Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Уянга: Намайг хамгийн их дэмждэг хүн бол БИ өөрөө

Ангилал
Ubn story
Огноо
Унших
14 минут 20 секунд

Хааяа нэг дуу сонсохоор сэтгэл тайтгардаг шиг яруу найраг, шүлэг зохиол сонсох төдийд ч сэтгэл баясдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам уран зохиол шимтэн сонирхох хүн цөөрсөн ч өнөөдөр "Театр лоунж" гэх шинэхэн урсгалыг шинээр хөгжүүлж, уран зохиолд залуусыг "уруу татах" нэг зорилгыг тээн гурван бүсгүй хэдийнээ нэгджээ.

Тэдний нэг бол хүмүүсийн тэр дундаа бүсгүйчүүдийн сайн таних "Уул үүл" пэйжийн админ, гурван охины ээж, жүжигчин Б.Уянга юм. Иймд бид түүнийг "Ubn story" булангийнхаа удаах зочноор урьж ярилцлаа.

-Юун түрүүнд ярилцлагын маань урилгыг хүлээн авсанд маш их баярлалаа. Өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Б.Уянга гэдэг. Жүжигчин мэргэжилтэй. "Уул, үүл" пэйжийн админ мөн "Women's club"-ийн гишүүн.

-Сүүлийн үед ямар уран бүтээл хийж байна вэ. Ялангуяа "Womаn's club"-аар сонин сайхан юутай байна?

-Жүжигчин Ж.Тэгшжаргал, жүжигчин Э.Хонгорзул бид гурав нэгдээд "Womаn's club" гэх уран бүтээлийн нэгдлийг үүсгэн байгуулсан. Энэхүү уран бүтээлийн нэгдэл маань яруу найргийг орчин үеийн залууст танин мэдүүлэх, шинэ, өвөрмөц өнгө төрхийг бий болгох үндсэн зорилготой. Жүжигчин Ж.Тэгшжаргал эгчийн хувьд одооноос эхлэн шүлэг уншиж эхэлж байгаа өмнө нь ихэвчлэн шүлэг бичдэг байсан. Харин жүжигчин Э.Хонгорзул бид хоёрын хувьд шүлэг уншаад багагүй хугацааг өнгөрөөж байгаа.

Саяхан бид гурав хамгийн анхны шүлгэн клипийг хийж, үзэгчдэд хүргэсэн. Одоо дараагийн шүлгийнхээ клипний зургийн ажилд орчихоод явж байна.

-Өмнө нь шүлэг, уран зохиол сонирхдог хүмүүс ихэвчлэн "Болор цом", "Хүрэл тулга" зэрэг наадамд л зориулж өөрсийгөө бэлддэг, яруу найраг бичдэг байсан шүү дээ. Гэтэл одоо яг уран зохиолд хайртай, дуртай хүмүүс цахим орчныг ашиглан хүссэн шүлгээ сонсож, тайтгарлыг мэдрэх боломжтой болж. Үүгээрээ ч "Womаn's club" бусдаас ялгарч байгаа мэт харагдаж байна л даа?

-Хүүхэд байхдаа би ангийнхандаа уран зохиолын ном уншиж өгдөг байсан юм. Гэтэл сошиал орчин хөгжихийн хирээр хүмүүс уран зохиолыг төдийлөн анхаарахаа больчихсон юм шиг санагдсан. Бас үүний адил зохиолчид ч дарагдаж байгаа мэт санагддаг юм.

Тийм ч учраас уран зохиолыг эргэн сэргээх хэрэгтэй юм байна. Залуусыг шүлэг, яруу найрагт дуртай сонирхолтой болгох хэрэгтэй юм байна гэж бодсоны үндсэн дээр шинэ урсгалыг бий болгоё гэж нэгдсэн. Гэхдээ дан ганц яруу найргаар дагнана гэж бид гурав бодохгүй байгаа. Бүх төрөл рүү урвана. Маш их төлөвлөж байж, тэр төлөвлөгөөнийхөө дагуу явж байгаа.

Саяхан дөрөвдүгээр сарын 14-ний өдөр бид "Сонсох үдэш" гэх эвентийг зохион байгуулсан. Одоо дараагийн үйл ажиллагаагаа зохион байгуулахаар төлөвлөөд явж байна.

