Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨНДӨХ СЭДЭВ: Өсвөр насныхны дунд үе тэнгийн дарамт шахалт их байдаг. Гэвч тэд хуулийн өмнө хариуцлага хүлээдэг талаар мэдэхгүй байна

Огноо
Унших
10 минут 51 секунд

Сүүлийн жилүүдэд өсвөр насныхны зан төлөвд түрэмгий зан чанар илүүтэй ажиглагдах болж. Нэг хэсэг байрны эсвэл сургуулийн "АТАМАН" гэх цол гуншинтай нэгэн хавь ойрын хүмүүсээ хоргоож, зодох тохиолдол их байсан ч энэ үзэгдэл дахин сэдэрчээ. Бараг л өсвөр насны хүүхдүүд бие биедээ дарамт, шахалт үзүүлж буй нь хэвийн үзэгдэл болоход ойрхон болж.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд орцонд зодолдох 15-16 насны охидын бичлэг цахим орчинд цацагдсан бөгөөд хажууд нь зогсох охидоос нэг нь ч үл хөдлөн, нэгнээ хамгаалахаас илүүтэй элдэв муу үгээр дайран давшилж буй нь харагдана. Гэтэл үе тэнгийн дундах дарамт шахалт өнөөдрийг хүртэл байгаагийн дээр илүү түрэмгий байдалтай болж. Иймд UBN.mn сайтын сурвалжлах баг өсвөр насныхан тэр дундаа ЕБС-ийн сурагчдын дунд үе тэнгийн дарамт шахалт, гэмт хэрэг, зөрчил далд хэлбэрээр хир их байдаг мөн хүүхдүүд хууль эрх зүйн талаар хир их мэдлэгтэй байдаг талаар дараах мэдээллийг бэлтгэлээ.

Хүүхэд хэдэн настайгаасаа хуулийн хариуцлага үүрч, ял шийтгэл хүлээх вэ? Монгол Улсад мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулиар хүүхэд нь 14 наснаас дээш Эрүүгийн хариуцлага хүлээдэг. Өөрөөр хэлбэл, төрсний гэрчилгээн дээрх насаараа 14 нас хүрсэн бол эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн гэсэн үг юм.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн Зургадугаар бүлэгт "Арван дөрвөөс арван зургаа хүртэл насны хүн энэ хуулийн тусгай ангийн 10.1/Хүнийг алах/, 11.1/Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах/, 12.1/Хүчиндэх/, 17.1/Хулгайлах/, 17.2/Дээрэмдэх/, 17.8/Эд хөрөнгө устгах, гэмтээх/, 20.7/Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/, 20.16/Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах/, 26.1/Цахим мэдээлэлд хууль бусаар халдах/, 26.2/Кибер орчинд хууль бусаар халдах программ, техник хэрэгсэл бэлтгэх, борлуулах/, 26.3/Хор хөнөөлт программ хангамж бүтээх, ашиглах, тараах/, 29.8/Террор үйлдэх/-т заасан гэмт хэрэг үйлдсэн бол түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" хэмээн хуульчилжээ.

Гэвч өсвөр насныхан буюу ЕБС-ийн дунд ангиас ахлах ангийн сурагчдын дунд хуулийн мэдлэг дутмагаас үүдэн бүлэглэн дээрэм хийх, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах, хулгайлах гэмт хэргүүдийг голчлон үйлдэж буй.

Үүний нэгэн жишээ бол өнгөрөгч амралтын өдрүүдэд цахим орчинд ил болсон "БЗД-ийн ... хорооны ...хотхоны 16 давхарт хэсэг бүлэг охид нийлж, үе тэнгийн охиныг зодож, танхайрч буй" хэрэг юм. Уг хэрэг нь нийгэмд зөвхөн мэдэгдэж өнгөрсөн ганцхан жишээ. Гэтэл үүний ард маш олон нууц хэрэг далд хэлбэрээр бий.

