Урсгал сөрж, 12 настай хоёр хүүхэд гэмтээн, долоон автомашин мөргөсөн шүүгчдэгч Ч.Маралмаад холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон бөгөөд шүүхээс Ч.Маралмаагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасах, хоёр жил зорчих эрхийг хязгаарласан шийдвэрийг гаргасан нь олны шүүмжлэлийг дагуулаад буй.
Тэгвэл дээрх шийдвэртэй холбогдуулан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дараах тоймыг гаргаад байна. Тодруулбал "Тээврийн прокурорын газраас Ч.Маралмааг Эрүүгийн хуульд заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчин их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хүлээн авч, 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн Ч.Маралмааг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчин их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан “хорихоос өөр төрлийн ял оногдуулах” тухай хүсэлт зэргийг харгалзан түүнд 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, мөн хугацаанд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1.770.000 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгох, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар нь цаашид гарах хохирлыг жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуульд заасны дагуу дээрх гэмт хэрэг үйлдсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүнд 1 жилээс 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх авахыг хязгаарлаж хасах нэмэгдэл ял оногдуулж, 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах бөгөөд ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солино" гэжээ.