Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Салхин цэцэг өвчний үед өдөр бүр усанд орох нь зөв

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
18 минут 52 секунд

ЭРТ ИЛРҮҮЛЭГ: Хүүхдийн хорт хавдрын 61 сэжигтэй тохиолдол бүтгэгдсэний 17  нь 0-5 насныхан байнаХүйтэн сэрүүний улиралд салхин цэцэг өвчний өвчлөлийн тоо ихсэх хандлагатай байдаг билээ. Өнгөрсөн оны байдлаар гэхэд л ХӨСҮТ-д тус өвчний оношоор 675 хүн хэвтэн эмчлүүлсэн байна. Харин энэ он гарсаар 300 гаруй хүн хэвтэн эмчлүүлсэн аж. Гурван сарын хугацаанд өнгөрсөн оны нийт хэвтэн эмчлүүлэгсдийн тэн хагастай дүйх тооны иргэн тус өвчнөөр өвчилсөн гэдэг нь эл өвчний дэгдэлт өндөр байгааг илтгэж байна. Иймд тус өвчний гаралт, шалтгаан нөхцөлийг энэ удаагийн сурвалжилгаараа хөндлөө.

Иргэд өвчилсөн тохиолдолд эрүүл мэндийн анхан шатны байгууллага буюу өрхийн эрүүл мэндийн төвд ханддаг. Иймд салхин цэцэг өвчний улмаас ӨЭМТ-д иргэдийн хандаж буй байдлыг нийслэлийн 3-4 ӨЭМТ-өөс тодруулахад “Өвчлөлийн тоо харьцангуй бага байна” гэх нийтлэг хариултыг өгсөн юм. Тухайлбал, СБД-ийн 5-р хорооны ӨЭМТ-өөс дараах мэдээллийг өгч байна.

-Энэ жил салхин цэцгийн тохиолдол харьцангуй цөөн байна-

No description available.

Салхин цэцэг өвчний нөхцөл байдлын талаар СБД-ийн 5-р хорооны ӨЭМТ-ийн их эмч Б.Янжмаа ярихдаа “Манайх гурван эмчтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Миний үзсэн иргэдийн дундаас хоёр тохиолдол л бүртгэгдсэн байна. Өнөө үед иргэд салхин цэцэг өвчний талаар ойлголт, мэдээлэл ихтэй болжээ. Өвчнийг хүндрүүлэхгүйгээр ирж зөвлөгөө, эмчилгээ бичүүлж авдаг болсон байна. Бие нь дээрх тууралт ихсэх, идээлэх, хүндрэх зэрэг тохиолдолд арьсны үрэвсэл болж байна гэсэн үг. Тэр үедээ ихэвчлэн түргэн дуудаж оношлуулан, ХӨСҮТ дээр очиж үзүүлдэг болсон.

Эмчилгээний хувьд, метилений спирт түрхэхээс илүүтэй вирусийн эсрэг эм болон тос тэр дундаа ацикловирыг санал болгож байгаа.

Хүн амьдралдаа салхин цэцэг өвчнөөр нэг л удаа өвчилдөг. Хоёр дахь удаагаа өвчлөх боломжгүй. Бага насандаа салхин цэцэг тусахад хөнгөн хэлбэрээр тусдаг бол насанд хүрсэн үедээ туссанаар тууралт ихтэй, зовуурьтай, харшил хавсарсан зэрэг илүү хүнд тусах магадлалтай.

Салхин цэцэг өвчин нь агаар дуслын замаар халдварладаг өвчин. Тиймээс агааржуулалтыг маш сайн хийх ёстой. Агаар сэлгэлт хийж, чийгтэй цэвэрлэгээг энгийн үед хийдгээсээ илүү их хийх хэрэгтэй” гэлээ.

-Тууралт ихтэй, хавсарсан хатгалгаатай, үрэвсэлтэй, идээтэй, бугласан зэрэг салхин цэцэг өвчний хүндэрсэн тохиолдлууд цөөнгүй ирж байна-

No description available.

Ямарваа нэг өвчлөлд зөв эмчилгээ, зөвлөгөө чухал. Гэвч манай улсын иргэдийн хувьд дам яриа, уламжлалт ойлголтоос үүдэн гэрээр эмчлэх, зохисгүй эм эмэн эмчилгээг хийн өвчнийг хүндрүүлж яаралтайгаар ХӨСҮТ-ийг зорих нь бий. Иймд салхин цэцэг өвчний эмчилгээ, эмнэлзүйн ойлголт, зөв оношилгооны талаар ХӨСҮТ-ийн Зооноз бруцеллёзын тасгийн эмч Б.Энхзаяатай ярилцлаа.