-Эрдэнэт хотод дараагийн эвентээ зохион байгуулна гэсэн үү?

-Тийм. Эрдэнэт, Дархан, Сэлэнгэ аймаг гэсэн маршрутаар эвентээ зохион байгуулна. Бид "Театр лоунж" гэх урсгалыг шинээр гаргаж ирж байгаа юм. Яагаад "лоунжид хүмүүс уран зохиол, яруу найраг сонсоод сууж болохгүй гэж" гэж бодсон учраас энэхүү урсгалыг VIP зэрэглэлээр гаргаж ирж байгаа.

-Таны хувьд "Achus entertainment"-ийг үүсгэн байгуулсан шүү дээ. Мөн "Beauty flowers" цэцгийн дэлгүүрийг ажиллуулж байсан. Эдгээр бизнес нь яг юу болж байна?

-"Achus enetertainment"-ийн хувьд өсвөр насны хүүхдүүд рүү чиглэх тэр дундаа драмын дугуйлан явуулах ч гэдэг юм уу тийм зорилттой байсан. Би хүүхэд байхдаа "Лоолойгийн найзууд"-ын "Тоглоомын гүнж"-ийг хөтөлдөг байсан юм. Тухайн үедээ том болоод хүүхдэд чиглэсэн ямар нэг зүйл хийнэ гэж бодож байгаад "Achus entertainment"-ийг үүсгэн байгуулсан юм. Одоогоор төдийлөн ажлаа эхлээгүй ч "Утастай мэндчилгээ" маань "Achus entertainment" дээр явдаг юм.

Харин маш их ажилтай учраас цэцгийн бизнес маань зогсчхоод байсан л даа. Бусад ажлуудаа хийж байгаад цэцгээ үргэлжлүүлье гэж бодоод түр орхисон байгаа.

-Магадгүй таныг сонсдог, пэйжийг нь дагадаг олон хүн "Сонсох үдэш"-ийн талаар тэр дундаа уншиж буй шүлгүүдийнх нь талаар асуухыг хүсдэг байх. Ер нь уншиж байгаа шүлгээ хэрхэн сонгодог вэ мөн утга агуулга бүрээсээ шалтгаалаад өөр, өөр мэдрэмж авдаг байх тийм үү?

-Хүмүүс стрессдэхээрээ ямар нэг зүйл хийдэг шүү дээ. Миний хувьд дуу их сонсдог. Хөгжмөө тултал нь чангалаад ямар ч хамаагүй дуу сонсож байхад өглөөнөөс орой болчихсон байдаг. Магадгүй өөрөө, өөрийнхөө сэтгэлзүйг эмчлээд байгаа нь тэр байх л даа.

Яг түүнтэй адил маш олон шүлэг уншдаг. Хүмүүс ч унших шүлгийг маань санал болгоно, заримдаа шүлгийн ном уншина. Тэгээд л хайсан шүлгүүдээ уншаад үзэхээр ямар нэг мэдрэмж төрдөг. Маш сайхан мэдрэмж. Яг тэр авсан мэдрэмжээ бусдад ч гэсэн өгөхийн тулд тэр шүлгээ сонгоод хүмүүст уншиж өгдөг.

-Таны хувьд СУИС-ийг хэдэн онд төгссөн бэ. Мэргэжлээрээ ажиллах хүсэл сонирхол бий юу?

-Би гурван хөөрхөн охинтой. Сургуулиа төгсөх үедээ төрсөн учраас мэргэжлээрээ шууд ажиллах жаахан боломжгүй байсан. Хүүхдүүдээ хараад сууж байхдаа "За би одоо ч жүжигчнийхээ мэргэжлээр ажиллана гэж юу байх вэ" гэж бодож байсан юм.

