“Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой нэр бүхий 80 шүүгдэгч, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 19 дэхь өдрөө үргэлжилж байна. Өчигдрөөс хэргийн нотлох баримтуудыг шинжлэн судалж эхэлсэн билээ. Өнөөдөр шүүгдэгч Эдийн засаг хөгжлийн сайд асан Н.Батбаяр Мон Роуд компаниуд давуу байдал бий болгосон гэх хэргийн нотлох баримтыг товчоор шинжлэн судаллаа.
Шинжээч гэрээ байгуулах үеийн зах зээлийн ханш, мөрдөгдөж байсан норм стандартын дагуу Мон Роуд ХХК-ийн ажлын тоо хэмжээнд хяналт шинжилгээ хийсэн бөгөөд 44.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий Халзанбүргэдэй Солонготын даваа чиглэлийн 100 км автозамын ажлын хүрээнд эл шинжилгээг хийжээ. Харин гэрээ байгуулагдах шатанд 46.3 тэрбум төгрөг болж нэмэгдүүлсэн нь зах зээлийн бодит үнэлгээнээс 2 тэрбум 35 сая төгрөгөөр илүү байна гэж үзжээ.
Мөн шинжээч н.Мөнхзаяагийн мэдүүлгээр "Мон Роуд ХХК нь уг замын ажлыг хийж гүйцэтгэсэн байсан бөгөөд бидний зүгээс энэ замыг 44.3 тэрбум төгрөгт хийж гүйцэтгэх боломжтой байсан гэж үзэж байгаа" гэжээ.