Засгийн газраас зохион байгуулж буй "Таван Ш" ажиллагааны хүрээнд УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайг Сөүл-Инчеоны онгоцоор авч ирлээ. Энэ үеэр АТГ-ын дараг З. Дашдаваа дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Манай харьяаллын хэрэг учраас Т.Бадамжунайг эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэг буюу авлига албан тушаалын хэргээр шалгаж байна. Өмнө хэрэг бүртгэлтийн ажиллагаагаа явуулж байсан бол одоо яллагдагчаар татаад шалгана. Бидэнд шалгагдаагүй оргон зайлсан хүн. Өнөөдрөөс эхлээд Т.Бадамжунайг баривчилж процессын ажил эхэлнэ. Манайх эрх зүйн харилцан туслалцах гэрээг 20 гаруй оронтой хийсэн. Энэ хүрээнд л авч байна. МУ-ын засгийн газраас явуулж байгаа 5Ш ажиллагааг иргэд олон нийт ч дэмжиж байна. Хэрэгт шалгагдахын өмнө гарч явсан иргэдэд ч гэсэн анхааруулах, сэрэмжлүүлэг хүргэж байна. Авлига албан тушаалын хэрэгт холбогдсон иргэд ч гэсэн эргэж ирэхээ илэрхийлж байгаа.
-Дараагийн удаа хэн хэнийг авч ирэх вэ?
-Хэн хэнийг гэсэн тодорхой зүйл алга. 20 гаруй хүний нэрс гарчихсан байгаа. Иргэний гэм бурууг шүүх шийдвэрлэнэ. Бид процессын дагуу л үйл ажиллагаа явуулна.
-2018 онд оргон зайлахад нь мэдээгүй юм уу?
-Шалгаж эхлээгүй байсан.
-2018 онд хил гарахаасаа өмнө “Twin tower”-т авлига авсан баримт нотолгоо нь хуулийнхны гарт байгаа гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах боломжгүй.
-М.Удаанжаргалыг авч ирэх ажиллагаа юу болж байгаа вэ?
-Бид хөөцөлдөж байна.