Авлигатай тэмцэх "Шүүр" ажиллагааны хүрээнд "нийтийн албанд танилын хүрээ, зүй бус нөлөөллөөр хуульд заасан шаардлага хангаагүй этгээд томилогдохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх", "ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж нийтийн албанд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх”, "авлига, албан тушаалын гэмт хэргийн хариуцлага гарцаагүй байх” зарчмыг хангах үүднээс авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдийг нийтийн албанаас шүүрдэн цэвэрлэх, төрийн алба, төрийн өмчийг “шимэгчид”-ээс салгах ажлыг ЗГХЭГ-аас эхлүүллээ.
Энэ хүрээнд, Засгийн газрын гишүүд, бүх шатны засаг дарга, Яамдын төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, Засаг даргын тамгын газрын дарга, Төсвийн байгууллагын дарга, Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, Улсын үйлдвэрийн газрын дарга нарт дараах чиглэлийг хүргүүлжээ.
Тодруулбал,
"Төрийн бүх шатны байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газар бүр "Шүүр" ажиллагааны хэрэгжилтийг хангаж, дараах хууль тогтоомж, шаардлагыг зөрчиж томилогдсон этгээдийг олж тогтоон, 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөр тасалбар болгон хуульд заасан журмын дагуу ажлаас чөлөөлөхийг үүгээр чиглэл болгож байна.
- Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчид тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хангаагүй, албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил, ур чадварын шаардлагыг хангаагүй, дүйцүүлэн тооцох журам зөрчин томилогдсон;
- Төрийн улс төрийн, төрийн тусгай, төрийн үйлчилгээний албан тушаалд хууль тогтоомжоор тогтоосон тусгай шаардлагыг хангаагүй томилогдсон;
- Төрийн жинхэнэ албан тушаалд ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй, тэнцээгүй томилогдсон, Төрийн албаны тухай хууль, уг хуулийг дагаж гарсан дүрэм, журмыг зөрчиж томилогдсон;
- Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, түүнчлэн тухайн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын дүрмээр тогтоосон журмын дагуу томилогдоогүй, ажил үүргийн тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил, ур чадварын болон бусад шаардлагыг хангаагүй томилогдсон;
- Хуульд заасны дагуу байгуулагдан ажиллаж байгаа хороо, зөвлөл, зохицуулах зөвлөлийн орон тооны албан тушаалд тухайн хуулиар тогтоосон шаардлагыг хангаагүй томилогдсон;
- Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан "Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг"-ийг Авлигатай тэмцэх газраар хянуулаагүй томилогдсон, хөрөнгө орлогоо мэдүүлэх үүргээ биелүүлээгүй;
- Авлигатай тэмцэх газраас ашиг сонирхлын зөрчилтэй гэж тогтоосон ч төрийн албанд томилогдсон;
- Хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчин томилогдсон томилох эрх бүхий албан тушаалтны хамаарал бүхий этгээд;
- Нийтийн албан тушаалтны удирдах болон харьяалах, зохицуулалтад шууд хамаарах салбарт түүний хамаарал бүхий этгээд ашиг олох зорилгоор үйл ажиллагаа явуулдаг, энэ байдал нь давуу байдал үүсгэхүйц нөхцөл үүсгэсэн этгээд;
- Авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлсэн;
- Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, нийтлэг хэм хэмжээг удаа дараа зөрчсөн нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр тогтоогдсон.
Дээрх хууль тогтоомж зөрчсөн үйлдэл, шийдвэр бүрийг өөрийн эрхэлсэн салбар, байгууллага, нэгж бүрд шалган тогтоож, дүнг 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлнэ үү.
Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа авлигатай тэмцэх, авлигыг таслан зогсоох, нийтийн алба авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зорилтыг өөрийн эрхэлсэн салбар, байгууллагын хэмжээнд хэрэгжүүлж ажиллах нь төрийн албаны хууль дээдлэх зарчмыг хангах төр, иргэнийхээ өмнө хүлээсэн үүрэг гэдгийг анхааруулж байна.
"Шүүр" ажиллагааны дээр дурдсан үйл ажиллагааг бүрэн хэрэгжүүлээгүй этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг мэдэгдье" гэжээ.