Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр парламентын гишүүнээр сонгогдсон юм. Тэрбээр өчигдөр болсон анхдугаар чуулганы нээлтийн үеэр УИХ-ын гишүүний тангаргаа өргөсөнтэй холбогдуулан ажлаа хүлээлгэн өгнө.
УИХ-ын тухай хуульд заасны дагуу сонгогдохоосоо өмнө бусад ажил, албан тушаал эрхэлж байсан бол УИХ-ын гишүүн тангараг өргөхөөсөө өмнө чөлөөлөгдөх шийдвэр гаргуулсан байх ЁСТОЙ.
Дээрх хуулийн заалтын дагуу Хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр 12:00 цагт Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгаланд тамгаа шилжүүлэн өгнө. Дараачийн Хотын Захирагчийг сонгох хүртэл Ж.Батбаясгалан түр үүрэг гүйцэтгэгчээр ажиллах юм.
Мөн энэ үеэр С.Амарсайхан хотын Захирагчаар ажилласан ажлын тайлангаа тавина.
ХОЛБОГДОХ ХУУЛИЙН ЗААЛТ:
36 дугаар зүйл. Гишүүн хавсран гүйцэтгэж болох ажил, албан тушаал
36.1. Гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд дор дурдсан ажил, албан тушаал хавсран гүйцэтгэх эрхтэй:
36.1.1. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн;
36.1.2. улс төрийн намын сонгуульт албан тушаал;
36.1.3. төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаал;
36.1.4. багшлах болон эрдэм шинжилгээний ажил.
36.2. Сонгогдохоосоо өмнө энэ хуулийн 36.1-д зааснаас бусад ажил, албан тушаал эрхэлж байсан бол гишүүн тангараг өргөхөөсөө өмнө чөлөөлөгдөх шийдвэр гаргуулсан байна.
36.3. Гишүүн Засгийн газрын гишүүнээр томилогдсон бол түүний чуулганы ажиллагаанд оролцох журмыг Ерөнхий сайдын саналыг харгалзан Улсын Их Хурлын дарга захирамжаар батална.