Салхин цэцэг өвчнөөр өвчилсөн 40 хүүхэд ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Тус төвийн Яаралтай тусламжийн тасгаар 2-3 тууралтат халдварын тохиолдол ирж тусламж үйлчилгээ авчээ. Үүнээс салхин цэцэг өвчний халдварын тохиолдол их бүртггэгдэж байгааг ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Бурмаа өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр дурдав.
Тэрбээр, “Салхин цэцэг өвчний халдвар дэгдэмхий вирус учраас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай. Насны хувьд 5 хүртэлх насныхан дийлэнх хувийг эзэлж байгаа бол 5-10, 10-25 насныхан өвдөж байна. Уг өвчний халдвар амьсгалын замаар дамжина. Толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, суулгах шинж тэмдэг илэрнэ. Ядарч сульдах, зарим хүүхэд уур уцаартай, цочромтгой болох, зарим нь сулбагар, ноомой, унтамхай, халуурч болно. Өвчний хөнгөн, дунд зэргээс хамааран улаан эсэргэнэ, улаан бурхан халдвартай төстэй тууралт гарсны дараа арилж, халуурах шинж тэмдгээр өвөрмөц шинж илэрнэ.
Тууралтын хувьд толбон, гөвдрүүн, цэврүүтэй байдлаар толгой, хүзүү, нүүр, их бие гээд биеийн бүх хэсэгт нэгэн зэрэг гардаг. Хэрэв хүүхэд халуурвал шинэ тууралт гарч байна гэсэн үг. Хөнгөн бол 3-5 хоног, хүнд бол 6-10 хоног туурдаг” гэв.
Салхинцэцгийн халдварын үед усанд орох, агаар салхинд гарах, гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх, хувийн ариун цэвэр сахих хэрэгтэйг зөвлөлөө.