Бид үе тэнгийн дарамт, шахалт, өсвөр насныхны хоорондын харилцаанд үүсдэг зарим асуудлын талаар ЕБС-ийн сургуулийн хэд хэдэн сурагчтай уулзаж ярилцахад,

Хүүхэд гэмт хэрэгт холбогдоод хуулийн хариуцлага хүлээх эсэхээ мэддэггүй тул хуулийн талаарх ойлголтыг ЕБС-ийн сурагчдад олгох хэрэгтэй

ЕБС-ийн 10-р ангийн сурагч, "Хүүхдүүд өөрсдөө хэн болж төрөхөө бас ямар царай зүстэй болж төрөхөө мэддэггүй. Гэтэл бага ангиас нь эхлэн хүүхдүүд бие биенийхээ гадаад царай зүс, өвөрмөц байдлаар нь ялгаварлан гадуурхдаг. Хүүхдүүд аль нь зөв, аль нь буруу вэ гэдгээ мэддэггүй учраас тийм үйлдэл гаргадаг.

Түүнээс гадна дунд ахлах ангийнхны хувьд бие биенийгээ зодож, гэмтээх тохиолдол гардаг. Түүнээс гарах үр дагаврыг төдийлөн мэддэггүй. Тиймээс хуулийн мэдлэг хүүхдүүдэд их хэрэгтэй гэж бодож байна. Сургуулиуд хуулийн талаарх ойлголтыг сурагчдадаа өгөх хэрэгтэй байх" гэсэн юм.

Үе тэнгийнхний дунд дарамт шахалт, ялгаварлан гадуурхалт их байдаг

ЕБС-ийн дунд ангийн сурагч охид, "Манай сургуульд үе тэнгийнхий дарамт шахалт бараг байдаггүй. Гэхдээ өөр сургууль дээр очиж үзэхэд том ах нар бие биенээ электрон тамхи татахыг шаардаж байсан. Бас нэг нэгэндээ их дээрэнгүй, муухай үгээр хандаж байсан. Түүнийг хараад л үе тэнгийн дарамт шахалт байдаг юм байна гэж бодсон. Гэхдээ том ангийнхан асуудлаа өөрсдөө шийдэхийг хичээдэг" гэв .

Сургуулийн булан эсхүл харанхуй газарт зодоон их болдог

Дунд ангийн сурагч хөвгүүд, "Сургуульд атаман олон байдаг. Бас зарим хүүхдүүдийг бор арьстай эсвэл гадаад төрхөөс нь болоод шоглох, ялгаварлан гадуурхах тохиолдол их бий. Заримдаа сургуулийн булан тохой, эсвэл харанхуй газарт хүүхдүүд бие биенээ зодох, танхайрах тохиолдол гардаг. Тэрийг эцэг, эхдээ төдийлөн хэлээд байдаггүй. Ялангуяа дунд, ахлах ангид бие биенээ дээрэлхэх асуудал их байдаг.

Хүүхэд гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хуулийн өмнө ямар хариуцлага хүлээдэг талаар сайн мэдэхгүй" гэлээ.

Өсвөр насны хүүхдүүдтэй ийнхүү ярилцахад ихэнх нь үе тэнгийн дарамт шахалтын талаар мэддэг, сонсож байсан мөн найзуудад маань тохиолдож байсан гэх хариултыг өгч байв. Гэвч хуулийн хүрээнд өсвөр насныхан хэрхэн хариуцлага хүлээдэг талаар сайн мэддэггүй гэдгээ ч хэлж байв.

Бид өсвөр насны хүүхдүүд хуулийн өмнө хэрхэн хариуцлага хүлээдэг талаар Өмгөөлөгч М.Хандармаагийн "Хүүхдүүд ээ Хуулийн мэдлэгтэй болцгооё" номоос дараах мэдээллийг авсан юм.

Өсвөр насандаа гэмт хэрэг хийвэл насаараа ял шийтгүүлсэн гэх хар толботой үлдэнэ

"Өсвөр насны хүүхэд гэмт хэрэг үйлдсэн бол,

  • Нэгдүгээрт, Маш их айдастай байх болно.
  • Хоёрдугаарт, Шүүхээр орж ял авна.
  • Гуравдугаарт, Өмгөөлөгч авах, хохирол нөхөн талах гээд зардал гарна.
  • Дөрөвдүгээрт, Насан туршдаа гэмт хэрэг үйлдсэн тухай цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэгдэнэ.
  • Тавдугаарт, Гадаадад суралцах визэнд орох, ажилд орох зэрэг бүх зүйл дээр саад болно гэх мэт маш олон сөрөг үр дагавартай.

