Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Номин: “Баян боол“ кинонд Тэмка ах бид хоёрын үнсэлцдэг хэсэг Биндэрьяа, Дамиран гэдэг хоёр өөр хүний амьдрал

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
17 минут 49 секунд

Хошин урлагийн "Эмоци продакшн"-аас ажлын гараагаа эхэлж, өдгөө 10 дахь жилдээ тус хамтлагтаа уран бүтээлээ туурвин яваа чадварлаг залуу жүжигчин Б.Номин. "Эмоци" хамтлагийн хамгийн бага нь бөгөөд хамгийн эрх нь гэдгийг хамтлагийн гишүүд нь тодотгон хэлдэг. Тэрбээр СУИС-д суралцаж байх цагаасаа хошин урлагт болон кино урлагт хөл тавьж нэлээдгүй бүтээлүүдэд өөрийн өнгө төрхөөрөө ялгараад амжсан. Тэгвэл UBN.mn сайт "Эмоци" хамтлагийн хөөрхөн бүсгүйчүүдийн нэг Б.Номин буюу Немог онцолж байна.

-Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. Та аль нутагт төрж өссөн бэ?

-Сайн байцгаана уу. Би "Эмоци" хамтлагийн жүжигчин Б.Номин байна. Миний төрсөн нутаг бол арын сайхан гэж нэрлэгддэг Архангай аймаг. Манай гэр бүлийнхэн Архангайд байдаг. Би 4 настайгаасаа Улаанбаатар хотод орж ирсэн. Арван жилдээ хоёрдугаар сургуульд сурдаг байсан. Ахлах ангиа Евро-Ази гэх хувийн сургуульд орж, бүрэн дунд боловсролоо эзэмшсэн.

-Жүжигчин мэргэжлийг яагаад сонгох болсон бэ. Таны багаасаа мөрөөдсөн мэргэжил үү?

-Би багадаа маш олон мэргэжил боддог байсан. Жишээ нь, онгоцны үйлчлэгч, дуучин, өмгөөлөгч гээд л. Гэхдээ жүжигчин болно гэж мөрөөдөж, бусдыг дуурайж этют хийж байгаагүй. Тэгсэн мөртлөө бага ангийн хувийн хэрэг дээр багшийн ямар мэргэжилтэй хүн болох вэ гэх асуултад жүжигчин мэргэжилтэй болно гэж бичсэн байсан байна лээ. Үүнийг тавдугаар ангид ордог жил багш минь уншиж өгсөн. Тэр үедээ гайхаад "Би жүжигчин болох гэж байгаа юм байхдаа" гэх зэргээр бодсон. Бага байхдаа өгүүллэг, ном сонин их сайн уншдаг хүүхэд байсан. Мэргэжил сонгох болоход ээж минь бусдын жишгээр эмч бол гээд сонгох хичээлүүдийг маань зааж өгсөн боловч би СУИС дээр очоод нууцаар шалгалт өгсөн. Үүний дараа тэнцсэн гэдэг мэдээ ирснээр би СУИС оюутан болсондоо.

-СУИС-д хэн багшийн ангид элссэн бэ. Анх мэргэжлийн ур чадварын хичээл ороход ямар мэдрэмж төрсөн бэ?

-2015 онд МУАЖ Ж.Лхамхүү багшийнхаа удирдлага дор СУИС-ийг төгссөн. Анх манай сургууль их сонирхолтой санагдаж байсан. Учир нь хана руу харж ярьж, энэ тэнд дуулна, орилно. Мэдээж бидний мэргэжлийг мэддэггүй хүмүүсийн хувьд эвгүй санагдах байх. Харин би эсрэгээрээ нүдээ арчиж байгаад нээгээд шинэ ертөнцийг харж байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Миний хувьд юмнаас амархан уйддаг төрлийн хүн болохоор ч тэрүү СУИС маш сонирхолтой санагдсан.

-"Эмоци" продакшнтай хэрхэн хувь заяагаа холбов?

