Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэл хийж байна.
Б.Лхавгасүрэн: Мөнгөний бодлогын хороо ээлжит хурлаараа эдийн засаг, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв болон гадаад дотоод орчны тодорхой бус байдлыг харгалзан үзэж бодлогын хүүг хэвээр хадгалана. Мөн Банкны системийн тогтвортой байдлыг хадгалах үүднээс банкны эх үүсвэрийн долларжилтыг бууруулах, төгрөгийн харьцангуй өгөөжийг хадгалах зорилгоор өндөр хүүтэй гадаад валютын хадгаламж болон хүү төлж буй гадаад валютын харилцахын эзлэх хувиар банканд олгох төгрөгийн заавал байлгах нөөцийн урамшууллыг бууруулан тооцоно.
Цар тахалтай холбоотой өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээс хойш хэрэгжүүлсэн төсөв, санхүү, мөнгөний бодлогын багц арга хэмжээ нь эдийн засгийн идэвхжилд эерэг нөлөө үзүүлж байна. Гэхдээ гадаад эрэлт болон эрдэс бүтээгдэхүүний үнэ буурч, Ковид-19 вирусний тархалтаас сэргийлэх хязгаарлалтын арга хэмжээ үргэлжилж, дотоод эрэлт эхний хагас жилд буурлаа.
Энэ онд эдийн засгийн өсөлт саарч, инфляц нам түвшинд хадгалагдах хүлээлттэй байгаа ч дотоод, гадаад эдийн засгийн тогтвортой байдлыг хангах шаардлага нь мөнгөний бодлогын төлөвийг цаашид зөөлрүүлэх боломжийг хязгаарлаж байна.