-Салхин цэцэг өвчин сүүлийн үед даамжрах боллоо. Энэхүү халдварт өвчин нь цаг хугацаа, улирлын хувьд хэдийгээр илүүтэй идэвхждэг вэ?

-Салхин цэцэг өвчин нь намар, өвлийн сэрүүн улиралд дэгдэлт байдлаар ихэсдэг. Он гарсаар сар шинийн баяр, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор халдварын тоо эрс нэмэгдсэн.

-Ирж буй өвчлөгсөд ямар үе шатандаа эмнэлгийн байгууллагад хандаж байна вэ?

-Салхин цэцгийн дийлэнх хувь буюу 70-75 хувь нь хөнгөн хэлбэрээр тусдаг. Энэ тохиолдолд гэрээр эмчлэх боломжтой. Манай эмнэлэг дээр олон тооны хүүхдүүд ирж, хэвтэн эмчлүүлж байна. Энэ нь тууралт ихтэй, хавсарсан хатгалгаатай, үрэвсэлтэй, идээтэй, бугласан зэрэг хүндэрсэн тохиолдлууд цөөнгүй ирдэг.

Урьд нь өвдөж байгаагүй бол аль ч насандаа өвдөх боломжтой учраас хүүхэд гэлтгүй насанд хүрсэн иргэд ч бас хэвтэн эмчлүүлж байна.

-Салхин цэцгийн голомт нь хаанаас үүдэлтэй байх боломжтой вэ?

-Салхин цэцэг өвчин нь хүнээс хүнд дамжиж, агаар дуслын замаар халдварладаг вирусийн халдварт өвчин юм. Уг өвчинд халдварын нууц үе гэж бий. Энэ нь халдвар авсан ч шинж тэмдэг илрэхгүй үеийг хэлдэг. Хугацааны хувьд 10-21 хоногийн туршид үргэлжилдэг. Салхин цэцгээр өвчилж, үзүүлэхээр ирсэн үйлчлүүлэгчээс тархвар судлалын асуумжийг авахдаа 10-21 хоногийн өмнө салхин цэцэг туссан хүүхэдтэй хавьтал болсон эсэх, ангиас нь өвчлөл илэрсэн, гэрт нь эл өвчний халдвар авсан хүн байсан эсэх зэрэг асуумжуудыг авдаг.

-Салхин цэцэг өвчнийг багадаа туссан ч дахин халдвар авч өвчилсөн гэх тохиолдлууд их байна. Ер нь салхин цэцгийг хоёр удаа тусах боломжтой юу?

-Уг өвчин нь өөрөө херпесийн вирусээс үүддэг. Херпесийн вирусийг анх удаа авч байгаа тохиолдолд салхин цэцэг өвчнөөр өвдөж байдаг гэсэн үг. Тухайн өвчнөөр өвдсөний дараа хүнд насан туршийн тогтвортой дархлаа тогтдог. Тиймээс хүн амьдралынхаа туршид салхин цэцгээр нэг л удаа өвдөнө гэсэн үг. Энэ вирусийн халдварыг хоёр дахь удаагаа авч байгаа тохиолдолд бүслүүр үлд буюу могойн яраар өвчилсөн байх боломжтой. Хоёр удаа салхин цэцгээр өвчилсөн хүмүүсийн анхны оношилгоо нь ямар байсан, зөв оношлуулсан уу гэдэг ч эргэлзээтэй. Иймээс үүнийг мэргэжлийн байгууллагад хандан ялган оношлуулах нь зүйтэй. Анагаах ухаан, шинжлэх ухаанд бол хүн нэг л удаа салхин цэцэг өвчнөөр өвдөнө гэсэн байдаг.

-Салхин цэцгийг өөр өвчинтэй андуурах тохиолдол гардаг уу?

-Андуурах тохиолдол гарахгүй гэж бодож байна. Тууралтад халдварт өвчин нь дотроо олон янз байдаг. Улаан бурхан, улаан эсэргэнэ, улаанууд зэрэг хоорондоо төстэй шинж тэмдгүүд илэрдэг. Энэ тохиолдолд анхан шатны байгууллагууд буруу оношлох, иргэд ам дамжсан яриан дээр тулгуурлан гэрээр оношлон эмчилсэн тохиолдлууд их байдаг. Магадгүй ийм тохиолдолд өөр тууралт байсныг салхин цэцэг гэж үзээд дараа нь жинхэнэ салхин цэцгээр өвдөхдөө хоёр дахь удаагаа өвдлөө гэсэн яриа гараад байна уу даа гэж харж байна.