-Темка ах бас манай багшийн шавь буюу манай өмнөхийн өмнөх төгсөлт. Манай ангийнхныг хоёрдугаар курсэд байхад "Эмоци продакшн" анх байгуулагдсан. Тэмүүжин ах багшийнхаа ангийн хүүхдүүдээс нийт 15 хүүхэд сонгож авч, бид нар бөөндөө орж байсан. Биднийг ороход "Эмоци продакшн"-ы нэг онцлог нь номер дунд холбоос хийдэг байсан. Нөгөө талаас гэрэл авдаггүй, нэг номер дуусах үед оюутнууд бүжигчилсэн үзүүлбэр хийн, дараагийн номер тайзыг бэлддэг байсан. Би "Эмоци" продакшн анх байгуулагдах үед бүжигчин байсан. Сургуулиа төгсөөд 2015 оноос эхлэн найз Жерритэйгээ жүжигчнээр жинхлэгдэн орсон.

"Жерритэйгээ нэг зун цагийн ажил хийж, дотноссон нь амьдралын минь найз болсон"

-15 хүүхэд шалгаруулж авсны дараа тайзан дээр гарах мэдрэмж ямар байсан бэ?

-Хоёрдугаар курсийн хүүхдүүдэд тэр том тайзан дээр гарна гэдэг үгээр хэлэхийн аргагүй гоё. Бид тоглолт болохоос 2 сарын өмнө бэлтгэл хийдэг байсан. 1 сар дасгал хийж биеэ бэлдэнэ. Дараагийн сар номер дундуур ямар холбоос хийх үү гэдэг бүжгээ бэлддэг. Хоёр сарын хугацаанд Ган-Очир багшийнхаа удирдлага дор бид хэд өдөр шөнөгүй бэлдэнэ. Хажуугаар нь хичээлдээ сууна. Энэ үед бүх зүйлийг амжуулдаг байсан санагддаг. “Галзуу барын аманд гараа хийхээс ч буцахгүй” гэдэг шиг тийм эрч хүчтэй үе байсан. Ер нь одоо ч тайзан дээр гарахад маш гоё. Маш олон хүмүүсийн алга ташилт, энерги, хайр мэдрэгддэг. Тийм болохоор тайзны урлаг гоё.

Одоо ингээд харахад миний үнэнч, тууштай байсны минь үр дүн энэ жил надад гарч байна”

Хүмүүс 10 жил болчихлоо. Ямарч карьергүй, алдартай биш гэх зүйлийг их ярьдаг. Гэтэл хүмүүсийн юу гэх хамаагүй. Миний хувьд энэ зүйл хамгийн үнэ цэнэтэй. Би хоёрын хооронд зүйлд ордоггүй. Өөрийнхөө бодсон өөртөө тавьсан шалгууртаа таарсан зүйлд орж, өөрөөсөө өөр дүрд тоглож, өөрийгөө хөгжүүлж сорих дуртай. Хурдан нэрд гарч, од болох чухал биш. Мэргэжлээ эзэмшээд өдийг хүртэл тууштай үнэнч байгаа өөрөөрөө маш их бахархдаг.

-Танай ангийнхнээс тантай адил амжилттай яваа уран бүтээлчдээс нэрлэвэл?

-Манай ангийн Мишээл байна. Мөн жүжигчин Жерри, Минжинсор, 3 сая инээдэд орсон Сүхээ байна. Жанчив Ариука хоёр id film гэх продакшнтай. Манай ангийнхан ер нь дор бүрнээ л уран бүтээл хийж урлагтайгаа хамт байгаа. Сонирхуулж хэлэхэд, түрүү жил би OI энтертайнментын "No rules 2" цувралд тоглосон. Тэр бүтээл минь одоо үзэгчдийн хүртээл болж байна. Мөн манай ангийн хүүхдүүд нийлээд "Аавуудын цэцэрлэг" гээд кино контент хийсэн. Тэр нь iptv ээр цацагдаж байгаа шүү.

-Жерри буюу залуу жүжигчин Ж.Бадамжав та хоёр хэзээнээс найзалж эхэлсэн бэ?