Гэхдээ өөрийнхөө дотор байгаа жижигхэн очийг олж хараад гэрээрээ "Утастай мэндчилгээ" хийж эхэлсэн. Бараг зургаан жил орчим утастай мэндчилгээгээ хийж байгаа юм байна. Тэгээд яг энэ жилээс эхлэн хүүхдүүд маань том болоод бага охин маань хоёр нас хүрч гараас гарсан. Яг үүнтэй адил би ч бас өөрийгөө эргээд бий болгох хэрэгтэй юм байна, нэг зэвэрчихвэл буцаад босож ирэхгүй байх гэж бодоод хүчээр босож ирсэн. Тиймээс цаашдаа хүсэл мөрөөдлийнхөө төлөө зогсолтгүй зүтгэнэ гэж бодож байна.

-Гурван охиных нь талаар яриагаа үргэлжлүүлье. Тэр дундаа ээж болсон анхны мэдрэмжээсээ хуваалцвал?

-Анх охиноо төрөхөд "Би ингээд л ээж болчхож байгаа юм байхдаа" гэж бодож байсан юм. Миний том охин намайг 21 настай байхад төрсөн л дөө. Өөрөө хүүхэд байж бас нэг хүүхэдтэй болчихсон. Гэхдээ түүнийгээ анзаардаггүй юм билээ. Гэтэл өчигдөр том охинтойгоо ярилцаад байж байсан чинь зэрэг өсчихсөн гэдгээ ойлгосон. Яг л найзууд шиг. Надтай сайн ярилцдаг, зөвлөдөг яг л найз шиг том болчихсон юм билээ.

Яахав төрсний дараах сэтгэл гутралд ороод маш их таргалсан ч өнгөрсөн жилээс эхлээд эрчимтэйгээр турсан. Хүмүүс ч турсан дээр маань ач холбогдол өгөөд байгаа юм.

Би өөрөө айлын ганц хүүхэд учраас олон хүүхэдтэй болно гэж боддог байсан юм. Гэтэл гурван хөөрхөн охинтой болчихсон. Охид маань бие биеэсээ ой 6 сарын зөрүүтэй. Бас бүх хүн хүүхдийнхээ хүйсийг захиалж төрдөггүй шүү дээ. Ямар нэг учиртай болоод л гурван охин төрсөн байх.

Түүнээс гадна би яг одоо хүүхдүүдээ сайхан амьдраасай, хүсэл мөрөөдлөөрөө яваасай, юунаас ч айж ичихгүй, айдасгүй, аз жаргалтай, эрх чөлөөтэй амьдраасай гэж хүсдэг. Ялангуяа өөрөө өөрийгөө хайрлаж, хайртай байгаасай л гэж хүсдэг юм. Тийм ч учраас гурван охиныхоо төлөө маш их хичээдэг.

Үүлээ бид хоёрын хийдэг байсан бичлэгүүд ТАВИЛТТАЙ КОНТЕНТ байсан

-Сошиал дээр таныг анх дүүтэйгээ /Zuer продакшны жүжигчин Үүлээ/ хамт бичлэг хийж, бие биеэ пракладаг видеоноос нь харж байсан юм. Гэтэл одоо та хоёр хамтдаа бичлэг хийж харагдахгүй юм?

-Тэр бол эхнээсээ тавилттай жүжиг байсан юм. Хүмүүс одоо ч түүнийг үнэн гэж боддог юм шиг байна лээ. Төрсөн эгч дүүс, намайг ч гэсэн тийм ааш муутай гэж боддог. Гэхдээ би бол тийм ааштай хүн биш шүү.

Үүлээ бид хоёр СУИС-ийн дээд, доод курсийн эгч дүүс. Анхнаасаа л зохиолын дагуу явж байсан. Мөн Үүлээ маань өөр продакшнд харьяалагддаг учраас бас миний хувьд ээжийнхээ ажлыг хийх болсон учраас бичлэгээ хийхээ больсон.

-Энэ талаар анх удаа сонсож байна. Өмнө нь огт ярьж байгаагүй юм байна тийм үү?

-Тийм байна. Анх удаа л хэлж байгаа юм байна. Түүнээс биш хүмүүс лайв хийхээр ч юм уу байнга Үүлээг асуудаг юм. Үүлээгийн лайваас ч намайг асуудаг. Салж болохгүй холбоотой болчихсон юм байна.

-Таны ард хамгийн бат зогсож байдаг хүн хэн бэ?

