Засгийн газраас боловсруулсан ҮХНӨ-ийн хуулийн төслийн хүрээнд УИХ-ын гишүүдийн тоог 152 болгохоос 126 болгон бууруулж тогтоох, мөн сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахдаа 76 тойргийг хэвээр хадгалж үлдсэн 50 гишүүнийг намын жагсаалтаар нэр дэвшүүлж сонгох буюу 60:40 гэсэн харьцааг баримтлах агуулга дээр УИХ-д суудалтай гурван нам байр сууриа нэгтгэж, улс төрийн шийдвэрээ танилцуулаад буй. Тэгвэл бид УИХ-ын Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэгдэж байгаа дээрх тоо болон, тогтолцооны өөрчлөлтийн асуудлаар улс төр судлаач, Д.Бумдарьтай ярилцлаа.
"Шинжлэх ухааны үндэслэлгүй 126 гэдэг тоог ямар үндэслэлээр гаргаж дэмжсэн нь сонин"
-Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн ҮХНӨ-ийн хуулийн төсөлд туссан гишүүдийн тоог 152 болгох агуулгыг улс төрийн намууд дэмжсэнгүй. Тойрогтоо ажилласан УИХ-ын гишүүдийн хэлж байгаагаар иргэд ч дэмжихгүй байгаа гэх. Гурван намын төлөөллийн хамтарсан мэдэгдлээр гишүүдийн тоог 126 болгох, сонгуулийг холимог системээр явуулахдаа 76 тойргийг эвдэхгүй хэвээр үлдээж жагсаалтаар 50 гишүүнийг нэр дэвшүүлэх саналд байр сууриа нэгтгээд байна. Шинжлэх ухааны судалгаа талаасаа энэ тоо ямар нөлөөлөл үзүүлэх вэ?
-Нэгдүгээрт парламентад суудалтай гурван нам яагаад гишүүдийн тоог 126 болгохыг дэмжив гэдэг нь сонирхолтой. Энэ тоог шинжлэх ухаан талаас нь авч үзэхэд тийм ч сайн үр дүнд хүрч чадахгүй болов уу.
УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд гишүүдийн тоог 152 болгох саналыг зүгээр ч нэг тусгаагүй. Үүнд эрдэмтэн судлаачид, улс төрийн намуудын саналыг харгалзаж, судалгаа шинжилгээний хүрээнд хамгийн оновчтой гэж дүгнэсэн тоо шүү дээ. Гэтэл УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллахдаа гишүүдийн тоог 152 болгосноор ямар үр дүнд хүрч, улс орон, нийгэмд ямар өөрчлөлт гарч болохыг иргэддээ төдийлөн сайн ойлгуулж чадаагүй юм биш үү гэж судлаачийн хувьд би дүгнэж байна.
Яагаад гэвэл бид яг энэ асуудлаар олон уулзалтуудыг хийж явахдаа үндэслэл, нөхцөл байдал, улс төрийн шинжлэх ухаан талаас парламентын засаглалтай улс оронд улс төрийн шинэчлэлийн асуудал ямар үр дүнтэй байх вэ гэдгийг хамтдаа ярьж зөвлөлдөхөд ойлгож байсан. Тиймээс судлаач хүний хувьд гишүүдээс 152 гишүүнтэй болох агуулгыг яагаад тайлбарлаж чадаагүй вэ гэдэг асуултыг юун түрүүнд гишүүдэд тавимаар байна.
Мэдээж хардах нэг өнцөг нь улс төр учраас цаана нь улстөржих үйл ажиллагаа явагдах нь бодит байдал. Тэгэхээр улс төрийн шинжлэх ухаан талаас ч, улс төрийн өөрийнх нь бодит дүр төрхтэй эвлэрсэн ч энэ хоёрын дундын хувилбарыг л олж харж 126 гэсэн тоонд гурван нам байр сууриа нэгтгэв үү гэж харж болох юм.
УИХ-ын нэг гишүүн дунджаар 30 орчим мянган хүнийг төлөөлнө гэж үзвэл 126 гэсэн тоо байж болох. Хачирхалтай нь ямар үндэслэлээр гарч ирсэн бэ гэдэгт шинжлэх ухаанч тайлбар байхгүй байна. Эндээс харагдаж байгаа зүйл нь улстөрчид бодлого шийдвэр гаргахдаа ямар байр суурь барьдаг вэ. Зүгээр хөөсөрдөг үү гэсэн асуулт гарч ирэхээр шүү дээ.