-Жерри манай нөгөө анги байсан. Бид хоёр нэгнээ зүс мэддэг мэндтэй устай өнгөрдөг байсан. Тухайн үед сургуулиар оюутнууд хийх цагийн ажил байна гэх зар явсан. Ингээд зарын дагуу очиход Жерри бас очсон байсан. Тэр сонгуулийн материал тараах ажил байсан. Бид хоёр нэг хэсэгт хуваарилагдаж таараад, нэг зуныг хамт өнгөрөөсөн болохоор ч тэрүү илүү дотносон. Ирэх намар нь хичээл ордог жил Жерри манай анги руу шилжиж орсон. Тэр өдрөөс бид хоёр үй зайгүй найзууд болсон. Тодруулбал, 2012 оноос хойш үй зайгүй найзалсан байна. Энэ жил найзалж эхэлсний 12 жилийн ой болж байна. Нэг зун цагийн ажил хийж, дотносоод амьдралын минь найз болсон.

"Миний хоёр хүүхэд, гэр бүл минь миний хамгийн үнэ цэнэтэй зүйл"

-Жүжигчин мэргэжлийн жаргал, зовлонтой зүйл нь юу вэ?

-Мэргэжлийн минь хамгийн жаргалтай зүйл бол ямарч мэргэжил рүү, ямарч хүмүүсийн нөхцөл байдал руу хөвөрч хувирч чаддаг гэдгээрээ маш сонирхолтой. Жишээлбэл, Би эмчийн дүрд тоглолоо гэхэд эмчээ судална, эмч хүний сэтгэл зүй ямар байдаг, мэргэжлийн онцлог гэх зэргээр бодно. Харин дараагийн дүр нь цагдаа байлаа гэхэд цагдаа эмэгтэй хүн гэж ямар эмэгтэйг хэлэх үү, ямар байх ёстой вэ гэх зэргээр олон талаас нь мэргэжил бүүрийг судалдаг. Тийм болохоор мэргэжил минь их давуу талтай олон талын мэдлэг мэдээлэлтэй болдог. Хөрвөх, хурдан сэтгэх чадвартай болдог.

Мэргэжлийн хэцүү зүйл гэвэл, Үүнийг хүн болгон л хэлдэг. Ар гэр орхигддог, хувийн амьдрал гэх зүйл байхгүй болдог талтай. Гэхдээ миний хувьд хоёр хүүхэдтэй, амьдралаа амжуулаад яваад байна. Одоо цагт интернэт хөгжсөн болохоор ар гэртэйгээ холбогдох боломж их байдаг. Хуучин энэ боломж хумигдмал байсан.

-Таны хувьд таны амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйл тань юу вэ?

-Мэдээж миний хоёр хүүхэд, гэр бүл минь миний хамгийн үнэ цэнэтэй зүйл.

-Нөхөртэйгөө танилцсан түүхээсээ хуваалцвал?

-Намайг оюутан байхад ар гэрийнхэн маань ажил хий гэж дарамт өгдөггүй байсан. Гэхдээ би сонирхлоороо цагийн ажил хийдэг байсан. Учир нь гэрийнхэн маань сургалтын төлбөр төлж байхад, хэрэглээнийхээ зардлыг өөрөө олъё гэж боддог байсан. Харин тэр цагийн ажил хийж байсан үе маань нөхөртэйгээ учрах боломжийг олгосон. Гуравдугаар курсээсээ эхлээд UNICORN гэх газар хүүхдийн төрсөн өдөр хөтөлдөг болсон. Тухайн үед манай нөхөр бичлэг хийж хамт ажилладаг байсан. Ингээд бид хоёр танилцаж хайрын романс эхэлсэн дээ.

-Та түрүүн хэллээ. Жүжигчин хүний ар гэр орхигддог гээд. Тэгвэл та хэр сайн эзэгтэй вэ?

