Маргааш буюу гуравдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож байгаа 1 сая гаруй тээврийн хэрэгсэлд RFID чип буюу техникийн хяналтын цахим гэрчилгээг суурилуулахаар болсон. Тэгвэл энэ талаар Нийслэлийн мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзоригоос тодрууллаа.
-RFID чипний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу. Мөн онцлог, давуу талыг нь нэрлэвэл?
-Бидний зүгээс нийслэлийн түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээ аван ажилаж байна. Нэг томоохон ажил нь зам тээврийн нэгдсэн системийн тогтолцоо буюу олон улсын нэршлээр зам тээврийн ухаалаг системийг нэвтрүүлэх үйл ажиллагаа бөгөөд сүүлийн хоёр жилийн хугацаанд судлан явуулж байна.
Үүний нэг чухал ажил нь техникийн хяналтын цахим гэрчилгээг машин бүрд суулгах ажил юм. Уг ажил нь 2022 оноос эхэлсэн. Та бүхний мэдэж байгаагаар нийслэлийн төв уулзвар, гарцууд дээр орчин үеийн ухаалаг камерын системийг байршуулан, RFID уншигч төхөөрөмжүүдийг нийслэлийн 138 уулзвар мөн бусад 161 цэгт суурьшуулсан. Энэхүү цахим гэрчилгээ гуравдугаар сарын 01-нээс машин бүрд суурилагдсанаар дэд бүтэц бүрэн ажиллаж эхэлнэ.
Уг гэрчилгээг дэлхийн улс орнууд ашиглаад 20 гаруй жил болсон байна. БНХАУ, ОХУ, Сингапур зэрэг улс нь үүнтэй адил зарчмаар түгжрэлээ бууруулан, зорчих хөдөлгөөндөө менежмент хийдэг олон улсын жишиг туршлага болсон технологи юм. Үүнийг ашигласнаараа иргэдэд дараах давуу тал, боломжийг олгоно.
- Нэгдүгээрт, иргэд өөрийн гар утсан дахь Smartcar, E-Mongolia зэрэг аппликейшнүүдийг ашиглан замын хөдөлгөөний нөхцөл байдлын мэдээллийг авдаг болно.
- Хоёрдугаарт, зорчих хөдөлгөөнд оролцохдоо сонголттойгоор зорчих боломжтой болно. Нийтийн тээврийн чиглэл, маршрутыг зааж, хаана явж байгааг, хэдэн цагт ирэхийг, ямар автобусд сууж болох, хэдэн минутын дараа ирэх зэрэг мэдээллийг авах боломжтой.
- Гуравдугаарт, шинээр хаагдсан болон түр хаасан замуудын мэдээллэл нөхцөл байдлын бүхий л мэдээллүүдийг иргэдэд өгнө гэсэн үг.
Яагаад энэ байдалд шилжиж байна вэ гэхээр замын нэгдсэн системийн тогтолцоо буюу төрийн байгууллагууд хоорондоо мэдээллээ солилцож, боловсруулаад жолооч нарын гарт олгож байгаа хэрэг юм. Тиймээс иргэд өглөө гарахдаа замын нөхцөл байдлын мэдээллийг бүх талаас нь авах мөн зорчих хөдөлгөөнд оролцохдоо ямар тээврийн хэрэгслээр явах сонголтоо хийх бүрэн бололцоотой болно.
Энэ ажлын хүрээнд нийтийн тээврийн системийг шинэчлэх үйл ажиллагааг явуулж эхэлсэн. Зорчихдоо өөрт байгаа дурын аппликейшнээрээ QR код уншуулах зэрэг бүх төрлийн төлбөрийн хэрэгслийг ашиглан зорчих боломжийг бий болгохоор ажиллаж байна.
-Өмнө нь туршилтаар 1000 гаруй автомашинд чип суурилуулсан шүү дээ. Үүний үр дүн ямар байв?