-Эцэг, эхүүд гэрээр эмчилгээ хийхийг илүүд үздэг. Үүнээс болоод тууралт буглах, өвчин хүндрэх шалтгаан нь болж байна уу?

-Дээр үед салхинд гарч болохгүй, ус хүргэж болохгүй гэсэн уламжлалт эмчилгээтэй байсан шүү дээ.

Салхин цэцгийн тууралт нь дотроо ус, шингэн агуулсан цэврүүт тууралт байдаг. Энэ цэврүү нь маажсанаар хагараад шарх, шалбархай болдог. Дээр нь усанд орохгүй байхаар гадны нян бактери наалдан идээт үрэвсэл болж хүндэрдэг. Тиймээс усанд сайн орж тууралтыг цэвэр ариун байлган бохирдуулахгүй байх хэрэгтэй.

Цаг алдалгүй мэргэжлийн байгууллагад хандан, эмчийн заавар зөвлөгөөг авах нь чухал.

-Салхин цэцэг өвчний үед цэнхэр метиленийг хэрэглэх эсэх сонголт нь нээлттэй-

-Салхин цэцэг өвчнөөр багадаа өвдвөл хөнгөн өвддөг. Насанд хүрсэн үедээ өвдөхөд илүү хүндээр тусдаг гэх яриа бий. Энэ хэр үнэн бодитой мэдээлэл вэ?

-Энэ өвчнөөр хөнгөн өвдөх үү, хүндэвтэр өвдөх үү гэдэг нь тухайн хүний өөрийнх нь дархлаа тогтолцоо, бие организм, өвчин даах чадвар, вирусийн тоо ширхэг, хорвуу чанар зэргээс шалтгаалдаг. Түүнээс биш насанд хүрсэн хүн бүр хүнд өвдөнө, хүүхэд л хөнгөн өвдөнө гэсэн ойлголт байхгүй.

-Тууралтыг хатаах, загатнааг багасгах зорилгоор метилений хөх /methylene blue/ уусмалыг ашигладаг шүү дээ. Үүнийг хэрэглэдэг хэвээр байгаа юу. Хэрхэн эмчилбэл зохимжтой вэ?

-Метилений хөх уусмалын хувьд эмчилгээнээс хассан, хорьсон зүйл байхгүй. Харин үүний оронд орлуулж хэрэглэх боломжтой олон төрлийн гель, мазь, тосон түрхлэгүүд гарсан. Метилений хөх уусмал нь спиртийн агууламжтай тул бага насны хүүхдэд түрхэхэд хорсох магадлалтай. Мөн орны даавуу болон хувцсанд өнгө, будаг үлдээдэг учраас виферон мазь түрхлэг, ацикловир мазь тос зэрэг дараа дараагийн сонголтууд гарч ирсэн тул аль болох хэрэглэхэд амар бүтээгдэхүүнийг санал болгож байгаа юм. Эдгээрийг заавал хэрэглэх хэрэгтэй гэсэн зүйл байхгүй. Метиленийг хэрэглэх эсэх сонголт нь нээлттэй.

-Халдварын аюулгүй байдлын үүднээс тусгаарлалтыг хийдэг. Тэгвэл тусгаарлалтыг хэрхэн хийвэл үр дүнтэй вэ?

-Салхин цэцэг өвчний халдвартай үе гэдэг нь халдвар авсан өдрөөс эхлээд сүүлийн цэврүүт тууралт гарснаас хойшхи таван хоногт халдвартай. Энэ хугацаанд гэр болон эмнэлгийн байгууллагад тусгаарлалт хийх шаардлагатай. Гэртээ агааржуулалтыг тогтмол хийж, өдөр бүр усанд орж ариун цэврийн дэглэм сахих нь эдгэрэлтийг түргэсгэж байдаг. Мөн илчлэг, тэжээл сайтай хоол хүнс хэрэглэх, шингэн зүйлийг хангалттай хэмжээгээр уух нь эмчилгээний асаргаа, сувилгаанд эергээр нөлөөлнө.

-Салхин цэцэг өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ. Уншигчдад маань зөвлөгөө өгөхгүй юу?

-Өмнө нь хэлсэнчлэн халдварлах нөхцөл нь агаар дуслын зам. Тиймээс амны хаалтыг тогтмол ашиглах нь зүйтэй. Мөн өөрийн биеийн дархлааг сайжруулах, бүтэн нойр авах, илчлэг тэжээл сайтай хоол хүнс хэрэглэх, хувийн болон ахуйн ариун цэврийг сайтар захих нь урьдчилан сэргийлэх аргуудад багтдаг.

