Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цэцээр бамбай хийж гишүүдийн тоог нэмж, тогтолцоог тусгасан ҮХНӨ “хөдөллөө”

Ангилал
Улс төр
Огноо
Унших
8 минут 51 секунд
UBN.MN

Аливааг өөрчлөхийн тулд асуудал олох хэрэгтэй. Хэрвээ олдохгүй бол бий болгох ёстой. Тэгвэл гишүүд болон эрх баригчид асуудлаа олжээ. Олсон асуудал нь өөрсдийнх нь тарьсан “давхар дээл”. Институт хоорондын хяналт тэнцэл тэднийг ийнхүү гишүүдийн тоог нэмэхэд хүргэж буй гэнэ. Нээрээ ч 76 гишүүний 14 нь засгийн газрын кабинетад орчихсон байхад институт хоорондын хяналт, тэнцлийг хэн нэгнээс нэхвэл тэнэг хэрэг.

За, тэр завхрал ч яахав. Гол юмандаа оръё. Өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор үдээс хойш сонгуулийн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Байнгын хорооны уур амьсгалыг харахад мөн ч олон юмны чиг харагдаж байх юм.

НЭГ, Цэцийн 02 дугаар дүгнэлтийг үндэслэж, холимог тогтолцоог агуулсан сонгуулийн хуулийн шаардлагаар ҮХНӨ-ийг хийж ГИШҮҮДИЙН ТООГ НЭМНЭ

Ордны 75 маань нэгэн дуугаар гишүүдийн тоог нэмэхээр зориг шулууджээ. Байнгын хорооны хурал дээр УИХ-ын дарга Г.Занданшатар “Газар нутгийн төлөөллийн тоо цөөхөн байгаа нь үндэсний аюулгүй байдалтай холбогдох асуудал” хэмээн гишүүдийн тоо бага байгааг сануулав. Үргэлжлүүлэн “Сонгуулийн хууль тогтворгүй байна” гэж тогтолцоог Үндсэн хуульд бичих тухай далд санаагаа дэлгэхэд нь байнгын хорооны дарга Н.Энхболд өлгөж аваад “Үндсэн хуулиндаа холимог, эсвэл пропорциональ гээд биччихвэл тогтвортой байж магадгүй. Хэрвээ сонгуулийн хуульдаа холимог гэж аваад, тойрог, жагсаалт хоёроо 50:50-аар авна гэвэл гишүүдийн тоонд хүрэхээс өөр гарцгүй. Ер нь УИХ, ЗГ хоёр нэг долгион дээр байна” гэж тов тодорхой байр суурь илэрхийлэх нь тэр.

Мөн бүдүүн бүлгийн дарга Д.Тогтохсүрэн гишүүдийн тоо нэмэх агуулгатай УИХ-ын 54 дүгээр тогтоолыг хэрэгжилтийг Засгийн газраас нэхэж, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Засгийн газраас саналаа боловсруулсан, яамдаас санал авахаар бэлдэж байна. Ер нь тоо нэмэх нь зүйтэй” гэх санааг бөөрөнхийдүү ч гэсэн голтой илэрхийлэв.

Тэр ч байтугай Д.Ганбат гишүүн хүртэл “гишүүдийн тоог нэм” гэж хэлээд амжив. Д.Ганбатыг “барина” гэдэг төвөгтэй. Нэгэнт тэр дуугарсан хойно ҮХНӨ дээр АН-ын хэд бараг 100 хувь кнопдох биз.

Ийнхүү ҮХНӨ-ийг хийх эрх мэдлийг атгаж буй УИХ, ЗГ-ын бүхий л томчууд нэгэн дуугаар тоо нэмэх тухай өчигдөр ярилаа, баталгаажууллаа. Хоёр жил тоо, тогтолцоо ярьсан ХҮН намын Т.Доржхандын шавиа сая нэг юм ханадаг дээрээ ирж байгаа биз. Өөрөөр хэлбэл, улс төрийн хүрээнийхэн болон олон нийтийн дунд үүсээд буй гишүүдийн тоог нэмэх, тогтолцоог Үндсэн хуульд “цоожлох” ажил хоёр хоногийн өмнө бичиж байсан шиг ҮХЦ-ийн тогтоолын жимээр УИХ дээр өрнөх нь ойлгомжтой боллоо. Одоо илүү нүх л гарвал шургачих санаатай яваа бүх горилогчид дэмий шүлсээрээ тоглож байхаар тойрог руугаа гүйцгээ.

ХОЁР, Ерөнхий сайд гишүүдтэйгээ тулж уулзан 152-ыг зүтгүүлж, УИХ-ын дарга тэргүүтэй парламент 152-ыг бууруулах сонирхолтой байна

Тэгвэл гишүүдийн тоог хэд болгох вэ гэдэг дараагийн асуулт одоо биднийг бас тэднийг “зовооно”. Дээгүүрээ бол шийдчихсэн, зурчихсан л байгаа. 152 боллоо гэхэд МАН 90 орчим суудал авах судалгаа саяхан гарсан сурагтай байсан. Гэхдээ сонгууль болтол лай ч байна, зай ч байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Засгийн газар буюу МАН-ын хоёр том дарга Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёрын зүгээс 76+76 тэнцүү 152 гэсэн тоог зүтгүүлж буй. Ерөнхий сайд ойрын өдрүүдэд УИХ-ын гишүүдтэй ширхэгчлэн уулзаж, тоо болон тогтолцоогоо дэмжүүлэхээр ажиллаж эхэлсэн талаар эх сурвалж онцолсон. Тэр өмнө нь гишүүдийг тойргийн хөрөнгө оруулалтаасаа татгалзуулах, удахгүй олноор нь засагтаа оруулна гэдгээ хэлэх гэж 2021 оны төсвийн өмнө ингэж гишүүн бүртэйгээ тулж ажиллаж байсан түүхтэй.