Мөн бусдыг зодсон тохиолдолд, "Бусдын биед санаатайгаар хүндэвтэр гэмтэл учруулсан тохиолдолд, шүүхээс 450,000-5,400,000 төгрөгөөр торгуулах, эсхүл 240-720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1 сараас 6 сарын хугацаанд зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлнэ. Иймд өсвөр насны хүүхдүүд гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлж, бусдын хөөргөсөн үгэнд автахгүй байх хэрэгтэй. Хэрэв буруу үйлдэл хийвэл бүх насаараа ял шийтгүүлж байсан гэх хар толботой үлдэнэ" хэмээн бичжээ.

Тэгвэл өсвөр насныхны сэтгэлзүйн онцлог ямар байдаг талаар "Better Mind" нойргүйдэл, сэтгэл заслын эмнэлгийн үүсгэн байгуулагч, сэтгэл засалч эмч М.Мандах дараах мэдээллийг өгч байв. Тэрбээр,

Өсвөр насныхан насанд хүрэгчдийг бодвол аливаа зүйлийн үр дагаврыг урьдчилан харж, тооцоолох чадвар дутмаг байдаг

"Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэлзүйн онцлог нь бие махбодын онцлог болон тархины үйл ажиллагаатай салшгүй холбоотой байдаг. Өсвөр насны хүүхдүүдийн тархины хөгжил насанд хүрэгчдийнхтэй харьцуулахад бүрэн хөгжөөгүй байдаг. Өөрөөр хэлбэл, бидний сэтгэн бодох, сэтгэл хөдлөлөө удирддаг тархины бор гадарга нь өсвөр насны хүүхдүүдэд хангалттай хэмжээгээр зузаараагүй байдаг аж. Тиймээс өсвөр насныхан насанд хүрэгчдийг бодвол аливаа зүйлийн үр дагаврыг урьдчилан харж, тооцоолох чадвар дутмаг байдаг байна.

Мөн сэтгэлзүйн онцлог нь бүлгэрхэх сэтгэлзүй давамгайлдаг. Энэ нь найз нөхөд, хамт олныхоо үгэнд ээж, аавынхаа үгэнд орохоос илүүтэй итгэдэг, үе тэнгийхнээ даган дуурайж, үлгэр дуурайлил авдаг гэсэн үг юм. Түүнээс гадна өмнө хэлсэнчлэн тархины хөгжил бүрэн явагдаагүй байдаг тул сэтгэл хөдлөлөө удирдах чадвар томчуудыг бодвол сул байдаг. Тиймээс өсвөр насныхан сэтгэл хөдлөлөө шууд илэрхийлдэг, уурлавал шууд уурлаж, уйлвал шууд уйлдаг. Ерөнхийдөө сэтгэл хөдлөлдөө илүүтэй автах хандлагатай байдаг" гэсэн юм.

Дээрх мэдээллээс үзэхэд өсвөр насны хүүхдүүдийн хувьд аливааг эргэцүүлж, үр дагаврыг тунгаах чадвар насанд хүрэгчдийнхээс бага байдаг байна. Үүнийгээ дагаад өсвөр насныханд тэр дундаа ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт өсвөр насныханд зориулагдсан хуулийн мэдлэг олгох хөтөлбөр дутмаг байдгаас үүдэн хүүхдүүд аливаа зүйлийн эрсдэлийг тооцоолохгүйн дээр хуулийн өмнө хэрхэн хариуцлага хүлээхээ төдийлөн мэддэггүй байна.

Түүнээс гадна сургуулиудад өнөөдрийг хүртэл "атаман" гэх тодотголтой сурагчид байдаг бөгөөд үе тэнгийн дарамт шахалт буурдаггүйн гол шалтгаан нь энэ аж. Иймд эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ маш сайн ярилцаж, хэн нэгнийг гомдоох үйлдэл хийхгүй байхыг мөн хэн нэгэнд ялгаварлан гадуурхагдахгүй байхын арга ухааныг сайтар ойлгуулж, үр хүүхэдтэйгээ ярилцаж байхыг мэргэжлийн хүмүүс зөвлөдөг. Түүнээс гадна өөрийн хүүхдээ бусдын биед санаатай болон санамсаргүй байдлаар гэмтэл учруулахаас урьдчилан сэргийлж, хуулийн мэдлэгтэй болгоход онцгойлон анхаарах хэрэгтэйг сануулах нь зүйтэй.

“Номын баяр” энэ сарын 26, 27, 28-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно
“Номын баяр” энэ сарын 26, 27, 28-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.