“Тавантолгой транс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Дагвадоржид холбогдох хэргийг шийдвэрлэж дуустал түүнийг нэр бүхий бусад яллагдагч нартай уулзахыг хориглох шийдвэрийг шүүхээс гаргасан. Тодруулбал,
“Тавантолгой Транс” ХХК-ийн санхүү эрхэлсэн дэд захирал байсан Д.Эрдэнэбаяр,
Хангамжийн менежерээр ажиллаж байсан П.Мөнхчулуун,
Ерөнхий ня-бо-гоор ажиллаж байсан Ө.Мөнхтайван,
Ашиглалтын инженерээр ажиллаж байсан З.Эрдэнэбаяр нартай уулзахыг хоригложээ.
Яллагдагч Д.Эрдэнэбаяр, Ө.Мөнхтайван, П.Мөнхчулуун, З.Эрдэнэбаяр нарыг хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтан болон удирдлагаас өгсөн шийдвэрийг хууль бус болохыг мэдсээр байж итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж улсад 11,405,595,413 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан /Хөрөнгө завших/ гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлэн явагдаж байна.
Сануулахад, Д.Дагвадоржийг 2013-2017 оны хооронд 4.1 сая тонн нүүрс худалдаж, худалдан авах 4 удаагийн гэрээг “Тавантолгой” ХК-тай байгуулж үүнээс 1,823,965,62. тонн нүүрсийг худалдан авч, Монгол Улсын хилээр 2,185,795,47 тонн нүүрсийг экспортолсон. Зөрүү 361,498,33 тонн нүүрсийг хууль бусаар хяналтгүй 373 тээврийн хэрэгслээр 1,264 удаагийн давтамжтайгаар экспортод гаргаж нууцаар хууль бусаар нүүрс хулгайлж улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутган шалгаж байгаа аж. Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.