Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 35 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Тэгвэл яг одоо ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өгч байгаа бөгөөд тэрбээр,
"Агаарын тээврийн үнэ тарифыг бууруулах шаардлагатай гэж үзэж байсан. Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар уг асуудлыг шийдлээ.
Тодруулбал, 2023 оны долоодугаар сарын 01-ний өдрөөс эхлэн агаарын тээвэр зорчдог есөн аймагт билетийн үнэ 50-70 хувиар хямдарна. Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий аймаг руу нисээд ирэхэд хоёр талдаа 1,650,000 төгрөгөөр зорчиж байгаа бол бидний оруулж ирж буй саналаар 800,000 төгрөгөөр нислэг хийнэ гэсэн үг юм.
Ингээд Говь-Алтай, Баянхонгор, Завхан, Хөвсгөл, Өмнөговь, Баян-Өлгий, Дорнод аймгуудад агаарын тээврийн урсгалыг нэмэгдүүлэх ажил үргэлжилж байна.
Уг асуудлыг шийдэхдээ хувийн компаниудын ажиллах боломжийг төр засгаас хангаж ирсэн. Гэвч хувийн ААН-үүд маань ард иргэдийн худалдан авах чадварт нийцсэн, эдийн засгийн хувьд зөв тооцоолол хийж, иргэдэд хямд төсвөөр үйлчлэх бодлогыг бариагүйгээс үүдэн ийм нөхцөл байдал үүссэн гэж харж байгаа. Тиймээс МИАТ компанийг орон нутгийн нислэг үйлдэх боломжоор хангаж эхэлж байна.
2024 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус компани гаднаас онгоц түрээсэлж хэрэглэнэ, харин ирэх оноос эхлэн өөрийн захиалсан 75 хүний суудалтай онгоцоор үйлчилгээ эрхлэнэ. Ингэснээр үнэ тариф дахин буурах боломжтой" гэлээ.