ШЕЗ-өөс өнөөдөр Нүүрсний гэх тодотголтой хэргийн шалгалтын явцын талаарх мэдээллийг хүргэлээ.
Өнөөдрийн байдлаар нүүрсний гэх тодотголтой нэг ч хэрэг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирээгүй бөгөөд мөрдөн байцалтын шатанд шалгагдаж байгааг хэлж байна.
Тодруулбал, энэ тухай ШЕЗ-ийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа мэдээлэхдээ " Мөрдөн байцаалтын шатанд явж байгаа хэргийн талаарх мэдээллийн шүүхээс өгөх боломжгүй. Харин тус хэрэгтэй холбоотой прокурорын саналаар шүүхээс нэр бүхий 23 хүнд хязгаарлалт тогтоох, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авсан. Төрийн өндөр албан тушаалтанд холбогдох хэрэг шүүхэд шилжиж ирээгүй байна. Харин прокурорын саналаар Монгол Улсын шүүхээс нэр бүхий төрийн өндөр албан тушаалтанд Монгол Улсын хилээр гаргахыг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна" хэмээв.
2023 оны нэгдүгээр улирлын байдлаар эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль өгөх, авах, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглахтай холбогдсон нийт 44 хэргийг хянан шийдвэрлээд байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад зургаан хэргээр буюу 12 хувиар буурсан дүн гарчээ. Мөн авлига албан тушаалын байдлаа урвуулан ашигласан болон, өөрсдийн сангийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан гэх тодотголтой хэргүүд шүүхэд шилжиж ирсэн тохиолдолд шүүхээс тухай бүрд нь мэдээллийг нээлттэй хүргэхээр болжээ.