Үнэхээр нийгэмд тулгамдаж буй олон асуудал байна. Инфляц өндөр, цалин хөлс бага, амьжиргаа өдөр ирэх тусам хүндэрч байгаа гээд асуудал мундахгүй. Гэхдээ бид эдгээрээс салж, улс орноо цэгцлэхийн тулд цаашаа ямар хэлбэрээр засаглалыг үргэлжлүүлэх ёстой вэ. Ямар байдлаар иргэд хяналтаа тавих боломжтой юм бэ гэдэг зүйлийг маш бодитоор харах ёстой байтал эсрэгээрээ зөвхөн "иргэд дургүйцэж байгаа болохоор", "манай тойрог ингэж байгаа болохоор" гэдэг гишүүдийн тайлбарыг хүлээж авна гэдэг харамсалтай санагдаж байна.
Тиймээс бид дараагийн шийдвэрүүдийг гаргахдаа яагаад энэ бодлогоосоо ухарч байгаа юм. Яагаад энэ асуудлыг нийгэмтэйгээ зөвшилцөж чаддаггүй юм гэдэгт өөрсдөөсөө хариулт харах цаг ирсэн. Бүх зүйлд шинжлэх ухаанч байдлаар хандсан зүйл амжилттай байдаг гэдгийг бүгд мэднэ. Тоо болон тогтолцоог өөрчлөх асуудалд олон нийтийг хамарсан том хэлэлцүүлгийг нээлттэй нэгдсэн журмаар явуулах зайлшгүй шаардлага байгаа.
Ялангуяа УИХ-ын гишүүд иргэдэд тайлбарлаж ярихаас илүү магадгүй тухайн асуудлыг судалгаанд тулгуурлаж ярьдаг мэргэжлийн хүмүүс, мөн нийгмийн асуудалд чин сэтгэлээсээ санаа зовдог хүмүүс илүү дуу хоолойгоо хүргэж ярихгүй бол өнөөдөр бидний дундах нийгэм гарч ирсэн асуудлыг нэг бол дэмжих, эсвэл эсэргүүцэх гэдэг хоёр хувилбарт л хуваачихаад байгаа юм. Эндээс олон ямар ч өнцөг гарч ирэхгүй. Тэгвэл нийгмийг яагаад ийм болгосон бэ гэдгийг өөрөөсөө асуугаад буцааж хариултаа олж авч чадахаа больтлоо асуудалд улстөрждөг болсон байна. Энэ байдлаа ч мөн засах шаардлагатай.
126 нэр дэвшигчийг УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшүүлэхдээ 60:40 гэсэн харьцааг баримтална гэдэг нь нэг талдаа аюултай. Манай улс 2012 онд холимог системээр сонгууль явуулахдаа алдаж байсан түүхээ одоо давтах гэж байна.
Тодруулбал одоогийн улс төрийн намуудын дэмжиж байгаа саналаар хууль батлагдвал тойргийн 60 хувь жагсаалтын 40 хувиа "бонус" л гэж харна. Яагаад гэвэл бидэнд өгсөн саналаар та нар гарч ирж байгаа гэдэг байдлаар УИХ-д тойргоос сонгогдсон гишүүд асуудалд хандах байдал үүснэ. Хэдийгээр тоог Үндсэн хуульд тусгасан ч цаана нь иймэрхүү байдал мөнхийн оршсоор л байна гэсэн үг.
Нөгөөтэйгөөр хувь тэнцүүлсэн элемент олон давуу талтай. Улс төрийн намын хүчинд хамгийн чухал нөлөө үзүүлдэг. Ямар улс төрийн нам байгаад хэн түүнд итгэж болох. Ямар улс төрийн үзэл баримлал бариад ямар хөгжлийн бодлого баримтлаад түүнийгээ хэрхэн хэрэгжүүлж байна. Үндэсний хэмжээнд бодлого ярихуйц ямар хүнийг жагсаалтаар оруулж байна вэ гэдэг нь тухайн улс төрийн намтай шууд холбоотой байдаг. Тэгэхээр намын хөгжил саармагжина.
