Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3-р баг Гүнжийн сүмд ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлага онцгой байдлын газарт өчигдөр 16:05 цагт иржээ.
Дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бүрэлдэхүүн хүрэлцэн очиход 14 га орчим талбай шатаж байсныг цурамд оруулсан. Түймрийн голомтод Эрдэнэ сум, Тэрэлжийн байгалийн цогцолбор газраас нийт 37 хүн, 5 автомашин, 3 мотоцикл, 6 морьтой ажилласан байна.
Нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд хуурайшилт ихтэй, ой хээр, шар өвсний гал түймэр гарах эрсдэл өндөр байгаа аж.
Иймд зуслан, ногоон бүсийн айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага хашааныхаа өнжмөл өвсөө шатаахгүй байх, гагнуур хийхгүй байх, халуун үнс, нурмыг ил задгай асгахгүй байх, тамхины ишээ бүрэн гүйцэд унтраах, шашны зан үйл хийхгүй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.