-Уг үйл ажиллагаа нь 2021 оноос хойш дэд бүтцийг байрлуулж, шат дараатайгаар хэрэгжүүлэн бий болгосон. Үүний хүрээнд Улаанбаатар хотод 200 гаруй нийтийн тээврийн хэрэгсэл, төрийн өмчит 1000 гаруй тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээг суулган, туршиж өдөр бүр тайланг нь авч ажилласан. Мэдээж эхний ажил учраас тодорхой хэмжээгээр сайжруулалт хийгдээд явж байна. Одоогийн байдлаар системийн дэд бүтэц бүрэн бэлэн болсон.
-Үлдсэн машинуудад хэдий хугацаанд RFID чипийг суурилуулж дуусах вэ?
-Маргааш буюу гуравдугаар сарын 01-ээс эхлээд төрийн өмчийн машинуудад, цаашлаад нийтийн тээврүүдэд суулгана. Мөн хувийн тээврийн хэрэгслүүдэд суурилуулна. Суурилуулах хугацааг гуравдугаар сарын 01-нээс зургаадугаар сарын 01 хүртэлх гурван сарын хугацаанд хийж дуусгахаар төлөвлөөд байна.
-Автомашинд үнэгүй суурилуулна гэсэн мэдээлэл байна. Төсвийн хувьд мэдээлэл өгвөл?
-Төсвийг албан журам даатгагчдын холбооноос санхүүжүүлж байгаа юм. Уг даатгалаас тодорхой хэмжээний санг бүрдүүлдэг ба үүнийг жолооч нарт зарцуулах үүрэгтэй байдаг. Эл сангаас 13 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт авч, эхний удаад бүх автомашинд үнэгүй цахим гэрчилгээг олгоно.
-Цахим гэрчилгээний ашиглалтын хугацааны хэр вэ?
-Хугацааны хувьд life-time буюу нэг удаа суулгачихсан байхад ямар нэгэн механик гэмтэлгүй тохиолдолд тухайн автомашинтай хамт бүрэн ажиллагаатай байх юм.
-Олон нийтийн зүгээс энэхүү чипийг байршил тогтоох, тагнуулын үйл ажиллагаа явуулах зорилгоор ашиглаж байна гэсэн хардлагатай байна. Үүнд тодорхой мэдээлэл өгөх нь зүйтэй байх?
-Нэгдүгээрт, Тухайн хүний бие дээр ямар нэгэн мэдээлэл дамжуулалт суулгахгүй.
Хоёрдугаарт, Уншигч төхөөрөмж маань зөвхөн зам болон төв уулзварууд дээр уншина.
Гуравдугаарт, Иргэдийн аюулгүй байдлыг хамгаалахаар олон улсын мэргэжлийн байгууллагуудын хяналт дор хийгдэж буй. Уг асуудлаар Ерөнхий сайд, Хотын дарга нар өнгөрсөн зургаадугаар сард Сингапур улс руу айлчлал хийсэн. Тиймээс иргэд маань хувийн мэдээлэл алдагдахаас айх зүйлгүй.
Бид цахим шилжилт хийхийн тулд Засгийн газрын хурлаар дөрвөн хуулийг батлуулсан. Мэдээлэл хадгалах, нууцын тухай хууль мөн бусад хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулна. Бусад зорчих хөдөлгөөнтэй холбоотой асуудлуудыг үндэсний хорооноос хууль боловсруулан шийдэхээр болсон. Уг чип нь ямар нэгэн дуу, дүрс дамжуулахгүй тул тагнаж чагнах боломжгүй.
-Цахим гэрчилгээг бүх төрлийн автомашинд суурилуулах уу?
-Бид мэдээллийн зөрүү үүсгэхгүйн тулд бүх машиныг шинэчилж бүртгэнэ. Хоёр адил дугаартай машин зорчих, торгуул нь эзэндээ очихгүй байна гэсэн асуудлыг цэгцэлснээр мэдээллийн сан шинэчлэгдэх давуу тал үүсч байгаа юм.
-Импортоор орж ирж буй автомашинуудад чипийг хэрхэн суулгах вэ?
-Гуравдугаар сарын 01-нээс хойш орж ирсэн автомашинуудад төлбөртэй суулгах журам ажлын хэсэг дээр төлөвлөгдсөн.
-Ярилцсанд баярлалаа.