Тиймээс улстөрч нар мэтгэлцэж сурах нь чухал. Ямар асуудлаар мэтгэлцэж байгаа юм. Түүнийгээ үндэслэлтэй, логиктой нь, шинжлэх ухаанч байдалтай нь цаашлаад практиктай нь нийлүүлээд мэтгэлцэж сурах шаардлагатай байна. Улс төрийн цэвэр мэтгэлцээн хийдэг боломж нь гишүүдийн тоо болон намын жагсаалттай холбоотой болж таарна. Миний хувьд төсөлд тусгагдсан 50:50 гэсэн харьцааг барихыг илүү чухалчилж байсан.
"УИХ-ын гишүүд иргэдтэй уулзахдаа тоо болон тогтолцооны өөрчлөлтийг хувийн өнцгөөр биш нийтийн эрх ашгийг хамгаалах талаас тайлбарлах нь чухал"
-Парламентын нэг гишүүнд төвлөрч байгаа эрх мэдлийг гишүүдийн тоог нэмэх байдлаар хязгаарлах боломжтой гэж үзэж буй. Гэсэн атал тоо 152-126 болж өөрчлөгдсөн тухайд агуулгын хувьд асуудал дахиад л тогтолцоотойгоо уялдаж хөндөгдөж байх шиг?
-Иргэд үүнийг маш сайн ойлгох ёстой. Учир нь эцсийн дүнд хууль батлагдахад хэн кноп дарах вэ гэдгийг бодох л хэрэгтэй. Гишүүд гэж ямар хүмүүс байна вэ гэдгийг бид харах ёстой. Яагаад эрх ашгаа хамгаалж авч үлдэхийн төлөө байна вэ гэдгийг ажиглах ёстой. Бид өнөөдөр 76 тойрогтой. Ийм улс төрийн хүчнүүдтэй 30 жилийн турш яаж явж ирсэн юм бэ. Нийгмийн давхарга өөрчлөгдөөд, ядуурал их болсон. Улс орны хөгжил урагшлахгүй явж ирлээ гэх мэт асуудлуудын ард бид ямар сонголтууд хийж ирсний дүнд ийм болсон бэ гэдгээ ухаарах цаг болсон.
Мөн гишүүдийн тоог 126 болгож тогтолцоог 60:40 байдлаар хийх гэж байгаа агуулга хэлэлцүүлгийн явцад яаж өөрчлөгдөхийг таашгүй. Нэг зүйлийг анхааруулж хэлэхэд ирэх долоо хоногт гишүүд дахиад тойрогтоо ажиллах гэж байна. Тэр үедээ тоо болон тогтолцоотой холбоотой асуудлыг хувийн өнцгөөр биш нийтийн эрх ашгийг хамгаалах талаас тайлбарлаж хамтын хэлэлцүүлэг хийх шаардлагатай байна.
"УИХ-ын 76 гишүүний ажлын албанд харъяалагдах 380 хүний тоо нэмэгдэхгүй. Цалин хөлсөнд зарцуулдаг 10 тэрбум төгрөг өөрчлөгдөхгүй"
УИХ-ын гишүүдийн тоог нэмэхтэй зэрэгцэж тэдэнд зарцуулагдах зардал дагаад өснө гэсэн өнцгөөс иргэд харж шүүмжилж буй. Гэтэл улс төрийн намын тухай хуулийн төсөлд сонгуулийн зардлыг бууруулах, төсвөөс олгох санхүүжилтийн болзлыг хатууруулах зэрэг зохицуулалт туссан байгаа шүү дээ. Харин сонгогдсон гишүүдэд төрөөс олгодог урсгал зардал яаж өөрчлөгдөх нь сонирхол татаж буй?
