Засгийн газраас гарсан зарим асуудлын талаар холбогдох сайдууд мэдээлэл өгч байна. Энэ үеэр ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,
"Өнгөрсөн мэдээллийн үеэр Монгол Улсын эдийн засаг урьдчилсан байдлаар 7,6 хувиар өссөн талаар мэдээлж байсан бол өнгөрсөн долоо хоногт ҮСХ-оос гаргасан мэдээллээр 7,9 хувиар өссөн байна.
Мөн өнөөдрийн байдлаар манай улсын валютын нөөц 3,8 тэрбум доллар байна. Үүнээс үзэхэд Монгол Улсын валютын нөөц тогтвортой байгааг харж болох юм. Эдийн засгийн өсөлт гадаад эрэлтээс бий болж байгаа. Иймд манай экспорт тасралтгүй өсөж байна. Нүүрс олборлолтын хэмжээ 3,3 дахин өссөн. Үүн дээр нэмээд зэстэй холбоотой нааштай мэдээлэл байна.
Энэ нь "Оюу Толгой" ХХК төлөвлөж байснаасаа 43 хувиар илүү хэмжээний үйлдвэрлэл хийж байна. Энэ нь манай эдийн засгийн өсөлтөд таатай нөхцөл байдлыг бий болгож байгаа юм. Одоогоор уул уурхай, тээвэр, барилгын салбарууд цар тахлын өмнөх үеийн нөхцөл байдалдаа хүрээгүй байна.
Түүнээс гадна эдийн засаг өссөн ч нэг салбар уналтад байна. Энэ нь Хөдөө аж, ахуйн салбар. Учир нь өвөлжилт муу байсан, малын зүй бус хорогдол өндөр, шинэ төлийн тоо бага байгаатай холбоотойгоор ХАА-н салбарын өсөлт -5,1 хувь байна" хэмээв.