Харин нөгөө талд нь УИХ-ын дарга Г.Занданшатарын зүгээс тоог 152-оос бага 108 хавьцаа байлгах санаа уралдуулж буй гэдгийг мөн эх сурвалжууд онцолсон юм. УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрын бодол зөрж байгаа нь сонгуулийн дараах улс төрөө бодож буйтай нь холбоотой. Л.Оюун-Эрдэнэд Х.Нямбаатараас өөр өөрийн гэсэн хүн парламент дотор үгүй. Хүний бэлдсэн баг дээр тоглох гэж хоёр жил тархиа гашилгаж яваа. Тиймээс л гишүүдийг сайд болгож, авлигатай тэмцэх ажлаараа далим үсэргэж зарим болохгүй нөхдүүдийн хэрэг төвгийг нааш цааш нь хөдөлгөөд байгаа хэрэг. Дараагийн сонгуулиар яллаа гэхэд эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд. Цаашлаад 2050 рүүгээ зүтгэх бодлогоо үргэлжлүүлэхийн тулд заавал УИХ-д өөрийн гэсэн багтай болох ёстой.

Өөрөөр хэлбэл, УИХ-аар бодлогоо саадгүй дэмжүүлж, танхимынхаа бүтэн байдлыг хадгалахын тулд жагсаалтаар оруулж ирэх гишүүдийн тоо аль болох олон байх нь Л.Оюун-Эрдэнэд хэрэгтэй. Жагсаалтын хэдээс гадна тойрогт илгээсэн хүмүүсээ нэгтгэхэд парламентын олонхыг “барьж” байвал тэр бодлогоо сайн бодсон гэсэн үг. Цөөхөн байх тусмаа урвана, шарвана, худалдагдана. УИХ-ын даргын хувьд бүх зүйл дээр ойлголцож байгаа ч ирээдүйд тоглоомоос гарахыг хүсэхгүй байгаа нь ойлгомжтой. Дээр нь гишүүд тоог хэт олон болгож өөрсдийнхөө эрх мэдлийг улам бүр хуваахыг хүсэхгүй. Тиймээс намын дарга нь зүтгүүллээ ч гэсэн тогтолцоог нь ҮХНӨ-ийн хүрээнд эцэг хуульдаа тусгаад, тоог 152-оос буулгаж эцсийн мөчид 99 юм уу, 108 дээр барих болов уу.

Ер нь тоог хэд гэж тогтохоос шалтгаалж пропорциональ элемент 50:50 байх уу, үүнээс бага байх уу гэдгийг шийднэ. Тиймээс ҮХНӨ бол яалтчгүй хоолойд тулчихсан асуудал мөнөөсөө мөн. Харин тоог нэмж, тогтолцоог эцэг хуулинд оруулах нь сонгогч бидэнд ашигтай гэдгийг мартаж болохгүй.

ГУРАВ, ҮХНӨ-ийг ойрын 2 долоо хоногтоо багтааж ЗГ-аас өргөн барих төлөвтэй байна

Тоо, тогтолцоо хоёр нэгэнт жаргалын замдаа гарсан тул хэзээ УИХ-д оруулж шийдэх вэ гэдэг хүлээлт үүслээ. Сонгуулийн тухай хууль, ҮХНӨ хоёрыг ирэх 6 дугаар сарын 20-доос өмнө шийдсэн байх хуультай. Логикоор бол ҮХНӨ-өө хийж, гишүүдийн тоог нэмчихээд Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлт, улс төрийн намын хуулийг хэлэлцэх нь зөв.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар ҮХНӨ-ийг ойрын хоёр долоо хоногтоо буюу 4 дүгээр сардаа багтаж Засгийн газраас өргөн барих төлөвтэй байгаа аж. Нэгэнт дээгүүрээ ч, намуудтайгаа ч ойлголцсон хойно парламентын дараагийн асуудлууд овоорчихоод байхад ҮХНӨ-ийг удаах нь утгагүй. Нийгмийн уур амьсгал ч харьцангуй тогтуун байгаа дээр нь эртхэн ажлаа эхлүүлэх хаа хаанаа өлзийтэй биз. Журмын тухай хуулиар ҮХНӨ-ийн төслийг УИХ хүлээж аваад нэгэнт хэлэлцэж эхэлсэн бол эцсийн шийдвэр гартал УИХ өөр асуудал хэлэлцэхгүй. Өөрөөр хэлбэл, парламентын хэлэлцүүлгийн шатанд байгаа бүх хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг түр зогсооно. Үүнд Сонгуулийн тухай хууль, намын хууль, боловсрол болон нийгмийн даатгалын багц хуулиуд бүгд орно.

Г.Лхагвадорж

Барилга дээрээс үсэрч, амиа хорлохыг завдсан 27 настай эрэгтэйг эсэн мэнд буулгажээ
Барилга дээрээс үсэрч, амиа хорлохыг завдсан 27 настай эрэгтэйг эсэн мэнд буулгажээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.