Тээврийн хэрэгсэл хулгайлах төрлийн гэмт хэргийг түргэн шуурхай илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдан энэ оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс ажиллаж байгаа юм. Арга хэмжээний хүрээнд 2021 оны 06 дугаар сараас эхлэн бусдын 46 тооны тээврийн хэрэгсэл хулгайд алдагдсан хэрэгт 15 настай “Г”-г холбогдуулан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Тухайн этгээд нь бусадтай бүлэглэн нийлж, Honda Fit, Prius-10,11, Nissan Tida зэрэг он хуучин тээврийн хэрэгслийг сонгож хулгайлдаг байна. Нийслэл хотын хэмжээнд он гарснаас хойш тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг 114 бүртгэгдэж, илрүүлэлт 55.2 хувьтай, алдагдсан тээврийн хэрэгслийг 93.8 хувьтай олсон байна.