Өглөөний 08.30 цаг. Улсын нэгдүгээр төв эмнэлэг хүмүүсийн цуваагаар тасрахгүй...
Хагалгаанд орох заалттай өвчтөнүүд хоёр давхарын Эрхтэн шилжүүлэн суулгах /ЭШС/ төвийн үүдийг сахиж сууна. Тус төв эрчимт эмчилгээний зургаахан ортой. Үүний гурав нь бөөрний хагалгаанаас гарч ирсэн өвчтөнүүдийнх, үлдсэн гурав нь элэгний мэс заслын дараах ор юм. Эрхтэн шилжүүлэн суулгуулах шаардлагатай 600 гаруй өвчтөн энэ зургаахан орыг сахиж, нэг сараас 2 хүртэлх жилээр дугаарлаж буй нь энэ. Энд эхлээд орны төлөө тэмцээд, дараа нь өвчнөө ялахын төлөөх тэмцэл өрнөж байна.
“ЗУРГААН орыг сахих 600 хүний хувь заяа ЦАГТАЙ уралдаж байна”
Улсын нэгдүгээр төв эмнэлэг хамгийн анх 2006 онд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж байжээ. Хүн амын дунд элэг, бөөр, нойр булчирхай, зүрх судасны өвчлөл эрчимтэй нэмэгдэж эмч, эмнэлгийн хэрэгцээ шаардлага тэр хэрээр нэхэгдэх болжээ. Улсын эмнэлгүүд хүчин чадлаа дийлэхээ байж, амь тэмцсэн өвчтөнүүдэд түрүүлж тусламж үзүүлэх байдлаар аваарын дохио шиг л ажиллаж байгаа нь энэ аж.
ЭХШ багийн ахлагч, доктор, профессор Д.БАЯН-ӨНДӨР "УНТЭ-ийг түшиглэж, ЭШС төвийг 2012 онд байгуулсан. Өнөөг хүртэл зургаан ортой үйл ажиллагаагаа явуулж байна. Яг одоогийн байдлаар бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэх шаардлагатай 1200 хүн хиймэл бөөр орлуулах эмчилгээ хийлгэж байна.
1200 хүний дийлэнх нь гемодиализын аппаратад орсон. Бөөр орлуулах эмчилгээний хамгийн үр дүнтэй нь бөөр шилжүүлэн суулгах мэс засал байдаг. Мэс засал ойрын хугацаанд хийлгэхээр төлөвлөгдсөн 16 хүн байгаа бөгөөд хүлээх жагсаалтад орчихсон амьгүй донороос бөөр хүлээж байгаа 483 өвчтөн цаана нь бий.
Гемодиализын аппаратанд орсон хүний нэг удаагийн эмчилгээний зардал бөөр шилжүүлэн суулгах мэс заслын зардалтай тэнцдэг. Бөөрний аппараттай 10 жил явснаас донортой бол нэг удаа хагалгаа хийлгээд л санхүүгийн дарамтаас гарах боломжтой болдогоороо давуу талтай. Мэдээж мэс заслын зардлын дийлэнх хувийг ЭМДС-аас хөнгөлдөг болсон. Дээр нь бид эмнэлгийн байрны асуудлаа шийдчихвэл сард хийгдэх хагалгааны тоо нэмэгдэж өвчтөнүүдийн дарааллыг бодитоор бууруулж чадах юм.
Харамсалтай нь өнөөгийн нөхцөлд бид сардаа 5-6 мэс засал төлөвлөж байна. Гурван ортой учраас түүндээ тааруулдаг гэсэн үг. Нэг өвчтөн хагалгааны дараа эрчимт эмчилгээнд 14 хоног хэвтдэг. Үүний араас дараагийн өвчтөн хүлээгддэг. Тэгэхээр сард хамгийн дээд тал нь зургаан орон дээр л өвчтөн хэвтүүлэх боломжтой. Зарим хүмүүс хагалгааны дараах хүндрэлээс шалтгаалж, 28 хоног хэвтэх тохиолдол ч бий. Энэ үед өвчтөний төлөвлөгөөт хагалгааг хойшлуулахаас өөр аргагүйд хүрдэг дээ" гэв.
“Хамгийн багадаа 30-40 ор байж, хүлээгдэлийн дугаарыг бууруулж, өвчтөнүүдээ аварч чадна”
ЭШС багийн зөвлөх, хүний гавьяат эмч, доктор, профессор Д.Нямсүрэн "Гол нь ЭШС төв бол өнөө маргаашийн нэн шаардлагатай асуудал болоод байна. Хамгийн багадаа 30-40 ортой, мэс заслын өрөөтэй байх шаардлагатай. Энэ төв баригдсанаар зөвхөн бөөрний хагалгаа гэлтгүй, элэг, үүдэл эс, ясны чөмөг шилжүүлэн суулгах, нойр булчирхай шилжүүлэн суулгах, магадгүй цаашлаад зүрх шилжүүлэн суулгах ажиллагаа ч явагдах боломжтой болно.
