УИХ-ын чуулганы өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн хуралдаанаар Архангай аймгаас сонгогдсон гишүүн Ж.Мөнхбатыг өөрийнх нь хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн. Тэгвэл нөхөн сонгуулийн товийг хуульд зааснаар 50 хоногийн дотор зарлах ёстой юм.
Тодруулбал, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн,
"9.9. Улсын Их Хурал нөхөн сонгуулийг санал авах өдрийн хамт санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш 50 хоногийн дотор энэ хуульд нийцүүлэн товлон зарлана. 9.10. Сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг Сонгуулийн ерөнхий хороо батална" хэмээжээ.
Харин эл асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Гишүүнээс чөлөөлөгдсөнөөс хойш 50 хоногийн дотор УИХ нөхөн сонгуулийг товлон зарлана гэсэн хуультай. Одоогоор Архангай аймагт явагдах нөхөн сонгуулийн хугацаа тогтоогүй байна. УИХ 50 хоногийн дотор багтааж шийдвэр гаргана" хэмээсэн юм.