Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ: Г.Занданшатар тэргүүтэй парламент УХРАХ УУ, УРАГШЛАХ УУ...

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 0 секунд
/Гэрэл зургийг Mpa.mn/

Улс төрийн хувьд ч, улс орны ирээдүйн хувьд хамгийн чухал хоёр хоногийн бид өнгөрүүлэх гэж байна. Ардчилсан нийгэмд шилжиж байсан тэр түүхэн цаг хугацаатай дүйцэхүйц улс төрийн шинэчлэл энэ парламентыг өмнө ирлээ. Тодруулбал, өнөөдөр намын бүлгүүдээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж, улс төрийн шийдлээ гаргаж чадвал маргаашдаа багтаж чуулганаар оруулж батлуулна.

Өнгөрсөн гучин жилийн алдаа завхрал өнөөдөр бидэнд тоолж барахгүй их хулгай, төсвийн үр ашиггүй зардал, өр шир, жалга довны хязгааргүй их улстөржилтөөр биежив. Хөгжлийн банкны хулгай, Нүүрсний хулгай, ЖДҮ-гийн хулгай, одоо бүр ирээдүй үр хойчийнхоо хүртэх байсан Боловсролын зээлийн санг хүртэл үе үеийн эрх мэдэлтнүүд тонон дээрэмджээ. Мэдээж энэ бүхэн ил болж байгаа нь сайн хэрэг. Харин ил болгож, улс төр хийж нийгмээ бухимдуулсаар байх уу. Энэ бүхний засах тогтолцооны өөрчлөлтийг хийх үү гэдэг түүхэн сонголтын өмнө бид тулж ирэв. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн гучин жилийн муу бүхнээ засах, энэ парламентад гишүүн болж, төр түмнээ төлөөлж буйгийнхаа хэргийг гаргах цаг нь ирлээ.

Олон нийт нэгэн дуугаар сонгуулийн тогтолцоог өөрчлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Холимог буюу пропорционоль систем улс оронд хөгжил дэвшил, мега төслүүдээ санхүүжүүлэх төсвийн зөв зарцуулалт, утга учиргүй улстөржилтийг багасгана. Мөн намуудыг жинхэнэ утгаар нь төлөвшүүлж, Ардын нам дангаараа “азаргалж” байдаг тогтолцоог нь үгүй хийнэ. Тиймээс ч ард түмэн дэмжиж буй хэрэг.

Харин гишүүдийн тоог шинжлэх ухааны тооцооллоор 152 болгож нэмэгдүүлэх санал гарсан ч өнгөрсөн удаагийн хэлэлцүүлгийн үеэр иргэд багасгах шаардлага тавьсан учраас 126 гэдэг тоо дээр тогтоод буй. Мэдээж өнгөрсөн өдрүүдэд тойргоор явсан гишүүдийг олон нийт загнаж, Боловсролын зээлийн сангаар дарамталсан нь ойлгомжтой. Гэхдээ нэгэнт тооцоолол хийгдэж, улс төрийн шийдэл дээр тогтсон учраас 20-р зууны хэлбэртэй 21-р зууны парламентын үйл ажиллагаа бид халах хэрэгтэй. Гишүүдийн тоог 126-гаас хөдөлгөхгүйгээр шийдвэл маш сайн. МАН-ын дарга нарын зүгээс энэ тоог хэрвээ буулгавал төслөө татна гэдэг дээрээ бат зогсож буйг эх сурвалж мэдээлсэн. Тэгээд ч шинжлэх ухаанд олон хариу гэж байдаггүй. Тогтолцоог өөрчилж чадах тоо л хэрэгтэй болохоос үр дүнгүйгээр хулгайч нарын тоог жинхэнээсээ нэмж болохгүй.

Ийнхүү Г.Занданшатар даргатай парламент нэн чухал үүрэг хариуцлагын өмнө тулж ирсэн нь энэ. Одоо ухарвал тэд өнгөрсөн гучин жилийн авлига хулгай, тэгш бус байдал, шударга бус хударгагүй үедээ хэвээр үлдэнэ. Харин өөрчилж чадвал бидэнд хонгилын үзүүрт бага ч гэсэн гэрэл асна. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн бүлгийн хуралдаанууд маш чухал үүрэгтэй. Магадгүй Боловсролын зээлийн санд нэр нь холбогдож улс төр нь эвгүйтсэн Ц.Даваасүрэн тэргүүтэй ганц нэг хөгшчүүд үе солихогдохоос айсандаа, эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд тоо, тогтолцоог үгүйсгэх л байх. Олон нийт ч тэр, гишүүд ч гэсэн энэ мэт үг, үйлдэлд автаж болохгүй. Өнөөдөр тойргийн ганц нэг ахмадууд, дундаас дээш үеийнхэн Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэж байж болно. Аргагүй шүү дээ. Тэдний амьдралыг хоногийн хоол, өнөөдрийн талхны тухай л бодохоос өөр замгүй болтол явсан өнгөрсөн гучин жилийн улс төрийн үнэн төрх энэ. Энэ хүртэл төр улсаа удирдсан улстөрчид та бүхний л хийсэн гавьяа энэ. Мэдээж тогтолцоог өөрчлөөд алга урвуулсан мэт бүх зүйл сайхан болчихгүй ч гэсэн одоогоос багадаа жилийн дараа, таван жилийн дараа залуу хойч үе чинь энэ өөрчлөлтийг хийгээгүйн төлөө Г.Занданшатар тэргүүтэй парламентаас хариуцлага нэхнэ. Нэр нүүр, хэлсэн үг бүхэн чинь цагаан дээр хараар бичигдэж үлдэнэ. Яагаад гэж асууна.

Ухрах уу, урагшилах уу...

Г.Лхагвадорж

Хийлдэг тоглоомны улмаас бэртсэн нэг хүүхэд энджээ
Хийлдэг тоглоомны улмаас бэртсэн нэг хүүхэд энджээ
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.