Гудамжинд эрэгтэй хүн эмэгтэй хүн рүү дайрч, доромжилж байхад хажуугаар зөрж өнгөрөх хүмүүс болиулдаг бол эсрэгээрээ эмэгтэй нь эрэгтэй рүүгээ халдахад зогсоодоггүй. Энэ дүр зураг манай улсад жендерийн тухай мэдлэг тэр дундаа эрчүүдийн ЭРХ гэх ойлголт ямар ядуу, дутмаг болохыг илтгэж болохоор.
Хэдийгээр олон улсад гуравдугаар сарын 8-ны өдрийг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлж заншсан ч нийтлэг утгаараа "эмэгтэй хүн бүрийн баяр” хэмээн ярьдаг. Харин гуравдугаар сарын 18-ны өдөр буюу эр цэргийн баярыг мөн л нийтлэг утгаараа “эрчүүдийн баяр” хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг.
Тэгвэл ubn.mn сайтын редакцын зүгээс эрчүүдийн эрх зөрчигдөж буй байдалтай холбогдуулан сонирхолтой нэгэн судалгааг хийж үзлээ. Эл судалгаанд 100 эрэгтэйг хамруулан, тэдний дунд эрх нь хэрхэн зөрчигдөж буй талаар гурван асуултыг тавихад дараах байдлаар хариулсан юм.
-СУДАЛГАА: 100 эрэгтэйн 70 хувь нь хүчирхийлэлд өртдөг-
"Та ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртөж байсан уу" гэх асуулгад нийт судалгаанд оролцогчдийн 70 орчим хувь нь тийм гэх хариултыг өгчээ. Өөрөөр хэлбэл, тэдний зүгээс нийгмийн харилцаанд оролцоход ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртдөг хэмээн хариулсан байгаа юм. Харин 10 хувь нь хүчирхийлэлд өртөж байсан эсэхээ мэдэхгүй хэмээн хариулснаас үзэхэд нийгэмд хүчирхийллийн талаарх ойлголт дутмаг байгааг харж болохоор байна.
-СУДАЛГАА: 100 ЭРЭГТЭЙН ДӨРӨВ НЬ БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТӨЖ ЭРХЭЭ ЗӨРЧҮҮЛДЭГ-
"Хүчирхийлэлд өртөж байсан бол ямар төрлийн хүчирхийлэлд өртөж байсан бэ" гэх асуултад эрчүүдийн 65 хувь нь сэтгэл санааны хүчирхийлэлд өртдөг бол 24 хувь нь бие махбодын, дөрвөн хувь нь бэлгийн, үлдсэн 7 орчим хувь нь эдийн засгийн хүчирхийлэлд өртдөг гэсэн тоон үзүүлэлт гарлаа.
-СУДАЛГАА: ЭРЭГТЭЙЧҮҮДИЙГ ХАМГИЙН ИХ ХҮЧИРХИЙЛЖ ЭРХИЙГ НЬ ЗӨРЧДӨГ ХҮМҮҮС БОЛ "ЭХНЭР /НАЙЗ ОХИН/" ГЭВ-
Мөн тус судалгаанд оролцохдоо хүчирхийлэлд өртдөг хэмээн хариулсан эрчүүдээс хэн хамгийн их дарамт үзүүлдэг талаарх асуулт асуухад 40 хувь нь эхнэр, найз охин хэмээх хариултыг дугуйлжээ. Харин хамгийн бага буюу 7.5 хувийг ажиллах орчинд буюу цуг ажиллаж буй хүмүүсийн зүгээс ирэх дарамт, шахалт эзэлдэг хэмээн хариулжээ.
-УЛС ТӨРӨӨС БУСАД САЛБАРТ ЭМЭГТЭЙЧҮҮД НОЁЛЖ БАЙНА-
Бид дээрх судалгааг авсны дараа жендер судлаач Х.Самданцоодолтой ярилцсан юм.
-Бүх л эцэг, эхчүүд хүүдээ эмэгтэй хүнд гар хүрч болохгүй хэмээн захиж, хүмүүжүүлдэг. Гэтэл орчин цагт энэ байдал эсрэгээрээ хувирч зарим охид эмэгтэйчүүд эрэгтэй хүүхдэд гар хүрэх байдал ажиглагдах болсон байна. Энэ ер нь хэр зөв хүмүүжил вэ?
