Сонгуулийн тухай хуулийн төслийг энэ долоо хоногт хэлэлцэж эхэлнэ. Энэ удаагийн сонгуулийн хуулийн онцлог нь холимог системээр УИХ-ын сонгуулийг явуулах явдал юм. Яг үүнтэй уялдаж, улс төрийн хүрээнд хүлээлт үүсгээд буй асуудал бол гишүүдийн тоог нэмж, тогтолцоог агуулсан ҮХНӨ явах уу гэдэг асуулт юм. Сая хаврын чуулган эхлэхтэй зэрэгцээд ҮХНӨ-ийг зөвхөн гишүүдийн тоог нэмж, тогтолцоо холимог байна гэдэг ганцхан агуулгын хүрээнд явуулна гэх тохироо яригдаж байсан. Одоо ч энэ агуулга хэвээрээ буй.
Харин “давхар дээл”-ээ шийдүүлчихсэн, холимог тогтолцоог ашиглах эрхээ нээлгэчихсэн эрх баригчид тоог нэмэх гэж улайрах уу гэдэг л сонин байна. Өөрөөр хэлбэл, Ардын намынхан ашигтай байж болох бүхий л өрөм тосоо хамчихсан. Тоо нэмэх МАН-д одоо төдийлөн ач холбогдолгүй. Ялангуяа гишүүд тоогоо нэмэх нь үнэндээ ашиггүй гэдгийг хаа хаанаа мэдэрч суугаа. Гэхдээ гишүүдэд ашиггүй ч улс оронд нэн шаардлагатай зүйл. Ядаж л энэ олон “давхар дээл”-тэй сайдууд дунд парламент, гүйцэтгэх засаглал хоёрын хяналт, тэнцлээс авахуулаад, парламент төгөлдөршихөд тус нэмэртэй.
Хэрвээ эрх баригчид ҮХНӨ-ийг хүслээ гэхэд хэзээ хийх вэ. Нэмэлт өөрчлөлтийг хийлээ гэхэд ямар арга замаар хийх вэ хэмээн улс төрийн хүрээнийхэн тархи гашилгаж байна. Олон нийтийн зүгээс Үндсэн хуулиараа ойр, ойрхон оролдож байгааг төдийлөн таашаагүй байгаа. Гишүүдийн тоо нэмэхийг ч нийгэм төдийлөн санал нэгтэй дэмжихгүй байх хандлага ажиглагдаж буй. Нөгөө талдаа 6 дугаар сарын дундаас өмнө ҮХНӨ-ийг явуулахгүй бол цаг хугацааны хувьд боломжгүй болно. Тиймээс хайчин гал дунд байгаа Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй эрх баригчид ҮХНӨ-ийг явуулахыг хүсвэл дөрөвдүгээр сарын сүүлээс ҮХНӨ-ийг явуулах “акц”-ыг өрнүүлж, нэг сар орчим зүтгүүлсний эцэст 5 дугаар сарын сүүлээр батлах байх.
Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар ҮХНӨ-ийн төсөл Засгийн газар дээр бэлтгэгдсэн байгаа. Үүнийгээ эрх баригчид өргөн барих уу, эсвэл ҮХЦ-ийг дахин ашиглах уу гэдэг хоёр хувилбарын нэгийг сонгох магадлалтай байна. Хэрвээ Засгийн газраас гишүүдийн тоог нэмж, тогтолцоог Үндсэн хуульд зааж өгнө гэвэл урт хугацаандаа эргээд улс төрийн ямар ч “гал” үүрч мэдэх эрсдэлтэй. Магадгүй хаврын улс төр хурцхан өрнөж “76 хулгайчийн тоо толгойг өсгөх гэлээ” хэмээн шүүмжилбэл ҮХНӨ-ийг санаачилсан Засгийн газар утгаараа нүд рүүгээ хуруугаа хийнэ. Тиймээс урдын адил ҮХЦ-ээр дүгнэлт гаргуулж, асуудлыг УИХ, ЗГ-аас тойруулж магадгүй аж. Өнгөрсөн наймдугаар сард ҮХЦ-ээс “давхар дээл”-ийг шийдсэн хуралдаанд Т.Доржханд, Д.Үүрцайх нарын гомдолд УИХ-ын гишүүн, Засгийн газарт давхар албан тушаал хаших хязгаарыг байхгүй болговол гишүүдийн тоог уялдуулан нэмэх ёстой” гэдэг агуулга туссан байсан. Цэц ч энэ агуулгаар асуудлыг шийдвэрлэсэн байдаг. Гэхдээ сануулж хэлэхэд, мэдээлэл гаргагчид болон УИХ-ын төлөөлөгч нарын зүгээс л тоог ярьж тайлбарласан болохоос ҮХЦ-ийн 02 тоот тогтоолд гишүүдийн тоог нэм гэдэг агуулга тусаагүй. Тиймээс дахин гомдол мэдээлэл гаргах замаар Цэц дээр уг асуудлыг босгож ирж болох юм.
Өөрөөр хэлбэл, ҮХЦ-ээр эрх баригчид дахиад нэг балиар "заваан" хардкор ажлаа хийлгэж мэдэхээр байна. 76 даргын тоо толгойг нэмэгдүүлсэн “гал” Г.Занданшатар тэргүүтэй УИХ руу, МАН руу эргэж ирэхгүйгээр Цэцийн саарал байрыг дахин нэг “шатаах” уу. Ингэсэн тохиолдолд ҮХЦ үйлдлээрээ "новш" харагдаж, МАН-д үйлчлэх ч, гарах үр дүн тийм ч муу биш гэдгийг сануулах нь зүйтэй. Гишүүдийн тоог нэмэх "виз"-ээ даруулчихсан нөхцөлд 152 гэдэг тооноосоо бууруулж, эцсийн мөчид 108, эсвэл 99 гэсэн хувилбар дээр тогтох магадлалтай гэдгийг мөн эх сурвалж онцолж байна.
Г.Лхагвадорж