хэрэгслийн төлбөр төлөх гэх мэт төрийн үйлчилгээг нэг цонхоор авах боломжтой болжээ.
-П.Батбаатар: Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үүднээс төрийн цахим үйлчилгээний цэгүүдийг захын гэр хорооллуудад нээж эхэлж байгаа-
Энэ үеэр ТЦҮЗГ-ын дарга П.Батбаатар "Хурдан гэдэг нь Хур буюу мэдээлэл солилцооны үндсэн систем, Дан гэдэг нь иргэн танилтын систем юм. Хуулиуд дээр манлайлан ажилласан Ж.Сүхбаатар гишүүнд талархал илэрхийлье. Өнөөдрийн байдлаар төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар Улаанбаатар хотын хэмжээнд 61 цэгийг байгуулах ёстойгоос одоогийн байдлаар 44 цэгийг байгуулаад байна. Төр хувийн хэвшлийн түншлэлээр цэгүүдээ нээж байна. Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас үйлчилгээний цэгүүдээ аль болох Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үүднээс захын гэр хорооллуудад нээж эхэлж байгаа. Бид Баянхошууны тойрог, 22 авто худалдааны төв, Да хүрээ худалдааны төв зэрэг хотын зах хэсгээр төрийн үйлчилгээг хүргэхээр ажиллаж байна" гэлээ.
-Ж.Сүхбаатар: Төрийн үйлчилгээ цахимжихын хэрээр автозамын хөдөлгөөний урсгал багасна-
Түгжрэлийн асуудлыг дан ганц зам дээр байгаа хэдхэн автомашинаар төсөөлөх нь өрөөсгөл. Бид өдөр тутмын үйл ажиллагаандаа төрийн байгууллагаас мэдээлэл, лавлагаа авахаар хотын нэг захаас нөгөө зах руу явах үе бишгүйдээ их гардаг. Энэ нь эргээгээд хотын түгжрэлд 3-5 хувиар нөлөөлдөг тооцоолол аж. Энэ утгаараа төрийн цахим үйлчилгээг тухайн байгаа байршилдаа авах нөхцөл бололцоог "Хурдан" цэгүүд бүрдүүлж, энэ хэрээр нийслэл хотын автозамын хөдөлгөөний урсгал ч буурах талаар УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар хэлж байлаа.
Тэрбээр "61 цэг байгуулах ёстойгоос 44 цэг нь ашиглалтад ороод байна. Чингэлтэй дүүрэгт Хурдан цэг байршин ажиллаж эхэлсэн хамгийн анхны өдөр л гэхэд нийтдээ 10 мянга орчим үйлчлүүлсэн байна. Тэгэхээр түгжрэл дээр үр дүн гарах уу гэж олон хүн асууж байна. Гарын үсэг цуглуулах үйл ажиллагаа гэдэг шиг иргэд мэдээлэл лавлагаа авна гээд ийш тийш их зорчдог. Энэ нь 3-5 хувиар түгжрэлд нөлөө үзүүлдэг гэх тооцоолол байна. Тэгэхээр хүмүүс заавал хотын төв рүү цувж үйлчилгээ авдаг байсан бол өнөөдөр тухайн байгаа орчиндоо төрийн үйлчилгээг авдаг болж байна. Төрийн үйлчилгээ цахимжихын хэрээр хөдөлгөөний урсгал багасна. Цахим шилжилтэд Чингэлтэй дүүрэг манлайлж оролцох болно" гэлээ.
-Цаашид 55 байгууллагын 790 орчим төрийн үйлчилгээг “Хурдан” цэгээр дамжуулан авах боломж бүрэн бүрдэнэ-
Албаыханы өгч буй мэдээллээр одоогоор 39 байгууллагын 440 орчим үйлчилгээг операторын горимоор үзүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа. Харин цаашлаад энэ онд 55 байгууллагын 790 орчим төрийн үйлчилгээг иргэд маань “Хурдан” цэгээр дамжуулан авах боломж бүрэн бүрдэх аж. Түүнчлэн төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгийг нийслэл, орон нутаг, хилийн боомт, хилийн чанад дахь дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан нийт 504 цэгийг шинээр нээхээр төлөвлөн ажиллаж байгаа талаар албаныхан онцолж байлаа.
-ТАНИЛЦ: Нийслэлд нээгдсэн “ХУРДАН” цэгүүд-
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд хүн амын төвлөрөл ихтэй худалдаа үйлчилгээний болон бусад газарт нээгдсэн “ХУРДАН” цэгүүд:
- Төв шуудан дахь “ХУРДАН” цэг;
- Хан-Уул дүүргийн И-Март худалдааны төв;
- Улаанбаатар их дэлгүүр;
- Нисэхийн тойрог, “Хан плаза” худалдааны төв;
- Боловсролын Их Сургуулийн дэргэд “Төгөлдөр” төвийн 24 цагийн CU дахь салбар;
- “Да хүрээ” авто худалдааны төв;
- Баянзүрх дүүрэг “Жанжин” клуб;
- Улиастайн нэгдсэн зах;
- 22 авто худалдааны төв;
- Чингэлтэй дүүргийн 14-р хорооны байр;
- Баянхошууны тойргийн “Номин агуулах” худалдааны төв;
- Хүнсний 50-р дэлгүүр, 24 цагийн CU дахь салбар, 11 дүгээр хороолол, Дөлгөөн нуур салбар /4 салбарт/;
- Монгол шуудангийн Улаанбаатар хот дахь 24 салбар
- Монголын цахилгаан холбоо ХК-ийн нийт 5 салбарт Хурдан цэг ажиллаж байна.
Мөн 21 аймгийн төвд 5, 6 дугаар сард төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгүүдийг нээхээр төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд Дорноговь, Өвөрхангай, Төв, Говь-Алтай, Баянхонгор, Булган, Архангай, Завхан, Дундговь, Хэнтий, Дархан-Уул зэрэг 11 аймагт тус тус нээлтээ хийж үйл ажиллагаагаа эхлүүлжээ.
-Хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа Монголчуудад төрийн үйлчилгээг 47 дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан хүргэнэ-
Одоогоор:
- Сөүл хотын дипломат төлөөлөгчийн газарт (1 цэг),
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв (1 цэг),
- Пусан хотын дипломат төлөөлөгчийн газар (1 цэг),
- Австрийн Вена хот (1 цэг)
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Дели хотод (1 цэг) нийт 5 цэгт Төрийн үйлчилгээний “Хурдан” цэгийг байгуулан ажиллаж байна. Мөн Гашуун сухайт хилийн боомт цагаан хад суурьшлын бүсэд нээлтээ хийж үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд цаашид Замын үүд, Алтан булаг зэрэг боомтуудад “ХУРДАН” цэгийг нээхээр төлөвлөн ажиллаж байгаа юм байна.