-Мэдээж хэн ч хэнийг хүчирхийлж, эрхийг нь зөрчиж болохгүй гэдэг хүмүүжилтэй байх учиртай. Гэтэл бидний ойлголт ихээсээ бага хүртэл буруугаар хэрэглэгдэж байгаа нь өөрөө гажуудал шүү дээ. Гэр бүлийн хүчирхийллийн талаар судалгааг харахад, хохирогч нь 100 хувь эмэгтэйчүүд байдаггүй. Эрчүүд ч мөн адил хүчирхийлэлд өртөж байдаг. Өөрөөр хэлбэл, нийгэмд гэр бүлийн хүчирхийллийн тухай ярих л юм бол хохирогч бол эмэгтэй, хүчирхийлэгч бол эрэгтэй гэсэн явцуухан бөгөөд туйлширсан ойлголт газар авснаар эмэгтэйчүүдийн эр хүнийг үнэлэх үнэлэмж буурсан.
-Эрэгтэй хүн тэгш эрхийн асуудал ярих нь ичгэвтэр, жендер бол зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал гэх үзэл маш буруу шүү дээ?
-Эрэгтэй хүн л гэр бүлийн хамаг хүнд ачааг үүрэх ёстой, ингэж чадахгүй бол муу эр гэсэн жендерийн талаарх гажуу ойлголт газар авсан. Эрэгтэй хүн ачааллаа даахгүй болоод “муу" эр хүн болохоороо сэтгэлээр унадаг, архинд ордог, эсвэл хүчирхийлэгч болдог.
-Жендерийн энэ асуудлыг хамгийн гол нь боловсролын салбар анхааралдаа авмаар юм шиг санагддаг?
-Тийм. Ер нь боловсролын салбарт жендерийн илт гажуудал гардаг. Бага ангид эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдийн харьцаа ойролцоо байдаг ч ахлах ангиас эхлээд жендерийн баланс алдагдаад эхэлдэг. Үүнээс үүдэлтэйгээр эрчүүдийн боловсрол хаягдсан. Энэ нь цаашлаад эдийн засгийн амьдралд нөлөөлөх болсон. Мөн Монголд эрэгтэйчүүдийн мэргэшсэн эмч, эмнэлгийн тоо хуруу дарам цөөхөн байна.
Биологийн хувьд эр, эм хүйс гэж байгаа. Жендер бол социологийн ойлголт. Гэтэл Монгол Улс ерөнхийдөө эрэгтэйчүүд дарлагдаж, эмэгтэйчүүд ноёлсон нийгэм болж хувираад байна. Ганцхан улс төрд л эрэгтэйчүүд олноороо байгаа. Тэр бол улс төрийн намын дотоод дүрэмтэй хамаатай зүйл. Бусад салбарт дандаа эмэгтэйчүүд л байна. Их сургуулийн багш, эмнэлэг гэх салбаруудад дийлэнх нь эмэгтэйчүүд байна. Тэгээд бодоод үзэхээр эрэгтэйчүүд ноёлоод л эмэгтэйчүүд дарагдаад байгаа зүйл огтоосоо байхгүй шүү дээ.
-Д.ЭРДЭНЭБААТАР: Жендерийн асуудлыг ярихгүй бол далд хүчирхийллийн асуудал улам л цэцэглэх болно-
Харин бид уг асуудлуудын хүрээнд Сэтгэл засалч эмч Д.Эрдэнэбаатартай ярилцлаа.
-Эрчүүдийн дунд судалгаа явуулахад нийт оролцогчдын 70 гаруй хувь нь хүчирхийлэлд өртдөг хэмээн хариулсан. Тэр дундаа сэтгэл санааны хүчирхийлэлд ихэвчлэн өртдөг бөгөөд эхнэр, найз охиноосоо ийм төрлийн хүчирхийлэл мэдэрдэг гэжээ. Өөрт тань сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн эрчүүд ханддаг уу?
-Сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн эрчүүд ирнэ. Гэхдээ сэтгэл зүйн хүчирхийлэлд өртөж буйгаа мэддэггүй ирдэг. Яг ярилцаад үзэхээр эхнэр юм уу, найз охин нь хүчирхийлсэн байдаг. Сэтгэл зүйн хүчирхийлэл гэдэг нь нөхрөө загнах, муулах, өөр бусадтай харьцуулах хүртэл орно. Арчаагүй, сул дорой мөнгө олж ирдэггүй гэж загнана. Энэ бүгд л хүчирхийлэл. Тэр ч битгий хэл зоддог тохиолдол ч байна. Нөгөө талаараа хэл амаараа хүнийг тэсэхийн аргагүй доромжилчхоод алгадаад авахад нь цагдаад өгчихдөг ч асуудал байна.