Өнөөдөр ЭШС мэс заслын эмч нар мэргэжилдээ хайртай учраас аргагүйн эрхэнд ажиллаж байна. Эмч ажилчдын орон тоог нэмэгдүүлж, цалин хангамжийг ч төрөөс анхаарах хэрэгтэй. 40 ортой эмнэлэгт багадаа 10 эмч байх ёстой. Түүнийг дагаад сувилагч, үйлчлэгч, инженер, техникийн ажилчид гээд цогц багийг бүрдүүлэх нь нэн чухал. Үгүй бол өнөөдрийн хүндхэн нөхцөлд хэдхэн эмч хамаг чадлаараа зүтгээд байхад л цаана нь олон ээжийн охин, аавын хүү болох ард түмний нэг хэсэг нь тусламж авч чадалгүй бурхан болж байгаа шүү дээ.
УНТЭ-ийн хоёр давхрын зүүн буланд анх ажилчдын өрөөний зориулалтаар тохижуулсан нэг өрөөг гурван тасалгаа гарган хуваажээ. Нэг талд гурван ортой элэгний мэс заслын дараах эрчимтийн өрөө, нөгөө хэсгийг бөөрний мэс заслын дараах өрөө болгож, дунд нь донор болох хүмүүсийг хэвтүүлэн эмчлэх хоёр ор дэлгэжээ.
“Тавхан алхмын зайд хоёр ертөнц шинэ амьдралтай золгон хэвтэнэ”
Уг нь элэгний хагалгаанд орсон хүмүүсийн өрөөг маш сайн тусгаарлаж халдвар хамгааллын өндөр дэглэмийг баримтлах ёстой ч бөөр болон элэгний хагалгаанд орсон хүмүүсийн хэвтэн эмчлүүлж байгаа өрөө хооронд ердөө тавхан алхмын зайтай. Агаарын сэлгэлт тааруу, өвтөнүүдийн хэвтэх талбай стандартаас хэд дахин бага байсан юм. Энэ асуудлаар бид ЭШСҮТ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Од-Эрдэнээс тодрууллаа.
“Энэ обьектыг анхнаасаа оффисын зориулалтаар тохижуулсан байсныг эрчимт эмчилгээний хэсэг болгож өөрчилсөн юм. Тиймээс агаарын солилцооны системээс авахуулаад стандартын шаардлага хангахгүй байгаа зүйлс багагүй бий. Элэгээ солиулсан хүмүүсийн эрчимт эмчилгээ хийлгэх дундаж хугацаа нь сар орчим байдаг бөгөөд бөөрний эрчимт эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс 10-14 хоног хэвтэн эмчлүүлдэг. Өвчтөнүүдийн эмчилгээ хийлгэх хугацаанаас хамаарч орны эргэлт янз бүр. Мэдээж хагалгаанд орохоор хүлээгдэж байгаа хүмүүс урт хугацааны дараалалтай байгаа” гэв.
Иргэн “Б” бөөрний дутагдал гэсэн оноштойгоор эмнэлгийн хяналтад орж, гурван сарын өмнө бөөр шилжүүлэн суулгах мэс заслын хуваарьт орж байжээ. Тэрбээр саяхан хагалгаагаа амжилттай хийлгэж, эрчимтийн тасагт байрлах гуравхан орны нэгд хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Тэрбээр хэлэхдээ "Би 34 настай. Бөөрний дутагдал гэсэн оноштойгоор хоёрдугаар сарын 27-нд хагалгаанд орсон. Эмч, сувилагч нарын чадвар маш сайн байна гэж харсан. Гол асуудал нь эмнэлгийн тоног төхөөрөмжийг сайжруулж, орны хүрэлцээгээ л нэмэгдүүлэх шаардлагатай гэж хэлмээр байна" гэв.
Эрчимт эмчилгээний тасаг дахь бөөрний хэсгийн гурван ор гурвуулаа хүнтэй. Хаалганы цаана хэн нь түрүүлж, энгийн тасаг руу шилжих бол гэж хүлээж, олон арван хүн сахиж сууна. Урсаад л өнгөрсөн цаг хугацааг буцааж хүсэхдээ бурхан залхтал гуйдаг юм билээ хэмээн харамсан ярих хүмүүсийн ганц найдвар эмнэлэг ажээ.
Хэвтэх ор л гарчихвал хагалгаагаа хийлгээд хамгийн сайнаар амьдарна гэж зорилго тээсэн залуучууд ч цөөнгүй харагдана. Бид ээлжээ хүлээж байгаа өвчтөнүүдийн төлөөлөлтэй уулзаж, хоромхон зуур ярилцсан юм.
