Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гангаа: “Playtime”-д оролцох санал ирвэл ТАТГАЛЗАХГҮЙ

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
5 минут 27 секунд

"Ганган цагаан" дууг мэдэхгүй хүн бараг байхгүй биз. 2019 онд хамгийн анхны уран бүтээл болох “Two Товариш Tour" дуугаа сонсогчдын хүртээл болгосноос хойш олон уран бүтээл туурвиж, соёл урлагийн салбарт манлайлж буй "Gangbay" хамтлагийн дуучин Гангаа /Д.Ганбат/-тай хэсэг хором ярилцлаа.

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-Сүүлийн үеийн сонин хачин гэвэл өөрийнхөө бие даасан цомгийнхоо ажилд орчихсон явж байна. Цомог маань нийт 20 дуутай. Одоогоор дуунууд маань дууссан, клипний зураг авалтдаа ороод явж байна.

-Цомог нь ямар нэртэй вэ. Бас хэзээ бэлэн болох төлөвлөгөөтэй байна?

-Цомог маань "Аз жаргалын нулимс" гэдэг нэртэй. Ерөнхийдөө зун цомгийнхоо нээлтийг хийнэ гэж төлөвлөж байсан ч томоохон шоунуудтай давхцаж байгаа учраас намар нээнэ гэж бодож байна.

-Тэгвэл "Gangbay" хамтлагаар сонин сайхан юу байна?

-Манай Баянаа /С.Баянмөнх/ маань Мюзикл кинон дээр ажиллаж байгаа. Ер нь сүүлийн үед бид хоёр аль аль нь их завгүй байгаа учраас уулзах нь бага байна. Гэхдээ удахгүй энэ хаврын хамгийн том фестивалд бид хоёр оролцохоор болсон.

-Ямар фестивал вэ?

-Дөрөвдүгээр сарын 22-нд "UG Arena"-д энэ хаврын хамгийн том "Zev music festival" зохион байгуулагдахаар болсон. Бид хоёрын хувьд хоёрдугаар хэсгийн артистаар нэрлэгдсэн. Гэхдээ одоогоор уран бүтээлүүдээ сонгоогүй байна.

Хоёр долоо хоногийн хугацаа байгаа учраас энэ хооронд ярилцаж амжих байх гэж бодож байгаа. Түүнээс гадна уг фестивал дээр шинэ уран бүтээлээрээ бэлэг барих байх.

-"Zev music festival"-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу. Ямар, ямар артстууд, уран бүтээлчид оролцох юм бэ?

-Одоогоор артистуудаа бүгдийг нь мэдэж амжаагүй байна. Ginjin, Nene, Roockie гэх мэт уран бүтээлчид харагдсан. Түүнээс гадна артистуудаа танилцуулахдаа карьерынх нь тухай сонирхолтой баримтыг гаргасан байсан нь маш анхаарал татсан.

Энэ ташрамд залуусыг уриалж шоунд хүрэлцэн ирэхийг урьж байна. Магадгүй дөрөвдүгээр сарын 22-нд хаврын урь орчихсон байх байх. Тиймээс нэг үдшийг хамтдаа, зугаатай өнгөрөөцгөөе.

-Яг фестивалын тухай ярьж байгаа учраас нэг асуулт асууя. Сүүлийн үед дуучин, уран бүтээлчид маань "Playtime"-д оролцохгүй гэдэг байр суурийг илэрхийлээд байна шүү дээ. Үүнийг та хэрхэн харж байна?

-Зохион байгуулагчид нь уриагүй байхад орохгүй гээд байж болохгүй байх. Гэхдээ уран бүтээлчид маань яагаад орохгүй гээд байгааг сайн ойлгохгүй юм. Ямартай ч "Playtime"-д оролцох санал ирвэл татгалзахгүй гэж бодож байна.

-"Gangbay" хамтлаг 2019 онд хамгийн анхны уран бүтээлээ, 2020 онд анхны цомгоо гаргаж байсан шүү дээ. Түүнээс хойш чамгүй хугацаа өнгөрсөн байна. Ер нь эргээд бодоход энэ хугацаанд юу юу хэрхэн өөрчлөгдсөн байна вэ?

-Манай хамтлагийн албан ёсоор байгуулагдсан он бол 2020 он. Түүнээс хойш олон уран бүтээл, реп мюзикл уран сайхны киног ч гаргажээ.

Яг ингээд харахад энэ хугацаанд нэг их өөрчлөгдсөн зүйл харагдахгүй л байна. Гэхдээ хувь хүний хувьд аливаад бууж өгч сурлаа, чадахгүй байгаагаа хүлээн зөвшөөрч сурлаа, илүү их хичээх ёстой гэдгээ ойлголоо. Тийм л зүйлийг ойлгосон байна.

-Та хоёрын хувьд СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөн шүү дээ. Бас кино уран бүтээлд хэд хэдэн дүр бүтээсэн. Мөн Монголын анхны реп мюзикл "Кассета" уран сайхны киног бүтээсэн. Магадгүй цаашид жүжигчнийхээ мэргэжлээр ажиллах, жүжигчнийхээ карьерт илүү анхааръя гэж бодож байна уу?

-Өмнө хэлсэнчлэн Баянаагийн маань хувьд мэргэжлээрээ ажиллаж байгаа. Одоо бүтээж буй Мюзикл киноныхоо найруулагчаар ажиллаж байгаа гэж бодож байна.

Миний хувьд жүжиглэх сонирхол тун бага. Тиймээс жүжигчнийхээ карьераас илүү дуугаа зохиогоод явж байя гэж бодож байгаа.

-Хэт хувийн шинжтэй асуулт асуух гэсэн юм. Уучлаарай. "Wasabies" хамтлагийн гишүүн Э.Аминхүслэнтэй ямар харилцаатай вэ. Хүмүүс их сонирхож байгаа байх. Зарим нь киноны маркетинг гэж харж байна. Зарим нь үнэхээр хосын харилцаатай гэж харж байна. Үүнд тайлбар өгөх бодол бий юу?

-Энэ бол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын асуудал шүү дээ. Энэ талаар тайлбарлаад суухыг хүсэхгүй байна.

-Ярилцсанд баярлалаа.

Эрдэс баялгийн салбар оны эхний 6 сард төсвийн орлогын 22 хувийг бүрдүүллээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.