Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: 7-8 цаг унтах нь хангалттай бус чанартай нойр авах нь чухал

Ангилал
Сурвалжлага
Огноо
Унших
9 минут 19 секунд

“Их ажлын өдөр өнгөрлөө. Гэртээ хариад аахар, шаахар ажлаа амжуулна. Ингээд л орондоо орж амрахыг хүсэвч нойр хүрэхгүй. Нааш цааш хөрвөөсөөр олон зүйлсийг бодохын зэрэгцээ утсаа шүүрэн авч, түргэхэн оролдохыг нэн тэргүүнд тавина” яг энэ үйлдлийг хүн бүр хийдэг гэхэд эргэлзэхгүй. Гэхдээ утсаа оролдохоосоо урьтаад наашаа анхаарлаа хандуулахыг хүсье.

Бид бүгдийн мэдэж байгаачлан бие махбодь ба оюун ухааныг эрүүл байлгах үндсэн нөхцөл бол унтаж амрах. Нойр бол биологийн үндсэн хэрэгцээнүүдийн нэг. Нөгөө талаас нойрыг бидний өдөр тутмын амьдралын хэв маяг идэвхтэй байхад нөлөөлдөг хөшүүрэг гэж хэлж болно. Гэвч таван хүн тутмын нэг нь нойргүйдлийн эмгэгтэй гэсэн судалгаа гарчээ. Иймд UBN.mn сайтын сурвалжлах баг нойр хүний биед яагаад чухал болох, нойргүйдэл хэрхэн үүсэж, хүний биед ямар хор хөнөөл учруулдаг талаар мөн чанартай нойрыг хэрхэн авах талаар дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

Заримдаа олон цаг унтсан ч амарсан мэт мэдрэмж авахгүй, улам нойр хүрэх тохиолдол байдаг. Бид бүгдийн мэдэж байгаачлан бие махбодь ба оюун ухааныг эрүүл байлгах үндсэн нөхцөл бол унтаж амрах. Гэвч хүмүүс чанартай нойр гэж юу болох мөн чанартай нойрыг хэрхэн авахаа төдийлөн мэддэггүй. Тэгвэл чанартай нойр гэдэг нь үд болтол унтахын нэр биш бөгөөд зохистой хугацаанд гүн нойрсож, биеэ амраахыг хэлнэ.

Бид нойргүйдлийн талаар шинжлэх ухааны академи тархи сэтгэл судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан хүний эмч М.Цогт-Итгэл эмчээс дараах мэдээллийг авсан юм.

Чанартай нойрыг таван циклээр авч үздэг

-Хүмүүс тэр бүр чанартай нойр гэж юу болох талаар төдийлөн мэддэггүй. Гэтэл эмч нар чанартай нойр авах шаардлагатай гэдгийг байнга зөвлөдөг. Тэгвэл та юуны өмнө чанартай нойр гэж юу болох талаар мэдээлэл өгөөч?

-Ерөнхийдөө нойрны чанар гэх ойлголтыг олон талаас авч үздэг. Нэгдүгээрт, Тухайн хүн хэр хугацаанд нойр авч байна вэ гэдэг нь чухал. Зарим тохиолдолд хүмүүс 7-8 цаг унтаснаа хангалттай нойр авчихлаа гэж үздэг. Гэвч тухайн нойр нь тасралтгүй байсан уу эсвэл гэнэт сэрсэн үү гэх зэргээс шалтгаалан нойрны чанар яригдана.

Нойр гэдэг нь бодит байдал дээр хоёр ангилалд хуваагддаг. Тухайлбал,

  • Нүдний түргэн хөдөлгөөнт,
  • Нүдний түргэн хөдөлгөөнт бус гэсэн хоёр нойр бий.

Тэгэхээр тухайн нойрны харьцаа зөв байна уу мөн тэнцвэртэй байсан уу гэдгээс хамаараад нойрны чанарыг үнэлдэг. Аль болох бүтэн нойрны буюу таван циклээ бүрэн авсан тохиолдолд үүнийг чанартай нойр гэж нэрлэдэг. Энэ нь таван циклээ авах явцдаа тасралтгүй буюу шөнө нэг ч сэрэхгүйгээр унтаж амрахыг хэлж байгаа юм.

-Та сая нойрны таван циклийн талаар ярилаа шүү дээ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Өмнө нь хүний нойр нүдний түргэн хөдөлгөөнт болон түргэн хөдөлгөөнт бус гэсэн хоёр үед хуваагддаг талаар ярьсан шүү дээ. Шөнийн турш нүдний түргэн хөдөлгөөнт болон түргэн хөдөлгөөнт бус давтамж хоорондоо ээлжилж байдаг. Энэ хоёр нийлээд дунджаар 90 минутын мөчлөг бүхий нэг нойрны цикл үүсгэдэг гэсэн үг юм.

Хэрэв хүн тухайн мөчлөгийг шөнийн турш 4-5 удаа тасралтгүй авсан тохиолдолд үүнийг чанартай нойр гэж үзнэ. Унтаж байх үедээ тухайн хүн сэрээд, сэрвэлзээд байвал хүний тархинд долгион үүсдэг. Түүнээс гадна бодисын солилцоо давхар явагддаг. Энэ нь хүний тархи идэвхтэй байдал руу шилжиж байгаа хэрэг. Тиймээс жигд нойр явагдаагүй учир чанартай нойроо авч чадаагүй байна гэж ойлгож болно. Иргэдийн дунд 7-8 цаг унтвал бүтэн нойр авсан гэж үздэг. Гэтэл үнэн хэрэгтээ тийм биш. Хамгийн гол нь тасралтгүй бат, бөх унтаж амарч чадвал чанартай нойроо авч байна гэсэн үг юм.