-Та юуны мэс засалд орох гэж байгаа вэ?
-Бөөрний дутагдал гэсэн оноштой УНТЭ-т ирсэн. Эмнэлгээр яваад жил болж байгаа. Бөөрийг дүлий эрхтэн гэдэг учраас анхандаа өвдөлт мэдрэгдээгүй явсаар сүүлдээ нуруугаар хөшиж өвддөг болсон. Залуу хүн гэдэг утгаараа нэг их тоолгүй явж шинжилгээ ч өгдөггүй байсан. Тэгээд хүндрүүлчихсэндээ харамсдаг.
-Хэд хоногийн хүлээгдэлтэй байгаа вэ. Донороо олсон уу?
-Тиймээ. Манай эхнэр донор болж байгаа. Эхнэртэйгээ ханьлаад 10 гаруй жил болсон байна.
“Жилд 250 гаруй хүн бөөрний дутагдалд орж байна”
Д.Нямсүрэн ЭШС багийн зөвлөх, хүний гавьяат эмч, доктор, профессор "Хүмүүс нэг удаа эрхтэн шилжүүлэн суулгасны дараа насан туршдаа сайн байна гэж ойлгож болохгүй. Олон Улсын судалгаагаар цогцсын донор дээд хугацаа нь 12 жил амьдрах хугацаа өгдөг бол амьд донороос суулгасан бол цаад тал нь 20 жилийн настай. Ингээд 20 жилийн дараа дахин солиулах болдог.
Өнөөдөр Монгол Улс 3.4 сая хүнтэй. Жилдээ нэг сая орчим хүний дунд хамгийн багадаа 250 орчим хүнд бөөрний дутагдал илэрч байна. Гадаад улсын судалгаагаар АНУ-д жилд 750 мянган хүн бөөрний дутагдалд орж дэлхий даяар 12 гаруй сая хүнд тохиолдож байна.
Элэгний хувьд 1960-1990 оныг хүртэлх хугацаанд нэг шифризийг буцалгаад олон удаа хэрэглэдэг тариурыг өвчтөнүүдэд ашиглаж мэс ажилбар хийж ирсэн. Энэ нь элэгний B, C, D вирусүүд дамжин халдварлах шалтгаан болсон нь хожим Монголчуудын дунд тэргүүлэх өвчлөл болж хувирсан байдаг. Харин сүүлийн 10 гаруй жил эмчилгээний шинэ бүтээгдэхүүн, технологи нэвтэрснээр халдварын тохиолдол буурч эхлээд байна.
“ДОНОРГҮЙ бол 10 сар ч тэсэхэд ХҮНД”
Д.Чулуунбаатар УНТЭ-ийн мэдээгүйжүүлэг, хагалгааны нэгдсэн тасгийн зөвлөх эмч "Элэг шилжүүлэн суулгах мэс засалд ороод гарч ирсэн хүнийг эмчлүүлэх хугацаанаас нь өмнө буюу 7 хоног байлгаад дотрын тасаг руу аргаа барахдаа шилжүүлж байгаа. Ингэж дараагийн өвчтөнөө авч, яаралтай тусламж үзүүлдэг. Эрчимт эмчилгээний тасгаас энгийн тасаг руу хүнд хүн зөөхөд эрсдэл гарахыг ч үгүйсгэхгүй. Учир нь дархлаа дарангуйлах эм ууж байгаа өвчтөнүүд ердийн тасагт очиход хүндрэлтэй. Уг нь эрчимт эмчилгээний тусгай тоноглогдсон өрөөнд тухайн өвчтөн байх ёстой юм. Орны хүрэлцээгүй байдлаас болж аргагүйн эрхэнд ийм арга хэмжээ авч байна.
Элэг бөөрнөөс илүү хурдан хугацаанд хүндэрдэг эрхтэн. Хэрвээ элэгний хатуурал, хавдраар өвдсөн бол эмийн эмчилгээнд удаан тэсдэггүй. Харин бөөрний архаг дутагдалд орсон хүн бол эмийн эмчилгээгээр хагалгааны бус аргаар тодорхой хугацаанд амьдралыг үргэлжлүүлэх боломжтой. Гемодиализтай хүнийг долоо хоногт 2-3 удаа цусыг нь шүүгээд яваад байх боломжтой. Донор олдохгүйгээс болоод Гемодиализын аппарат 10 жил зүүж байгаа өвчтөн ч бий. Гэтэл элэгний хавдар, хатууралтай хүн 10 сар ч хүлээх боломжгүй хүндэрдэг аюултай
“Одоо амьдарчих юмсан гэсэн ганц итгэл тээж ор гарахыг л хүлээж байна”
Элэгний өвчтэй гэдгээ 2018 онд анх шинжилгээ өгч мэдсэн иргэн “Ш”-д тулгарсан асуудлыг тодруулахад тэрбээр “Би 5 жилийн өмнө байгууллагын багцийн шинжилгээгээр өөрийгөө элэгний өвчтэй гэдгээ мэдсэн. Өнөөдрийг хүртэл миний бие эрчимтэй муудсан. Улмаар 2022 оны есдүгээр сард элэг шилжүүлэн суулгах мэс заслын хүлээгдэх дугаарт бүртгүүлсэн байдаг.