-Би өөрийгөө маш сайн гэрийн эзэгтэй гэж боддог. Учир нь ээжтэйгээ, ахтайгаа гурвуулахнаа өссөн. Тиймээс ээжийн олгох суурь хүмүүжил маш чухал гэдгийг мэддэг учраас аль болох хүүхдүүдийнхээ анхны мэдрэмжүүдэд хамт байхыг хүсдэг. Жишээ нь, хөлд орж байгаа, цэцэрлэг, сургуульд орж байгаа гээд анх хийж байгаа бүх үйлдлүүд дээр нь хамт байж хуваалцахыг илүүд үздэг.

-Хамгийн сүүлд гол дүрд тоглосон уран бүтээл болох “Баян боол” киногоор яриагаа үргэлжлүүлье гэж бодож байна. Биндэрьяагийн дүрийг хэрхэн авсан бэ?

-Энэ жил "Эмоци" продакшны 10 жил ой болж байна. Манай кино 2022 оны намар хийгдсэн. Миний хувьд продакшнаа нэг айл гэж үзвэл, энэ айлд ороод 10 жил болсон байна. Одоо харахад өдий насны минь тал хугацаа. Би энэ айлынхаа хамгийн бага нь. Насаараа, хамтлагтаа орсноороо гээд... Мөн хамгийн эрх нь би шүү дээ. Жинхлэгдсэнээсээ хойш 9 жилийн дараа киноны гол дүр авч тоглолоо. Биндэрьяа бол жирийн монгол эмэгтэйн дүр. Үзэгчдээс хүртэл "гоё харагдах гэж хэлбэрдээгүй” гэх зэргээр сэтгэгдлүүд ирсэн байна лээ. Нөгөөтээгүүр хүнийг чинь сэтгэлээсээ хайрлаж, хайрлуулна гэдэг “Араатан ба гоо үзэсгэлэн" гэх кино шиг хүнийг хайр гэх зүйл өөрчилж болдог юм байна гэх сэтгэгдэл их ирсэн. Ер нь бол би өөрийнхөө дүрийг эгэл жирийн, гоц зүйлгүй энгийн монгол охин. Амьдралд нь гарсан эргэлтийг өөрийнхөө өнцгөөс зөөллөж чадсан монгол эмэгтэй гэж дүгнэнэ.

Кино маань өнгөрсөн есдүгээр сард Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд хийгдсэн. 3-4 сарын хугацаанд бүтсэн. "Эмоци" продакшны 10 жилийн ойд зориулсан гэдэг утгаараа хамтлагийн бүх гишүүд оролцсон. Хамтлагийн гишүүд бүгд байсан болохоор маш дэмтэй байсан. Киноны зураг авалт дундуур жүжигчид ирж очин байсан ч Тэмка ах, Төтө ах бид гурав 45 хоног тэр сумын иргэн болтлоо байсан даа. Дэлгүүрийн, цайны газрын эгч нарын төрсөн дүү шиг л болсон. Сүүлдээ өөрсдөө ороод хоолоо хийж идэх хэмжээний дотно болсон доо. Бидний хувьд жилдээ баруун, зүүн аймгаар бригадаар явдаг болохоор кино группээр явахад илүү амар байсан. Миний дүр маш ухаантай тайван эмэгтэй. Ямарч хүн хэн нэгний төлөө өөрийгөө хүчилж, өөрчлөх шаардлагагүй байхгүй шүү дээ. Гэтэл тэр дүр монгол эмэгтэйн хатан ухааныг цогцлоосон дүр.

-Кино зураг дууслаа. Натураас буух үеийн мэдрэмж ямар байсан бэ?

-Баярлах, гуних мэдрэмж зэрэгцэж төрсөн. Учир нь 45 хоног гэртээ хариагүй нөхөр хоёр хүүхдээ маш их санасан. Тухайн үед бага хүүхэд минь 2 настай, том хүү 6 настай байсан. Бага хүү цэцэрлэг, том хүү сургууль гээд миний хувьд дөнгөж сургууль цэцэрлэгт нь өгчихөөд ирсэн болохоор санаа зовох зүйл их байсан. Хүүхдүүдтэйгээ видео колл хийхээр уйлна. Сүүлдээ том хүү дуугараахаа больсон. Бага хүү учир мэдэхгүй ч нүүр бууруулна. Яг ийм үед "Чи ямар муу ээж вэ. Хүүхдүүдтэйгээ байж чадахгүй юу хийгээд байгаа юм. Энэ чухал юмуу" гэх мэтээр маш их бодол төрж, өөрийгөө буруутгаж байсан. Нөгөө талаасаа "Энэ бол миний мэргэжил. Ажил байнга ингэх биш гэх мэтээр бодол төрсөн. Нэг талдаа кино группийнхэндээ дассан байсан болохоор хорогдох мэдрэмж төрсөн.

