МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн БЗД-ийн 23-р хорооны хэсгийн хороонд очиж саналаа өглөө. Тэрбээр:
"Өнөөдөр бол ард түмний маань баярын өдөр. Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-аа сонгон байгуулах энэхүү Үндсэн хуулийн хүрээнд олгогдсон сонгох, сонгогдох эрхээ ард түмэн маань эдэлж, хэрэгжүүлж байна.
Хэдийгээр дэлхий ертөнцөд цар тахал гарч хүмүүсийн амьдрал хүндхэн байгаа ч дэлхийн улс орнууд төрийн эрх барих парламентийн сонгуулиудаа амжилттай сайхан зохион байгуулж ирснийг манай ард түмэн бүгдээрээ мэднэ. Энэ хүрээнд сонгууль маань амжилттай сайхан явагдаж байна. Ард иргэд маань ч идэвхтэй сайхан оролцож байгаа юм байна. Ирц урьд урьдны жилүүдээс илүү сайн байна, залуучууд маань сайн оролцож, хүмүүс идэвхтэй байна гэж надад хэлж байна. Энэ удаагийн сонгуульд шинэ мянганы хүүхдүүд саналаа өгч байна.
Үүний хажуугаар бүх нэр дэвшигч, бие даагчиддаа амжилт хүсмээр байна. УИХ-ын сонгуульд ямар нэг хэл амгүй, маргаангүй, ард түмнийхээ эрхийг зөрчихгүйгээр хүн бүр идэвхтэй оролцоно гэж итгэж байна.
Энэ жил ер нь маскаа зүүсэн, хоорондын зайгаа барьсан эмх цэгцтэй, дэг журамтай сайхан сонгууль болж байна. Нийт ард түмэндээ сонгуулийн баярын мэнд хүргэе." гэлээ.