-Намайг хамгийн их дэмждэг хүн бол БИ өөрөө. Мөн ээж маань сая намайг эвент зохион байгуулсны дараа хүлээн зөвшөөрч эхэлсэн. Тийм мэдрэмж авсан. Өмнө нь намайг "Юу хийгээд яваад байгаа юм, гэртээ харагдахгүй" гээд л загнаад, ойлгохгүй байсан юм. Нөгөө л нэг 10 жилийн уран зохиолтой адилхан гэж боддог байсан юм шиг байна лээ.

Харин "Сонсох үдэш" эвентэд маань ирснийхээ дараа хүмүүс үнэхээр уран зохиолд дуртай юм байна, сонсдог юм байна гэдгийг нүдээрээ харж, чихээрээ сонсоод одоо маш их дэмжиж байгаа.

-Одоо бол таны хүсэл мөрөөдөл хязгааргүй байгаа гэж бодож байна. Цаашид юу хийхийг зорьж байна, ямар ямар төлөвлөгөөтэй байна?

-Яг ингээд бодсон чинь би хүн баярлуулдаг ажил хийж байгаа юм байна. "Утастай мэндчилгээ" онлайн радио маань аль хэдийн зургаан жил болчихсон байна. Охиноо төрж байхад л эхэлсэн юм.

Тиймээс цаашид "Утастай мэндчилгээ"-гээ арай өөр түвшинд хүргэж, хүмүүсийг баярлуулъя, илүү өргөжүүлье гэж Хона бид хоёр ярилцаад байгаа юм. Харин "Womаn's club"-ийн маань хувьд цаашдаа контент, ток шоу зэрэг ажлуудыг зохион байгуулна гэсэн төлөвлөгөөтэй явж байна.

-Хамгийн сүүлийн асуултаа асууя. Эмэгтэй хүн байхын хамгийн сайхан зүйл нь юу вэ. Мөн бүсгүйчүүдэд хандаж хэлэхийг хүсдэг үг бий юу?

-Миний хувьд маш их хөгжилтэй хүн байхгүй юу. Гэхдээ шүлэг уншаад суухаар маш зөөлөн уян, намбалаг болчихдог. Гэтэл түүнийг маань хүмүүс шууд хүлээж авч чаддаггүй. Байгаагаараа байхаар л ойлгохгүй байгаа юм шиг санагддаг. Тиймээс энэ ташрамд би их хөгжилтэй хүн шүү гэдгээ хэлье.

Мөн миний хувьд өөрөө ээж учраас ялангуяа ээжүүдийгээ илүү дэмжиж ажиллахыг хүсдэг. Яг л миний явсан, туулсан замналаар явж байгаа. Би хүүхдүүдээ хараад гэртээ байж байхдаа сошиалаар явж байгаа эмэгтэйчүүдийг, влог хийж буй бүсгүйчүүдээ хараад ямар гоё юм бэ, хүмүүс ингээд явж байхад би гэртээ хүүхдүүдээ хараад байж байна гэж боддог, түүнээсээ стресстдэг байсан. Гэтэл цаг хугацаа маш их хэрэгтэй юм байна. Магадгүй хүсэл мөрөөдлийнхөө төлөө зүтгэвэл бурхан чамайг нэг л өдөр шагнана. Зүгээр л сэтгэл зүрхээ сонсож, түүнийгээ л дагаарай бас өөрийгөө хайрлаарай, хэн нэгний хүчинд битгий автаарай гэж хэлэхийг хүсэж байна.

Хүүхдүүд бол яахав том болоод л орхиод яваад өгнө. Энэ бол үнэн. Тиймээс өөрийгөө л хайрлаарай, өөрөө өөртөө хайртай байгаарай, анхаарал тавиарай гэж хүсдэг.

-Ярилцсанд баярлалаа.

Гишүүдэд захаар ажиллаж үнийн өсөлтийг судалж хуулийн хэрэгжилтийг шалгах, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудлыг судалж танилцуулах ҮҮРЭГ ӨГЛӨӨ
Гишүүдэд захаар ажиллаж үнийн өсөлтийг судалж хуулийн хэрэгжилтийг шалгах, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудлыг судалж танилцуулах ҮҮРЭГ ӨГЛӨӨ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.