"Вера" гоо сайхны эмнэлэгт хамрын имплант утас хийлгүүлж, улмаар эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирсон иргэн Н.Дагийсүрэн мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Би өнгөрөгч 2022 оны арванхоёрдугаар сарын 25-нд "Вера" гоо сайхны эмнэлэгт хамрын имплант утас хийлгүүлсэн. Гэвч үрэвссэнийг нь огт мэдэлгүй эмчээсээ зөвлөгөө авч, өвчин намдаах эм уусаар байсан. Гэтэл үрэвслээс үүдэн баруун тархины доор үрэвсэл үүсэж одоогоор хагалгаанд орох шаардлагатай болсон.
Энэ хэргийг БГД-ийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа. Гурван сарын хугацаа өнгөрч байна. Гэтэл мөрдөгч маань шинжээчийн дүгнэлт гаргаж өгөхгүй нэг сарын хугацаа өнгөрлөө. Хагалгааны хугацаа ч дөхсөн учраас яаралтай шинжилгээний дүгнэлтээ гаргуулах шаардлагатай байна. Мөн хүний биед ийм хэмжээний хохирол учруулсан байхад тухайн эмнэлгийг шалгахгүй байгааг маш их гайхаж байна. Энэ төрлийн хагалгаа сонирхож байгаа эмэгтэйчүүд байвал эмнэлгээ сайн судлах хэрэгтэй юм байна. Эцэст нь хохироод үлдлээ гэхэд хариуцах хүн байхгүй юм байна.
"Вера" эмнэлгийн зүгээс тухайн эмчийг эмнэлгийн ажилтан биш, ажилж байгаагүй гэдэг тайлбар өгч байгаа. Гэтэл цагдаагийн байгууллагаар шалгуулаад явтал тухайн эмч нь ямар ч эмчлэх эрхгүй хүн юм билээ. Яагаад эмчлэх эрхгүй хүнээр эмчилгээ хийлгэдэг мөн тухайн эмнэлгийн захирал хариуцлага яагаад хүлээхгүй байгаа вэ гэдгийг маш их гайхаж байна" гэв.