-Эмэгтэйчүүд сэтгэл санаагаар маш их хүчирхийлээд байна. Үүнийг яриад байх нь ичгэвтэр асуудал болохоор чимээгүй тэвчээд өнгөрөөдөг. Гэтэл салах дээрээ тулах үед сэтгэл санаагаар удаан хугацаанд дарамталсан хүний буруу болдоггүй. Харин тэсгэл алдаад нэг алгадсан нөхрийн буруу болдог. Харин эхнэрийн дарамталсан нь нотлох баримтгүй үлддэг шүү дээ?
-Даруу, томоотой эрэгтэй хүнтэй ааштай эмэгтэй хүн суулаа гэж бодоход зан ааш нь эвдрээд л дуусна шүү дээ. Хүн хүнээсээ л хамаардаг хорвоо. Гэтэл бид аль нэг зүйл дээр хэт нэг талыг барьдгаасаа болж эрчүүдийнхээ сэтгэл зүйг аль хэдийн хаячихсан улс. Он удаан жил ааш гаргаад байвал эрэгтэй хүний тэсвэр барагдаж ууртай болж эхэлнэ шүү дээ. Эмэгтэй нь ямар ч үнээр хамаагүй дийлэх гэж оролдоно. Гэтэл буцаад түлхэхэд л эхнэртээ бие махбодын хүчирхийлэл болж хувирдаг асуудал гардаг.
-Мөн судалгаанд эрчүүдийн зарим нь бэлгийн хүчирхийлэлд өртдөг ч түүнийгээ ил гаргадаггүй гэжээ. Тодруулбал хүсээгүй үед ойр дотно харилцаатай эмэгтэй нь шаардлага тавих, уурлах тохиолдол гардаг гэсэн байна. Энэ талаар сэтгэл зүйч хүний хувьд байр сууриа илэрхийлнэ үү?
-Тодорхой шүү дээ. Эрхтэн нь хөвчрөхгүй байх юм бол шууд л чи сулралтай, бэлгийн замын өвчтэй гэдэг. Ааштай хүүхнүүд нь ямар ч үнэ цэнээр хамаагүй дайрч довтолно. Энэ мөн л бэлгийн хүчирхийлэл шүү дээ. Хоёулаа л сэтгэл засал хийлгэх хэрэгтэй. Эрчүүд хохирогчид болоод ирсэн тохиолдол зөндөө байна.
-Гэр бүлийн ажил үүргийн хуваарийг хэрхэн зохицуулах хэрэгтэй вэ. Эрчүүдийг зурагтын өмнө удирдлага бариад сууж байдаг ажилгүй гэдэг ойлголт байдаг шүү дээ. Энэ талаар?
-Гэр бүл болсон л бол үүрэг хариуцлага тэгш л байх учиртай. 50/50 хувь байна гэсэн үг. Хүүхдүүдээ өсгөхөд ч гэсэн хамт л байх учиртай.
Мөн эрчүүдийн эрхийг ярьдаг байгууллага монголд ховор байна. Нийгэмд эрчүүдийг хүчирхийлэгч муу муухай гэсэн ойлголттой болгох хандлага ажиглагддаг. Нөгөө талаас эмэгтэйчүүдийг хохирогчийн дүрд тоглуулах хандлага бий болсон. 21-р зуун өөрөө ч гэсэн хохирогчийн сэтгэл зүй давамгайлах хандлагатай болчхоод байгаа юм.
-Нийт эрчүүдийн сэтгэл зүйд хэрхэн анхаарах вэ. Эрчүүдийн эрхийн асуудлыг ярихгүй, тэдний сэтгэл зүйд анхаарахгүй бол ирээдүйд ямар үр дагавар гарах вэ?
-Хамгийн гол нь боловсролыг л сайн олгох хэрэгтэй. Жендерийн асуудлыг ярихгүй бол далд хүчирхийллийн асуудал улам л цэцэглэх болно. Гэхдээ энэ асуудал ярилаа гээд шууд шийдэгдэх ч асуудал биш. Ойрын зуун жилдээ лав яригдсаар л байх болно. Ганцхан манай улсад, бидэнд ийм зүйл тохиолдоод байна гэж бодож болохгүй.
Уг үндсэн суурь тогтолцоондоо эмэгтэйчүүдийн “эрхийг хамгаалах” хандлага давамгайлдаг учраас эрчүүдийн эрхтэй холбоотой асуудлууд хөндөгдөх нь бага. Улмаар эрчүүд эрхээ зөрчүүлж байгаа эсэхээ ч мэдэхээ байхад хүрчээ. Тиймээс эр ч бай, эм ч бай хэн хэнийхээ эрхийг зөрчихгүй нэг ёсондоо харилцан параллель байж нийгэм дахь хүчирхийлэл, үл ойлголцол цаашлаад гэр бүл салалт гэх мэт олон сөрөг асуудлуудад шийдэл болж чадна.