2005 онд “Шөнө амталсан нулимс” нэртэйгээр тоглогдож байсан Ц.Балдорж гуайн зохиолыг Мөрөөдлийн театрын хамт олон “Шөнө буусан аадар” буюу зохиолын анхны нэрээр дахин тайзнаа амилуулж байна. “Шөнө амталсан нулимс” жүжигт МУГЖ У.Уранчимэг жүжигчний бүтээж байсан дүрд жүжигчин Л.Сөрөлт Чингүүний дүрээр ажиллаж байгаа юм. Тэгвэл МУСТА, жүжигчин Л.Сөрөлтөөс дүрийн онцлог хийгээд жүжгийн талаар тодрууллаа.
-Дүрийнхээ талаар үзэгчдэд сонирхуулаач?
-Ц.Балдорж гуайн зохиолоор миний дүр эмэгтэй дүр байсан. Өмнө нь Урнаа /У.Уранчимэг/ эгч тоглож байлаа. Бага охин Аялууны дүр л дээ. Мэдээж амар хялбар гаргачих дүр гэж байхгүй шүү дээ. Өөртөө хэр ойртуулах вэ гэж ажиллах л чухал. Одоо орчин үед хорин хэдтэй залуучууд дөч гарсан насны хүнтэй уулзаж учрах нэг их сонин байхаа ч больчихсон.
Тухайн үеийн тэр дүрийг өнөөдөр ямар байх байсан бэ гэдэг талаас нь өөрчлөөд субыт болгочихож байгаа юм. Нээлтийн тоглолт үзсэн хүмүүстэй ганц нэг засвар ярилцлаа. Ерөнхийдөө гайгүй шүү гэсэн дүгнэлтэд хүрсэн.
-Таны охин С.Энхлэн энэхүү жүжигт тоглож байгаа шүү дээ. Охинтойгоо нэгэн тайзан дээр хамт гарахад ямар мэдрэмж төрж байна?
-Охин минь өөрөө жүжигт их дуртай юм билээ. Би нэг тайзан дээр гарчихмаар байна гээд л байсан энэ удаад боломж олдлоо. Охины маань дүр энэ жүжигт хэрэгтэй болоод л гарч ирсэн нь ойлгомжтой. Гэхдээ би охиноо хэтэрхий эрт тайзны урлагт дурлуулж болохгүй байх гэж бодож байгаа. Охины маань нас ч балчир байна. Зөвхөн жүжигчин болно гээд бодчихвол яах юм бэ.
-Жүжгийн постерт жүжигчин Ц.Алдармаа байсан шүү дээ. Гэтэл жүжгийн аль хэсэгт тоглох вэ?
-Нэг ёсондоо блюрдчихож л байгаа юм л даа. Нэг дүрд хоёр жүжигчин ажилладаг. Ц.Алдармаагийн хувьд гэрийн үйлчлэгч Оюуны дүрд тоглох юм. Тэр өдрийнхөө тоглолтод хоёр жүжигчинийхээ хэнийг тоглуулахаа найруулагч өөрөө шийднэ. Дараагийн тоглолтуудад тоглоод явах байх.
-Хэсэг хором зав гарган ярилцсанд баярлалаа.
Э.Ариунтуяа