-Одоогийн 76 гишүүн, түүний ажлын албанд харьяалагдах 314 хүн буюу нийт 380 хүн байгаа. Тухайн хүмүүсийн цалин хөлсөнд 10 орчим тэрбум төгрөг одоо зарцуулагддаг юм билээ. Засгийн газраас боловсруулсан хуулийн төсөлд зааснаар гишүүдийн тоо 152 болж нэмэгдлээ гэхэд 380 хүн дээр нэмэхгүй. Өөрөөр хэлбэл одоо байгаа орон тоогоор ажлын албыг хоёр салгаж болно гэсэн үг. Жагсаалтаар сонгогдсон гишүүнд нарийн бичгээр нэг хүн, тойргоос орж ирж байгаа хүнд хоёр нарийн бичиг ноогдох байдлаар тооцоолж төсөвт дарамт учруулахгүй гэдэг байдлаар тусгаад байгаа.
Тиймээс өнөөдөр ямар асуудал үүсчхээд эдгээр хуулийн төслүүдийг хэлэлцэж батлах гээд байна вэ гэхээр "мөнгөтэй хэсэг нь дуу захиалдаг" байдлыг болиулах л гэсэн үг. Мөнгөтэй, давуу байдалтай хүмүүст илүү боломж олддог тэгш бус гарааны байдлаа бид хуульд өөрчлөлт оруулж зогсооё гэсэн санаа. Үүний эхлэх цэг нь улс төрийн тогтолцоо юм. Яагаад гэвэл тэндээс бүх хууль гардаг. Тэндээс эрх мэдлийн хуваарилалтууд хийгдэж байгаа учраас тогтолцоог бид эрүүл болгох ёстой.
Үүнд илүү олон судлаачид маань үгээ хэлэх хэрэгтэй байна. Тогтолцооны өөрчлөлтийг бодитойгоор тайлбарлаж ярих шаардлагатай байна. Үгүй бол зөвхөн өнөөдөр, маргаашийг харсан байдал хол явахгүй. Зөвхөн ирээдүйг харсан шийдэлд хүрэх хавар болсон байна гэж хэлье.
"2024 оны сонгууль сонирхол татахуйц болох ч 76 тойрог эрс шинэчлэгдэж чадахгүй"
-Улс төр судлаачийн хувьд та ирэх 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн ерөнхий дүр зургийг юу гэж харж байгаа вэ. Одоогийн 76 гишүүдээс дахин сонгогдох магадлалтай хүмүүс бага, дээр нь эрх баригч нам засгийн эрхийг барьж байгаа хугацаандаа авлига, хээл хахуулийн олон хэрэгт гишүүд нь холбогдоод шалгагдах болсон гээд нийгмээс муу дүн авахаар олон шалтгаанууд бий шүү дээ.
-Иргэдийн бухимдаж байгаа нь зөв. Яагаад гэвэл төлөөлөх эрхээ шилжүүлчихсэн учраас шаардах нь зүй ёсны хэрэг. Үүнд төр барилцаж байгаа хүмүүс өөрсдөдөө дүгнэлт хийх цаг болсон. Гэхдээ үл шалтгаалах бас нэг зүйл нь геополитикийн асуудал, олон улсад гарч байгаа хүчний өөрчлөлтүүд, дээр нь цар тахалтай холбоотой бүх улсад инфляц нэмэгдсэн зэрэг нөлөөллүүд бий. Гэвч үүнийг ард иргэд харилцан адилгүй ойлгож хүлээж авч байгаа. Тиймээс УИХ-ын гишүүд бодит байдлуудыг ойлгуулж хэлэх хэрэгтэй. Өөр хийх ёстой чухал зүйл бол эрсдэлийн үед бид ямар менежмент хийх вэ гэдгээ ч мөн тооцоолж судлах ёстой болсон байна.
Эцэст нь 2024 оны сонгуулийн тухайд хэлэхэд тойргоо өөрийн болгож чадсан буюу дархлаажсан тойргуудын гишүүд асуудалгүй сонгогдох байх. Мэдээж шинэ хүн тэр тойрогт очиж өрсөлдөөд ялалт байгуулах боломж тун хомс. Энэ бол манай тогтолцооны гажуудал. Харин сөрөг хүчнийг хүсдэг газар бол арай өөр дүн тавина. Тиймээс ирэх оны сонгууль сонирхол татахуйц болох байх. Гэвч одоо байгаа УИХ-ын гишүүд эрс өөрчлөгдөнө гэж бодохгүй байна.
Ярилцсанд баярлалаа