Уг өвчний үед өндөр хэмтэй халуурах, биеэр тууралт гарах, суулгах, бөөлжих, ядрах зэрэг шинж тэмдгүүд илрэх магадлалтай. Хэрэв өвдсөн тохиолдолд цаг алдалгүй мэргэжлийн эмчид хандаж асаргаа сувилгааг сайн хийх, эмээ эмчийн заавраар тогтмол уух нь өвчнөө хүндрүүлэхгүй байх нэг арга юм.

-2023 оны эхний хоёр сарын байдлаар ХӨСҮТ-өөр үйлчлүүлсэн иргэдийн 700-800 орчим нь салхин цэцэг өвчнөөр өвдсөн байна-

No description available.

Тэгвэл ХӨСҮТ-д салхин цэцэг өвчнөөр өвдөж хэвтэн эмчлүүлж буй иргэдийн тоо болон насны байдлыг ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны тархвар судлаач, их эмч Ц.Нарангараваас тодруулахад дараах мэдээллийг өгсөн юм.

Тэрбээр “Салхин цэцэг өвчний хувьд дэлхий нийтэд өргөн тархсан вирусийн өвчин. Тооцооллоор, сэрүүн бүсэд амьдардаг хүн амын 90 хувь нь 15 нас хүрэхээсээ өмнө энэ халдвараар өвддөг гэсэн байдаг. Манай орны хувьд энэ оны эхний хоёр сарын байдлаар өвчлөл эрс нэмэгдсэн байна.

Коронавирусийн халдвартай холбоотойгоор хүн бүр зай барих, гараа угаах, амны хаалт ашиглах зэрэг урьдчилан сэргийлэх алхмуудыг хэрэгжүүлснээр 2020-2021 онд эрс буурсан үзүүлэлттэй байсан. Тухайлбал, салхин цэцгийн халдвар 2017-2019 онуудад дэгдэлт хэлбэрээр гарч байсан. Улсын хэмжээнд 10 мянган хүн ам тутамд 32 хүн өвчилдөг байсан бол 2020 онд эрс багасаж найман мянга гаруй хүн, 2021 онд мөн 10 мянган хүн ам тутамд 0,9 хүн, 2021 онд 10 мянган хүн тутамд 8,7 хүний өвчлөл бүртгэгдсэн байна. Харин 2022 онд 10 мянган хүн тутамд 10 хүн өвчилсөн.

Өвчилж буй нийт иргэдийн 70-75 хувийг 0-15 хүртэлх насны хүүхдүүд эзэлдэг. Иймд хүүхдүүд өвдсөний дараагаар насан туршийн дархлааг олж авдаг. Манай орны хувьд вакцинжуулалтгүй байгаа тул бага насандаа өвдчихдөг гэж хэлж болно. Түүнчлэн хорио цээрийн үед халдвар авах нөхцөл бага байсан. Харин хорио цээр тавигдсантай холбоотойгоор энэ жил өвчлөл ихсэж байгаа гэж дүгнэж байгаа юм. Тухайлбал, Улаанбаатар хотын хэмжээнд 2023 оны эхний хоёр сарын байдлаар манай төвөөр үйлчлүүлсэн үйлчлүүлэгчдийн 700-800 орчим нь салхин цэцэг өвчнөөр өвдсөн байна. Үүний 85 орчим хувь нь 15-аас доош насны хүүхэд багачууд тэр дундаа цэцэрлэг, бага ангийн хүүхдүүд эзэлсэн” хэмээсэн юм.

Үүнээс гадна мэргэжилтнүүдийн зүгээс иргэд дам яриа болон уламжлалт эмчилгээнээс үүдэн хүндрүүлэх, буруу арга хэмжээ авдаг байдал нь хэвээр буй. Тиймээс иргэдийн салхин цэцэг өвчний талаарх ойлголт, өвчилсөн үедээ хэрхэн эмчилж байсан талаар асууж, байр суурийг нь тодрууллаа.

-Салхин цэцэг өвчний тохиолдлын тоог нэмэгдүүлэхгүйн тулд вакцинжуулалт хийх нь зөв гэж бодож байна-

No description available.

Иргэн: Саяхан хүүхдүүд, ач зээ нар маань бүгд зэрэг салхин цэцэг өвчнийг туссан. Өвдсөн үед нь цаг алдахгүйгээр эмнэлэгт хандан арга хэмжээг авсан. Эмчилгээний хувьд бичиж өгсөн тохирох эмийг нь тогтмол уулгаж, метилений хөх уусмалыг түрхсэн. Дээр үед усанд оруулж болохгүй л гэдэг байсан. Харин одоо бол усанд оруулахыг зөвлөж байна лээ. Эмчийн заавар зөвлөгөөг даган, хүндрүүлэлгүй хурдан эдгээж чадсан. Салхин цэцэг өвчнийг ихэсгэхгүй байхын тулд вакцинжуулалт хийх нь зөв гэж бодож байна.