Миний хагалгаанд орох хуваарь энэ оны сүүл үе болох 10-11 сард боловч тэр хугацааг хүлээж тэсэлгүй өвчин хүндэрч сард хоёр удаа эмнэлэгт хэвтэж, торгоох эмчилгээ хийлгээд гардаг болсон. Хүлээгдэх дугаарт бүртгүүлснээс хойш орон нутаг дахь гэр рүүгээ харьж чадаагүй эмнэлгийн үүд сахиад л явж байна.
Элэгний хүнд өвчтэй хүмүүсийг хамгийн их зовоодог зүйл бол өөрт таарах донор олох асуудал. Дараа нь эмнэлгийн орны хүлээгдэл. Үндсэндээ энэ хоёр асуудал над шиг өвчтэй хүмүүст амь тэмцэж байгаа гол бэрхшээл шүү дээ. Би донороо өнгөрсөн оны 3 сараас хойш хайж есдүгээр сард олсон. Харин одоо амьдарчих юмсан гэсэн ганц итгэл тээж ор гарахыг л хүлээж байна. Амь тэмцсэн үед дуслын шингэн ч удаан дусалж байгаа мэт санагддаг даа.
Өөр дээрээ жишээ авахад хамгийн түрүүнд ажил хийх чадамжгүй болж байна. Түүнийг дагаад санхүүгийн хүндрэлд шууд ордог. Элэгний эм маш өндөр үнэтэй. Миний хувьд тариагаа 1-2 хоног таслахад эргээд хүндэрчихдэг. Тиймээс санхүү, бие, сэтгэл санааны байдал гээд нэг дор бүхэл бүтэн амьдралаараа дэнжин тавьж байгаа. Ийм бэрхшээлийг даван туулж байгаа олон өвчтөнүүд бий. Олон хүн эмнэлгийн ор гарахыг хүлээсээр байгаад тэсэлгүй нас барж байгаа тохиолдол олон байгаад харамсаж бас айдас төрдөг дөө” хэмээлээ.
Д.Чулуунбаатар УНТЭ-ийн мэдээгүйжүүлэг, хагалгааны нэгдсэн тасгийн зөвлөх эмч "Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг бид 7 хоногт нэг удаа хийж байна. Жилдээ 44 хүнд л мэс засал хийх боломжтой гэсэн үг. Гэтэл цаана нь олон зуун хүн хоног тоолон хүлээдэг. Үүнээс гадна донорт бэлтгэгдэж байгаа хүмүүс 30-40 төрлийн шинжилгээ өгдөг. Өвчтөн арай хийж донортойгоо тохиролцоод явж байтал донорт гэнэтийн зүйлс тохиолдох их бий. Үүнээс болж доноргүй болж байгаа харамсмаар асуудлууд хүмүүсийн дунд байдаг.
УНТЭ-ийн хувьд нэг давуу тал нь Эрхтэн шилжүүлэн суулгах төв барих газартай. Эмнэлгийн эзэмшлийн нэг орчим га газар дээр тус төвийг барихаар төлөвлөсөн бөгөөд 1800 ам метр талбайд 8-10 давхар, ариутггал, угаалга, тоног төхөөрөмжийн хэсэг бүхий зоорийн хоёр давхартай байхаар төлөвлөсөн байна.
Барилгын төсөвт өртөг 140 орчим тэрбум төгрөг. Салбарын үе үеийн сайд нар газар дээр нь ирж танилцдаг хэдий ч асуудал шийдэгдэлгүй явсаар 10 гаруй жил болжээ. ЭШС Үндэсний төвийн баг ганцхан эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслаас гадна эмнэлгийн бусад төрлийн мэс заслыг ч хамтран гүйцэтгэж байна.
Мөн тус төвийн бөөр шилжүүлэн суулгах үндэсний баг 22 хүнтэй. Өдөрт хоёр ч хагалгаа хийх боломжтой бол элэгний баг ч залуу үеэ хангалттай бэлтгэж байгаа ажээ.
Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг үг эмнэлгийн салбарт бодитоор тулгарч олон зуун хүн ээлжээ хүлээж, тэсэлгүй зарим нь харуусал тээсээр хорвоог орхиж байна. Харуулдсаар одсон хүн чулууны тоо дахин бүү нэмэгдээсэй билээ...
Б.Мягмарсүрэн