ТАЙЛБАР: 1 цикл 90 минут үргэлжилдэг. Тэгэхээр 5 цикл нь 7-8 цагийн хугацааг нэрлэдэг.

-

Тэгвэл хүмүүсийн хувьд сэрвэлзээд унтаж чадахгүй байгаагаа нойргүйдэлд ороод байна гэж бодох нь элбэг байдаг. Энэ ер нь хэр үнэн юм бэ?

-Үнэхээр хүмүүс сэрвэлзэж байгаагаа нойргүйдэлд орж байна гэж ойлгодог. Гэхдээ үнэхээр нойргүйдээд байна уу үгүй юу гэдгээ мэргэжлийн байгууллагаар тодорхойлуулах хэрэгтэй. Нойргүйдлийг эмнэлгийн түвшинд оношлуулахын тулд нойрны олон үйлдэлт аппаратны шинжилгээнд хамрагдах шаардлагатай байдаг.

Нойргүйдэж байгааг үнэлэхэд маш амархан. Тухайн хүн сараас дээш хугацаанд шөнө унтахад төвөгтэй байгаад байна уу, Унтахаар хэвтсэнээс хойш 30 минут орондоо хөрвөөгөөд унтаж чадахгүй байна уу гэдгээ өөрөө ажиглах хэрэгтэй.

Энэ шинжилгээний дүгнэлт нь зүрхний цахилгаан бичлэг, зүрхний цохилтын тоо, нүдний хөдөлгөөн, эрүүний булчингийн агшилт, агаарын урсгал, мөчлөгийн хөдөлгөөн болон олон зүйлүүдийг үздэг. Ингэхдээ хамгийн гол үздэг зүйл нь тархины цахилгаан долгион ингэж хүний нойрны циклийн мөчлөгүүдийг тодорхойлдог. Нойр эхлэхдээ ялангуяа шөнийн эхний хагаст нүдний түргэн хөдөлгөөнт бус нойроор эхэлдэг. Энэ үед тархины долгионууд нь ямар ялгаатай долгионууд үүсэх вэ, хоёр долгион харилцан тухайн хүнд үүсэж байна уу үгүй юу гэдгээс шалтгаалж нойргүйдлийг оношилдог.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

Хүн нойр авахгүй 3-4 хоног явахад бие махбодод асар их өөрчлөлт гарч байдаг. Тухайлбал, сэтгэн бодох чадвар удааширна, дархлааны систем унана, бие мах бодийн ачаалал даах чадвар мууддаг. Хамгийн гол нь хүний сэтгэн бодох чадвар буурахдаа хариу урвал үзүүлэх хурд ч дагаад буурдаг.

Жишээлбэл, Жолооч нэг шөнө унтаж амрахгүйгээр замын хөдөлгөөнд оролцоход урд шөнө нь спиртийн төрлийн зүйл хэрэглэсэн мэт оюуны чадамж буурч, хариу урвал үзүүлэх чадваргүй болдог байна.

Тэгвэл иргэд нойргүйдэл гэж юу болох мөн чанартай нойрыг хэрхэн авдаг талаар мэдэж байгаа эсэхийг зарим иргэдээс тодруулсан юм.

Нойроо сайн авч чадахгүй үе олон байдаг

Иргэн Г.Номин " Унтах гээд унтаж чадахгүй тохиолдол их байдаг. Олигтой нойр авч унтаж чадаагүй үед биеийн дархлаа унасан, ядруу, бие махбод нэлээн хөндүүртэй сэрдэг" гэлээ

Залуучууд нойрны чанартаа анхаарч ач холбогдол өгөх хэрэгтэй

Иргэн Д.Төмөрбаатар " Иргэд нойрондоо ач холбогдол өгч тогтмол цагт унтаж амарна гэдэг эрүүл мэнддээ хийж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт гэж боддог. Миний хувьд аливаа зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй чанартай нойр авахад анхаарахыг хичээдэг" хэмээлээ.

НЭМЭЛТ: Оройн 21.00 – 00:00 цагийн хооронд хүний биеэс хорт бодисыг гадагшлуулах процесс явагддаг. Мөн тунгалгийн системийн үйл ажиллагаа эрчимтэйгээр явагдаж, дархлааны систем сайжирдаг байна. Тэгвэл Оройн 23:00 –1.00 цагийн хооронд элэгний үйл ажиллагаа явагдаж, элэг үр дүнтэйгээр өөрөө өөрийгөө цэвэрлэж чадвар идэвхэждэг. Түүнчлэн тухайн үед эсийн өсөлт 8 дахин хурдан явагдсанаар арьсны эсийн нөхөн төлжих чадвар эрчимтэйгээр явагддаг аж. Тэгвэл 00.00 :3.00 цагийн хооронд Цөсний хоргүйжүүлэх үйл ажиллагаа явагддаг бол Шөнө 4:00 цагаас хойш Ясны чөмөг цусны улаан эсийг үйлдвэрлэдэг байна.

СОНСГОЛ: “Ноолуур“ хөтөлбөрт санхүүжилт авсан компаниудын зээлийн хүүгийн зөрүүнд улсын төсвөөс 7.3 тэрбум, хүүгийн алдангид 199 сая төгрөг төлсөн
СОНСГОЛ: “Ноолуур“ хөтөлбөрт санхүүжилт авсан компаниудын зээлийн хүүгийн зөрүүнд улсын төсвөөс 7.3 тэрбум, хүүгийн алдангид 199 сая төгрөг төлсөн
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.