-Салхин цэцэг өвчний талаарх мэдээллийг сэтгүүл, сонин дээрээс л уншиж мэдсэн-

No description available.

Иргэн: Ойр дотны хүмүүс салхин цэцэг өвчнөөр өвчилж байсан. Ямар ч байсан цэнхэр уусмал түрхдэг шиг санагдаж байна. Хэрэв халуурвал биеийн халууныг бууруулах зорилгоор антибиотик уулгаж байсан. Хүндрүүлэхгүйн тулд салхинд гаргалгүй тусгаарлаж, усанд оруулахгүйгээр эдгээдэг байсан. Салхин цэцгийн талаар ойлголтоо сэтгүүл, сонин дээрээс л уншиж мэдсэн. Мөн хүмүүсийн ярианаас сонсоод мэдэж авч байсан. Миний хувьд эрүүл ахуйн мөрдлөг муу явагдаж байгаагаас л энэ өвчлөл ихсэж байгаа байх гэж боддог. Жишээлбэл, хүүхдүүдээ ойр ойрхон усанд оруулж, гараа угаахыг зааж сургавал гайгүй болно гэж бодож байна.

-Хөх уусмалыг хэрэглэхээ больчихсон шүү дээ. Тиймээс тохирох эмийг тогтмол хэрэглэх нь зүйтэй байх-

No description available.

Иргэн: Миний хувьд уламжлалтын их эмчээр суралцдаг. Салхин цэцэг нь өөрөө агаар дуслын замаар халдварладаг, товруут тууралтат өвчин. Амны хаалтыг тогтмол зүүж, гадуур явахдаа халдвартай хүнээс зай барин ариун цэврээ сайтар мөрдөх нь урьдчилан сэргийлэх аргуудын нэг. Эмчилгээний хувьд хөх уусмалыг хэрэглэхээ больчихсон шүү дээ. Тиймээс тохирох эмийг тогтмол хэрэглэх нь зүйтэй байх. Усанд оруулж болохгүй гэдэг одоо цагт буруу ташаа ойлголт болчихсон. Эсрэгээрээ өдөр бүр усанд оруулах нь эмчилгээний аргын нэг хэсэг болсон. Түүнээс гадна агаарын бохирдол ихэссэн учраас энэ нь салхин цэцэг ихсэх нэг шалтгаан болж байгаа гэж бодож байна.

Мэргэжилтнүүдийн дурдсан тоон үзүүлэлтээс харвал салхин цэцэг өвчний тохиолдол дунджаар 32 мянга байсан бол 2020, 2021 онуудад уг тоо эрс буурчээ. Үүний шалтгаан нь цар тахалтай холбоотой иргэдийн дийлэнх нь хөл хорионд орж, хувийн ариун цэврийг сахин, амны хаалтыг тогтмол хэрэглэдэг байсантай холбоотойг холбогдох албаныхан хэлж буй. Харин хөл хорионы дараагаар буюу 2022, 2023 онд эрс буурсан үзүүлэлт аажмаар өсөж буй нь иргэд амны хаалт болон хувийн ариун цэвэртээ анхаарах нь цар тахлын үеийнхээс буурсантай холбоотой ч байж болох юм.

Түүнчлэн өвчилсөн тохиолдолд хэвтэн эмчлүүлэх, хүндрүүлэх нь ч бий. Энэ нь нийгэмд түгээмэл тархсан уламжлалт эмчилгээ, батлагдаагүй мэдээ мэдээлэл, ам дамжсан ярианы уршиг юм. Иймд иргэд шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн байгууллагад цаг алдалгүй хандан зөвлөгөө мэдээлэл авч, эмчилгээ хийлгэхийг урьтал болгох нь чухал байгааг албаныхан зөвлөж байгаа юм.

Д.Дөлгөөн

ҮЛ ТООДОГ ЭРХ: 100 эрэгтэйн 70 хувь нь хүчирхийлэлд өртдөг бөгөөд ихэвчлэн эхнэр, найз охин нь үйлддэг
ҮЛ ТООДОГ ЭРХ: 100 эрэгтэйн 70 хувь нь хүчирхийлэлд өртдөг бөгөөд ихэвчлэн эхнэр, найз охин нь үйлддэг
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.