-"Эмоци" хамтлагийг нэг үгээр илэрхийлбэл?

-Гал гал. Яг л нэр шигээ, бүгд өөр өөрийн гэсэн онцлогтой. Бүгд өөр өөрийн карьертай, эмоцлог, маш эмоцтой хүмүүс байдаг.

-Асуухгүй байж чадахгүй нь. "Баян боол" кинон дээр жүжигчин Тэмкатай үнсэлцдэг хэсэг их гардаг. Мэдээж энэ талаар үзэгчид их сонирхож байгаа байх?

-Хүмүүс энэ асуултыг маш их сонирхож асууж байгаа. Темка ах бид хоёрын хувьд тэр сцен мэдрэмж төрүүлэх хэмжээний биш. Учир нь Тэмка ах намайг оюутан байхаас мэднэ. Би чинь гэр бүлтэй. Жүжигчин хүний ажил гэдэг утгаараа ямарч мэдрэмж төрөөгүй ээ. Тэнд зөвхөн Тэмка ах бид хоёр байхгүй шүү дээ. Бид хоёрыг тойроод 30 гаруй хүн байгаа. Амьдрал дээр бид хоёр бие биедээ хайртай болоогүй. Тэр бол дүр Биндэрьяа, Дамиран гэдэг хоёр өөр хүний амьдрал. Кино зургийн туршид Гоо эгч байсан. Харин ч дэмжиж, Тэмка илүү үнэмшилтэй гэх зэргээр зөвлөж байсан. Ажил мэргэжлийн хувьд л үнсэлцсэн.

Энэ сцен бол жүжигчин хүмүүсийн ар гэрийн хувьд онц гойд сүртэй зүйл биш.

Үнсэлтийн хугацаа урт байсан гэж хүмүүс бас их асуудаг. Оргил хэсэг болохоор илүү урт. Найруулагч юу гэж хэлнэ. Бид хийх ёстой. Дотроосоо хүсээд хийсэн юм биш найруулагчийн шийдэл. Зөвөөр ойлгоорой.

-Ярилцлага маань энэ хүрээд өндөрлөж байна. Амьдралдаа харамсаж явдаг зүйл байдаг уу гэх асуултаар ярилцлагаа өндөрлөе?

-10 жилд байхдаа амьд хөгжмийн хамтлагтай болно гээд гитар, бөмбөр хоёроор хичээллэж байсан. Түүнийгээ сурч чадаагүй орхисондоо харамсаад байдаг. Зэрэгцүүлээд сурчихгүй яав даа гэж боддог. 10 жилийн хүүхдүүд надаас зөвлөгөө их авдаг. Хүнд сурсан зүйл огтоосоо илүүддэггүй юм байна. Эмэгтэйчүүд ээж боллоо гээд өөрийгөө хаяж болохгүй. Та бүхэн хүссэн хүсээгүй аав ээж болох болохоор битгий амьдралд яараарай. Өөрийнхөө сонирхдог зүйлийг үргэлж услаж хөгжүүлж байгаарай гэж захимаар байна.

Ярилцсанд баярлалаа

Б.Бат-Эрдэнэ: Олон тооны үхсэн зээр булж байсныг хөндлөнгийн хяналт тавьсан төлөөлөл илрүүллээ
Б.Бат-Эрдэнэ: Олон тооны үхсэн зээр булж байсныг хөндлөнгийн хяналт тавьсан төлөөлөл илрүүллээ
 
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.